Wednesday, November 18, 2009

Шарын шашин дэлгэрүүлсэн нь/11.17-ын түүхийн хичээлдээ суугаагүй хүүхдүүдэд/




Шашин бол феодалын байгууллын оршин тогтнохын хамгийн нийтлэг нийлбэр, хамгийн нийтлэг санкц нь байсан бөгөөд шашны энэ чанар нь Монголын феодализмд онцгой хүчтэй үйлчилснийг тэмдэглэх хэрэгтэй.

Монголын феодализмд шашин сүм хийдийн үүрэг ямар байсан түүхийг бид үзэхдээ түүнийг гурван үндсэн үед багцаалан хувааж болмоор байна. Нэгдүгээр үе нь: Монголын байлдан дагуулал ба Их гүрний үе, энэ үеийн нэгдүгээр шат нь байлдан дагуулах хэрэгт тухайн орны шашны эрх баригчдын нөлөөг ашигласан, хоёрдугаар шат нь нэгэнт байлдан авсан газар оронд ноёрхлоо мөнхжүүлэхийн тулд хүрээ хийд лам нарыг өргөн тэтгэх, төр шашин хэмээх хоёр ёсыг хослон хөгжүүлэх аргыг хэрэглэсэн.
Хоёрдугаар үе нь: Их гүрэн мөхсөний дараа Монголын феодалууд шарын шашныг албат харьяат нарынхаа дунд санаачлан дэлгэрүүлж монголчууд шарын шашинд нэлэнхүйгээрээ орсон үе. Энэ үеийн нэгдүгээр шат нь шарын шашин бөөгийн мөргөлийг бүрмөсөн шахан зайлуулж түүний орыг эзэлсэн ба хоёрдугаар шат нь Монголын хаант улсуудад монгол ёсны шашны төв буй болсон үе юм. Энэ удаагийн шашны дэлгэрэлт нь Монголын феодалын хөгжлийн шинэ үетэй тохиолдож, хоёр ёсон жинхэнэ Монголын нийгмийн харилцаанд үйлчлэх болсон юм.
Гуравдугаар үе: Монгол орон харийн булаан эзлэгчдийн эрхэнд орж тусгаар тогтнолоо алдсан ба Монголын феодалуудын эрх мэдэл их хязгаарлагдмал байдалтай болсон цаг байлаа. Тэр үед хүрээ хийд, шашны дээд толгой лам нар нь Манжийн байлдан дагуулагчдын эрх ашигт тууштай үйлчилж байсан юм. Хоёрдугаар шат нь XIX зууны хоёрдугаар хагасаас үндсэндээ эхэлсэн бөгөөд шашны том лам нар хутагт хувилгаад, хүрээ хийд чухамхүү тэр үед мал сүргийн том эзэд болж, улс төр, нийгэм, эдийн засгийн амьдралд тэдгээрийн гүйцэтгэх үүрэг нь маш их нэмэгдэж, лам нарын тоо эрэгтэйчүүдийн бараг 40 хувийг хамарч, Монголын нийгэм аажимдаа теократ шинжийг олсон юм.
XVI зууны хоёрдугаар хагаст Монголын аж амьдралд гарсан чухал том үйл хэрэг бол Монголд шарын шашин дэлгэрсэн явдал байлаа.
Феодалын харилцаа цаашид хөгжсөнөөр Монголын феодалууд эрт баларын бөө мөргөлийг тэдний эрх ашигт илүү сайн үйлчлэх шинэ шашнаар халж өөрчлөхийг сонирхох болсон ажээ.
Их гүрний үед бурхны шашин Монголын ноёрхогч ангийн дунд бага сага нэвтэрч, Монголын феодалууд шашныг өөрсдийн улс төрийн зорилгод ашиглаж байсан боловч, тэр үед нүүдэлчид бөө мөргөлөө орхиж бүгдээрээ бурхны шашинтай болсон зүйлгүй.
 Бурхны шашны хоёрдугаар дэлгэрэлт буюу тухайлбал, түүний нэгэн салбар шарын шашны дэлгэрэлт нь Их гүрэн унаж Монголд феодалын бутрал эхэлсэн үед тохиолдсон юм. Тэр үед бурхны шашин зөвхөн дээрхийн адил ноёрхогч ангийн дотор нэвтэрсэн төлийгүй малчин ардын дотор нэвтрэн орж, тэдний оюун ухааныг эзэмдэн авчээ.
XVI зууны эцсээр Монголын феодалууд шарын шашинд орж түүнийг дэлгэрүүлж байхдаа XIII зууны үе шигээ хүчирхэг байлдан дагуулагчид байж хүсэл зоригоо шашны лам нарт тулган хүлээлгэж хараахан чадахгүй болсон цаг байжээ. Харин эзэлсэн газар орноосоо хөөгдөж, тал нутагтаа ирээд эдийн засаг, улс төрийн талаар сулран доройтсон, хоорондоо хямралдан байлдаж байсан жижиг хаад байжээ. XVI зууны хоёрдугаар хагасаас эхлэн Монголын феодалууд дор бүрнээ эзэмшил нутагтаа шарын шашин дэлгэрүүлэхийг идэвхийлэн оролдсон нь дан сүсэг бишрэлээр хөтлөгдсөн биш харин шарын шашны нөлөөг ашиглах зорилтыг тавьж байснаас голлон шалтгаалжээ. Шарын шашныг дэлгэрүүлэх нь феодалын тасралтгүй дайн дажинд зүдэрснээс сэтгэл санаа алдагдсан ард олны уур хилэнг номхруулах, нөгөөтэйгүүр бие биеийн дээр гарах гэсэн феодалууд шашны зүгээс тусламж авах хэрэгтэй байсантай холбогдолтой. Энэ талаар Монголын хаад, ноёд нь Ромын пап ламын тусламж дэмжлэгийг өөрсдийн улс төрийн зорилгод олохыг хичээж байсан Европын хаадаас онц ялгаварлагдахгүй юм.
Монголын феодалууд дотроос Юан улсын дараа шарын шашныг эрхшээл нөлөөгөө бататган дээшлүүлэх зорилгоор дэлгэрүүлсэн анхны хүн нь Алтан хан болно. 1577 онд Алтан хан Түвэдээс лам Содномжамцыг (1542-1588) хүндэтгэн залж, Монголд ирүүлээд өөрөө тэргүүлэн Ордосын бусад феодалыг шашинд оруулсан байна. Монголын феодалуудын дотроос хамгийн хүчирхэг нөлөөтэй байсан Алтан хан шарын шашны тусламжтайгаар Монголыг эрхэндээ оруулж нэгтгэн захирах бодлогыг тавьж байсан нь эргэлзэх газаргүй. Энэ нь Алтан хан, Содномжамц лам хоёр өөрсдийн биеийг Хубилай ба Пагва ламын шашин төрийг хослон хөгжүүлсэн хэргийг цаашид үргэлжлүүлэгчид гэж үзэж байснаас тодорхой. Бөө мөргөлийг орхин, шарын шашныг хүлээн авахтай холбогдуулан хийсэн их ёслол дээр Алтан хан Содномжамцыг бүх шарын шашны толгойлогч гэж өргөмжилж түүнд «Далай лам» гэдэг цолыг өргөсөн ба Содномжамц Алтан ханд Хубилай хааны бүх цолыг зүүхийг зөвшөөрсөн ажээ. Саган сэцэн «Эрдэнийн товч»-доо Алтан хан шарын шашинд орж Ордос нутагт Содномжамцыг урин ирүүлж их ёслол хийсэн тухай дэлгэрэнгүй өгүүлсэн байна. Энэ ёслол дээр Алтан хан, Содномжамц хоёр эртний хубилай хаан, Пагва лам нарын үед төр шашныг хослон хөгжүүлж байсан нь Тогоонтөмөр хааны үед суларч зогссон гэж тэмдэглээд дахин шашныг хүчтэй дэлгэрүүлэхээр албан ёсоор харилцан хэлэлцэн тохирчээ. Тэгээд Алтан хан, Далай лам хоёр энэ тухай тусгай хууль гаргах болж, Ордосын нөлөө бүхий том ноён Сэцэн хунтайжид шашны цааз хууль боловсруулан зохиохыг даалгасан байна. Сэцэн хун тайж бол алдарт түүхч Саган сэцэний элэнц өвөг бөгөөд Алтан ханы хамт Монголд шарын шашныг идэвхитэй дэлгэрүүлж байжээ. Хутагтай сэцэн хунтайж бол тэр үедээ

Эх сурвалж: Монгол улсын шинжлэх ухааны академи түүхийн хүрээлэн
“Монгол улсын түүх” гутгаар боть



No comments:

Post a Comment