Орон зайн буюу “Цицероны” арга
Эртний Грек, Ромын уран илтгэгч нар гайхамшигт ойтой байсан тухай та нар мэдэх үү? Тэд иргэд, сенатыг ятгаж, өөртөө татахын тулд цаас харалгүй, цээжээрээ бодол санаагаа эмх цэгц, тодорхой дэс дараалалтай илтгэж сурах шаардлага гардаг нь ойлгомжтой шүү дээ. Тийм ч учраас бусдыг итгүүлэхийн тулд их хэмжээний тоо, баримтыг хольж хутгахгүйгээр цээжлэн ярьдаг байв.
Тэд яаж ингэж чаддаг байв аа?
Орон зайн буюу “Цицероны” (Ромын өрөөний, байршлын, Loci гэх мэт олон нэртэй) аргаар цээжилдэг байжээ. Энэ аргыг дараах жишээн дээр авч үзье. Та илтгэл тавих болжээ. Ингэхийн тулд материалуудаа цуглуулаад, төлөвлөгөө хийх нь ойлгомжтой. Жишээ нь “Хүний оюуны чадавхийн хөгжлийн тухай” гэдэг сэдвээр илтгэл тавих гэж байна гэж бодъё.
Төлөвлөгөөгөө дараах байдлаар гаргая.
1. Хүний үүсэл буюу анхны хүний оюун ухааны түвшин.
2. Эртний иргэншлүүдийн үеийн хүний оюун ухааны хөгжлийн байдал.
3. Дундад зууны хүний оюуны байдал буюу хэрэгцээ.
4. 19 зуун, 20 зууны эхэн үеийн хүний оюуны байдал.
5. Мэдээллийн эрин үед хүний оюун ухаанд тавигдах шаардлага.
Эдгээр бүлгүүдийн агуулгыг илтгэж чадах тулгуур дүрс сонгоё.
1. Чулуун зэвсгийн үеийн хүн.
2. Эртний Ромын хүний баримал.
3. Дундад зууны үеийн хүний хөрөг зураг.
4. 20 зууны эхэн үеийн хувцастай хүний баримал.
5. Орчин үеийн хүний зураг.
Дээрхи дүрсүүдээ маш сайн төсөөлөнө. Тэгээд өөрийнхөө гэр эсвэл сайн мэддэг газрынхаа байрлал нь өөрчлөгддөггүй 5 эд зүйлийг сонгоод мөн төсөөлнө. Эцэст нь дүрсүүдээ нэг нэгээр нь эд зүйл тус бүрт ямар нэгэн байдлаар (дүрс буюу эдийг санаандаа хооронд нь нааж, хадаж г.м) холбож өгнө. Дараа нь илтгэл тавихдаа эд зүйлсээ эхнээс нь авахуулаад санаандаа харахад түүнтэй холбоотой дүрсүүд шууд санагддаг. Энэ мэтээр их хэмжээний баримтыг санаж болно. Та зүгээр туршаад л үзээрэй.
Дэд дүрсүүд ялгах арга
Энэ аргыг дээрхи жишээг үргэлжлүүлэх байдлаар авч үзье. Бидний тавьж байгаа илтгэлийн хэсэг бүр мэдээж дотроо задарч, янз бүрийн баримт, нэмэлт мэдээ агуулдаг. Тийм учраас илтгэлийн маань эхний хэсэг “Хүний үүсэл буюу анхны хүний оюун ухааны төвшин” гэсэн гарчигтай бөгөөд түүнийг “Чулуун зэвсгийн үеийн хүн”-ээр төлөөлүүлсэн билээ. Одоо энэ бүлэгтэй холбоотой баримтууд цээжлэнэ гэж бодьё. Хүн мичнээс үүсч хөдөлмөрийн ачаар хүн болсон гэдэг онол байдаг. Уг онол хоёр бүрэлдэхүүн хэсэгтэй учраас тэр хоёрыг тус бүрд нь нэг нэг дүрс болгоно. Энэ нь мич буюу хөдөлмөрийг илэрхийлсэн хөдөлмөрийн багаж сүх байг. Тэгвэл эдгээр нь чулуун зэвсгийн хүнтэй холбоотой учраас түүний толгой, гар хоёрыг ялгаад мичийг толгой дээр нь суулган, гарт нь сүх бариулчихья. Ингээд хамтад нь нэг төсөөлчихөөд нийлэмж маань бэхжин дараа нь сайн санагдана. Ярихдаа уг хүнийхээ толгойноос эхлэн нийлэмжүүдийг дүрслэн харна.
Чөлөөт нийлэмжийн, буцах, дүрсийг хувиргах арга гэх мэтийн дээрхиэс өөр аргуудыг бас өргөн хэрэглэдэг. Эдгээр нь бүгд тогтоолтыг хялбарчлахад чиглэгдсэн бөгөөд янз бүрийн мэдээллийг тогтооход ашиглагддаг ажээ.
Tuesday, October 13, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment