Монгол улсын улс төр, нийгэм, эдийн засгийн хөгжлийн ойрын ирээдүйн асуудал бүх нийтийн, үүний дотор сэхээтний давхаргын анхаарлыг онцгой татаж байна. Энэ бол “ XXI зууны Монгол, ямар Монгол байх вэ? Одоогийнх шигээ ажилгүйдэл, ядууралд нэрвэгдсэн буурай хөгжилтэй гуйлгачин орон байх уу? Аль эсвэл цаг үеэ олж дэлхийн нийгэмлэгтэй хөл нийлүүлэн хөгжиж, даяаршлын эрний үлгэр дууриалал болсон тэргүүний хөгжилтэй жижиг орон байх уу?” гэх зэрэг өргөн хүрээтэй олон олон асуудлыг хөндөж байгаад оршино. Юуны түрүүнд эдийн засгийн хөгжил, түүний хүчин зүйлийг авч үзэх хэрэгтэй. Мөн дэлхийн хөгжилтэй улс орнуудын жишигтэй харьцуулах нь зүйтэй юм.
Улс орны хөгжлийн ирээдүйтэй холбогдох асуудлыг авч үзэхийн тулд ер нь эдийн засгийн хөгжил гэж юу вэ? түүний хэмжүүр, шалгуур нь юу юм бэ? гэсэн асуулт тавьж хариултыг нь олохыг эрмэлзье. Эдийн засгийн хөгжлийн түвшин хэрэглэгээгээр хэмжигддэггүй, харин хүний бүтээх чадвар, мэдлэг өөрөөр хэлбэл хүний өөрийнх нь хөгжлөөр хэмжигдэнэ.
Манай улсын хувьд бага зардлаар цаг хожиж, малын үүлдэр угсааг сайжруулах, үржил шимийг дээшлүүлэхэд биотехнологи чухал хурдасгуур болж өгөх нь ойлгомжтой. Малын ноос, ноолуур, арьс ширийг нано технологиор боловсруулбал цоо шинэ чанарын, өндөр үнэтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэлхийн зах зээл дээр монголын гэсэн шинэ байр суурь эзэмших бололцоотой гэж бодож байна. Ингэсээр бид дан ганц малын гаралтай түүхий эд бус эцсийн бүтээгдэхүүн гарган Монгол орныхоо хөгжлийг нэг шат ахиулах боломжтой билээ.