Tuesday, November 3, 2009

Газрын асуудлаас болж Японы сургуулийн салбар Монголд нээгдэх боломжгүйд хүрлээ

БНСУ-ын Элчингийн хажууд байрлах Японы 100 хувийн хөрөнгө оруулалттай “Соёл эрдэм” дээд сургуулийн хичээлийн байрыг буулгах талаар газрын маргаан өрнөөд байна. Тус сургууль нь гадаад багштайгаар сургалтаа явуулдаг, төгсөгчдийг Япон руу хөнгөлөлтэйгээр их дээд сургуульд суралцуулж, ажиллуулан боловсролын салбарт Япон Монголын найрамдалт харилцааны гүүр болж байгаа билээ.
Гэтэл шинээр зам тавих нэрийдлээр хичээлийн хоёр ч байрыг нь нураахыг шаардаж, Газрын алба өөрсдөө байгуулсан гэрээгээ биелүүлэхгүй байгаа тул “Соёл эрдэм” дээд сургуулийн оюутнууд жагсаал хийж тэмцэхдээ хүрчээ.
Энэ талаар “Соёл эрдэм” дээд сургуулийн гүйцэтгэх захирал И.Санчираас тодрууллаа.
-Шинээр зам тавихын тулд сургуулийн байрыг нураахыг шаарджээ. Хэрвээ нэгэнт зам тавих бол чөлөөлөх ёстой юу?
-Манай “Соёл эрдэм” дээд сургууль зам тавихыг эсэргүүцээгүй. Харин ч дэмжиж байна. Хичээлийн хоёр зэрэгцээ модон байшин байсны нэгийг нь өнгөрсөн наймдугаар сард өөрийн хөрөнгөө гаргаж нураасан. Зам тавих шаардлагыг ойлгож хүндэтгэж үзэн өөрийнхөө өмч хөрөнгийг өөрсдөөсөө мөнгө гаргаж нураасан гэдгийг ойлгох хэрэгтэй. Одоо нөгөөхийг нь бас нураахыг шаардаж байна. Манай сургууль хоёр дахь хичээлийн энэ байраа ч нураахад бэлэн. Гагцхүү байгуулсан гэрээгээ биелүүлэхийг шаардаж байна.
-Газрын албатай ямар гэрээ байгуулсан юм бэ?
Энэ хавийн газрыг нийтийн зам талбай болгохтой холбогдуулан, нэг хичээлийн байрыг нураах болсон тул шинээр хичээлийн байр барих гэрээ байгуулсан юм. 2007 оны арванхоёрдугаар сарын 25-нд байгуулсан гэрээгээр бол хичээлийн 15 дугаар байрыг буулгаж зам гаргаж түүний оронд хичээлийн өргөтгөлийн болон оюутны шинэ байр барих өнгөрсөн 2008 оны есдүгээр сарын 22-ны өдрийн 449 тоот захирамж гарчээ. Энэ захирамжийн дагуу эскиз зургийг батлах зөвшөөрөл олгогдох ёстой боловч өнөөдрийг болтол гэрээгээ биелүүлэхгүй байна. Хэн ч бодоход үнэ төлбөргүйгээр өөрийн хөрөнгөөр хичээлийн байраа чөлөөлж өгч байгааг бодолцох хэрэгтэй. Мөн тухайн үед гэрээ албан ёсоор байгуулагдсан гэж үзээд зөвхөн 28 сая төгрөгөөр шинээр барих сургуулийн барилгын зураг, төслийг хийсэн боловч дахин дахин өөрчлөгдөснөөс болж хий дэмий мөнгө, цаг зав үрсэн асуудал боллоо. Хэрвээ сургууль энэ 28 сая төгрөгөөр оюутнуудын хичээлийн иж хэрэгсэл, суралцах нөхцлөө улам сайжруулсан бол маш их тустай байх байлаа шүү дээ. Манай сургууль боловсролын салбарт өөрсдийн зохих хувь нэмрээ оруулж ирсэн. Анх нээгдсэнээсээ хойш 1993-2003 оны хоорондхи 10 жилийн хугацаанд Төв аймгийн төв болон 26 суманд сургуулиас завсардсан хөдөө, орон нутгийн малчдын хүүхдүүдэд бичиг үсэг заах албан бус сургалт, хичээлийн хэрэгсэл, сурах бичгийг үнэ төлбөргүй олгох, багшийг цалинжуулах зэрэг нийгмийн сайн сайхны төлөөх ажилд идэвхтэй оролцож ирсэн.
-“Соёл эрдэм” дээд сургууль оюутан залуучуудад маш том боломжийг нээж өгдөг учир боловсролын газраас өндөр үнэлгээ тавьдаг юм билээ. Энэ дашрамд гадаадад суралцах, ажиллах боловсрол эзэмших хэрэгжүүлсэн хөтөлбөрүүдээсээ танилцуулаач?
-1993 оноос хойш манай сургуулийг төгссөн 1200 гаруй нийт төгсөгчдийн 80 гаруй хувь нь ажлын байртай болсон. Үүнд: Японы их, дээд сургуулиудад 100 гаруй оюутан бакалаврын түвшинд суралцаж байна. Мөн Японы компанитай хамтран, ямар ч барьцааны мөнгө, шимтгэл авалгүйгээр 100 шахам төгсөгчдийг гурван жилийн хугацаатай мэргэжил дээшлүүлэхээр явуулж, өнөөдөр Япон улсад ажиллаж байна. Нийт 500 гаруй оюутан, төгсөгчдийг Япон улстай танилцуулж, суралцуулж, дадлага хийлгэсэн. Мөн энэ хичээлийн жилд 70 гаруй оюутныг гурван сарын хугацаатайгаар Япон талын зардлаар хэлний дадлага хийлгэсэн. Одоо бас 10 оюутан энэ арваннэгдүгээр сард явахаар бэлтгэл хийж байна. Энэ бол бидний хувьд маш том амжилт юм. Бидний маргалдаад байгаа шинэ хичээлийн болон оюутны байрны эскиз зургийг хийхийн өмнө бид олон удаа хот төлөвлөлтийн газартай ярилцаж, зөвшилцөж байж шийдсэн бөгөөд үүний дагуу Японы талтай гэрээ байгуулсан. Энд тусгагдснаар Токиогийн компьютерийн их сургуулийн программ хангамжийн мэргэжлийн салбар, Сейжогийн их сургуулийн настайчуудыг асрах, зочид буудлын үйлчилгээний ажилтныг бэлтгэх мэргэжлийн тусгай сургалт, Японы Ridgeway компанийн хурдан морь унах, арчлах мэргэжлийн тусгай сургалтыг тус тус өөр өөрсдийн салбар нэгж болгон, манай сургуульд зохион байгуулж, төгссөний дараа ажлын байраар хангаж, хамтран хөрөнгө оруулж, ажиллахаар тохиролцсон сайхан боломжууд өнөөдөр газрын маргааны асуудлаас болж, хаагдахад хүрээд байна. Энэ бол маш харамсалтай юм.
-Зөвхөн газрын маргаанаас болж манай улсын боловсролын салбарт хийгдэх олон шинэчлэлтүүд хаагдах болвол харамсалтай зүйл болно биз ээ. Ер нь танай сургууль одоо сургалт явуулж байгаа байрны зөвшөөрлөө хэзээ, ямар гэрээгээр авсан бэ?
-Анх “Соёл эрдэм” дээд сургууль Олимпийн гудамжинд байрлалтай 15, 15А, 15Б гэсэн гурван модон байшинд хичээл сургалтаа явуулж байлаа. Хичээлийн шинэ байрны өргөтгөл барих зорилгоор Японы хөрөнгө оруулалтаар 15Б байрыг буулгаж, оронд нь өнгөрсөн 2006 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн 112 тоот захирамжаар таван давхар хичээлийн шинэ байрыг барьж, 2007 оны арванхоёрдугаар сард ашиглалтанд оруулсан юм. Энэ хичээлийн байр бол одоогийн маргаантай асуудалтай огт хамааралгүй. Харин 2007 оны хот төлөвлөлтийн ерөнхий төлөвлөгөөний дагуу зам гаргах болсонтой холбогдуулан, Нийслэлийн газрын алба, “Соёл эрдэм” дээд сургууль хоёр “зам гаргах гэрээ”-г 2007 оны арванхоёрдугаар сарын 25-нд байгуулсан. Энэ гэрээний дагуу манай сургууль зам чөлөөлж өгөхийн тулд 15 тоот хичээлийн байрыг буулгах үүрэг хүлээсэн ба үүнийгээ бид 2009 оны наймдугаар сарын 5-нд өөрийн хөрөнгөөр гүйцэтгэсэн. Харин Нийслэлийн газрын алба нь газрыг чөлөөлүүлж авахын тулд шинэ байр барихтай холбогдсон газрын болон эскиз зургийг баталж өгөх үүрэгтэй байтал үүнийг үл биелүүлж, энэ маргааны эх үүсвэрийг тавиад байна. Байгуулсан гэрээ хэрэгждэг, албан ёсных байх ёстой. Үүнээс болж есдүгээр сард төлбөрөө төлөөд сурч байгаа оюутнуудын суралцах эрх ашигт хууль бусаар халдаж, 20 гаруй хоногийн турш ус, цахилгааныг тасалж, online хичээл бүрэн тасарч, бидний хувьд бодит болон сэтгэл санааны хохирол учруулсан ч бид үүнийг тооцолгүй, харин удаа дараа буулт хийж, хоёр дахь модон байрыг бүтэн буулгахаар болоод байна. Бидний бодлоор газрын энэ маргаанаас болж, оюутнуудын эрх ашиг зөрчигдөх ёсгүй гэж бодож байна.
-Нийслэлийн газрын алба гэрээгээ биелүүлвэл танайх хоёр дахь модон байшингаа нураахад бэлэн гэж ойлгож болох уу. Ингэвэл зам тавих асуудал бүрэн шийдэгдэнэ биз дээ?
-Тийм ээ.Уул нь бид гэрээний дагуу 15-ын нэг байрыг нураах ёстой байтал одоо харин буулт хийсэн дээрээ буулт хийж, 15А гэсэн хоёр дахь байрыг нэмж нураахаар тохиролцоод байна. Одоо бид Нийслэлийн газрын албанд “Эхлээд байгуулсан гэрээгээ биелүүлж, манай шинээр барих эскиз зургийг батлуулж өгвөл “Соёл эрдэм” дээд сургууль ямар ч маргаангүйгээр 15А байрыг бүрэн буулгаж, газрыг чөлөөлж өгч болох юм” гэсэн саналыг гаргасан. Нийслэлийн газрын алба урьд өмнө нь байгуулсан гэрээгээ өөрсдөө биелүүлэхийг бид хүсч байна. Түүнээс хэн нэгэн дарга нь өөрийн үзэмжээр шийдвэрлэж, урьд нь байгуулсан албан ёсны гэрээгээ үгүйсгэж болохгүй биз дээ. Боловсролын байгууллагыг дэмжихгүй юмаа гэхэд битгий хяхаж хавчаач. Манай сургуулийн нэр хүндэд халдаж ташаа мэдээллийг олон нийтэд цацаж байгаа нь харамсалтай. Зам барьж байгаа гүйцэтгэгч компани гүйцэтгэлийн мөнгөө авахын тулд учрыг нь ч олоогүй байж “Соёл эрдэм” дээд сургуулийг буруутгасан мэдээлэл, ялангуяа хамгийн сүүлд аравдугаар сарын 23-ны өдрийн Монголын үндэсний олон нийтийн телевизийн мэдээгээр биднээс ямар ч мэдээлэл, ярилцлага авалгүйгээр нэг талыг барьсан, мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах зарчмаа зөрчсөн мэдээллүүд гарч, олныг төөрөгдүүлж байгаад бид гайхаж, харамсч, бас гомдолтой байна. Энд сургуулийн хамт олон, багш, оюутнуудын эрх ашиг хөндөгдөнө гэдгийг анхаарч үзээсэй гэж бодож байна. Бидний шинээр барих барилга маань улсаас төсөв авч, баригдаж буй биш Японы хөрөнгө оруулалтаар баригдах тул энэ бүхний хүртээмж нь Монголын хүүхэд, залуучуудад оюуны томоохон хөрөнгө оруулалт болж өгнө гэдгийг ойлгох ёстой. Нийслэлийн газрын алба уг асуудлыг дахин хянаж, үзээд бидэнтэй зөвшилцөж, зөв шийд гаргана гэдэгт бид найдаж байна.
Б.ОДМАА

5 comments:

  1. Энэ төрийн том тушаалтнууд бас ингэж болохгүй ээ,,,, Юм болгон дээр ингэж өөрийн албан тушаалыг хэтрүүлэн ашиглана гэж юу байдаг юм Юм л бол заавал хээл хахаууль авах гээд цадхаа байсан хүмүүс ,,,,, Хулан,Д

    ReplyDelete
  2. ene tomchuudiin asuudliig uneheer medehgui ee, yamar negen asuudal bgaa bolood l ingeed bgaa bailgui de uchirtai l bj taarna.tiimees nadad heleh ug alga oo,zuger asuudlaa l hurdan shiidsen ni deer yum bish uu!!! lxamaa

    ReplyDelete
  3. gazrin albaniihan uursnuu gereegee biyluuleh l heregtei shdee ulsiin bguulga ym bj... bas nuguu sursan zangaaraa hahuuli avah geed unjaad bgaa muu haasheen bee? Gereegee biyluulehgui tumnii huuhdiig hohiroogood l...

    ReplyDelete
  4. Газрын албаныхан хүнд сурталтай юмаа.Олон оюутнуудын эрх ашгийг бодох хэрэгтэй шүүдээ.

    ReplyDelete
  5. Тийм шүү Лхамаагийн хэлж байгааг дэмжиж байна шүү.

    ReplyDelete