Саруманы орхуудтай хийсэн хүч тэнцвэргүй тулалдаанд Минас-Тиритийн эзэн захирагч Дэнаторын ууган хүү, Гондор гүрний агуу их жанжин Боромир баатарлагаар амь үрэгдэж, Мэрри, Пин хоёр олзлогдов. Арагорн, Легалос, Гимли гурав Боромиртой салах ёс гүйцэтгэн, Их мөрөн Андиунд шарилыг нь урсгаад, олзлогдсон хоёрыгоо суллаж авахаар орхуудын хойноос шаргуу хөөцөлдөв. Тэд бүтэн долоо хоног хөөцөлдөнө.
Харин тэднээс өмнө Фангорнын ойн захад Эомерийн тэргүүлсэн Ристанийн морьт дайчид орхуудыг хүйс тэмтэрчээ. Мэрри, Пин хоёр үймээнийг ашиглан ойн гүнрүү дутааж яваад ойн эзэн Модонтой учирч, ойн амьдралын нууцад нэвтэрнэ. Хоёр хоббит Модонд таалагдаж, улмаар хоббитууд түүнийг ятган, ойн онтуудыг Саруманы эсрэг хөдөлгөж чадна.
Энэ хооронд Арагорн, Легалос, Гимли нар хоёр одойгоо хайж ойд тэнэж яваад Гэндальфтай учирлаа. Гэндальф газрын гүний айдас Барлогтой хийсэн тулалдаанд ялж чадсан байжээ. Тэд хамтдаа Ристанийн Алтан өргөөт эзэн захирагч Теодонийд очиж, түүнийг Саруманы хар шидээс гаргав. Теодон цэрэг цуглуулан бөгж хадгалагчдын хамт Холмын хавцлыг Саруманы цэргээс хамгаалахаар яаравчлав. Хүнд ширүүн тулалдаанд Теодон болон түүний холбоотнууд ялж, улмаар Саруманы ичээ Изенгардыг дайлаар хөдлөв.
Гэвч тэднээс өмнө Модон болон Мэрри, Пин нараар тэргүүлүүлсэн ойн онтууд Изенгард цайзыг бут цохисон байжээ. Ийнхүү хар эзний нэгэн хүчирхэг холбоотон бут цохигдож, харин ялагчид ялалтаа ч тэмдэглэж амжихгүйгээр Гондор гүрний нийслэл Минас-Тиритийн зүг хоёр замаар шуурхайлав.
Зүггүй Пин шидэт Палантир чулууг оролдсоноос үүдэн нөхцөл байдал маш хүнд болсныг шидтэн Гэндальф ойлгож, Пинийг аван Минас- Тиритийн зүг бусдаас түрүүлэн давхиж одлоо.
Эднийгээ ийнхүү амь өрссөн тулалдаанд удаа дараа орж явахад салж одсон бөгж хадгалагч Фродо, Сэм хоёр хаана юу хийж яваа бол?
Monday, November 23, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment