Monday, November 23, 2009

"Эзэн хаан эргэж ирсэн нь" 1



Гэндальф, Пин хоёр бусдаас түрүүлж Минас-Тиритд ирлээ. Харанхуй улам өтгөрсөөр. Фарамир эргэж ирэхэд Дэнатор бөгж хадгалагчдын бүх явдлыг мэдэж, Фродо, Сэм хоёрыг тавьж явуулсанд хүүгээ буруутгана. Мөн хариугүй муу хоёр одойд Дундад газрынхны бүх хувь заяаг даатгаж явуулсан Гэндальфт уурлана. Түүний хувьд одоо Хар хүчнийг зогсоох ямар ч боломжгүй болжээ. Минас-Тиритийн хананы дэргэд дайсан асар их хүч хуримтлуулан дайрлаа. Гондорын хязгаар бүрээс дайчид нийслэлээ хамгаалахаар ирсэн ч тэд дайсны их хүчний өмнө дэндүү цөөхөн байв.



Арагорн тэргүүтэй эльфүүд үхдлийн замаар замнаж, үхдлийн хааныг цэргийн хамт дагуулан Минас-Тиритийн өмнө зүгээс ойртох үед Теодон хаан бүх Мустангриммчүүдээ цуглуулан довтолгож ирлээ. Минас- Тиритийн хаалга нуран унаж, цайз тэсэж тогтох ямар ч найдваргүй болов. Эзэн захирагч Дэнатор хүүгийн хамт эртний бурханд өөрийгөө чандарлахыг тушаана. Гэндальф цайзын хамгаалалтыг гартаа авав. Гэнэт бүрээн дуу цуурайлж, Теодоны морьт дайчид Гондорчуудад туслаар ирлээ.
Пеленнорын талд үхэл сэхлийн агуу их тулалдаан болж, Теодон хаан амь үрэгдэв. Есөн хар бөгжтний тэргүүнийг Эовин, Мерри хоёр устгаж, дайсны цэргийг удирдлагагүй болгов. Гэвч дайсны нэмэлт хүч түрэн орж ирэхэд Мустангриммчүүд хүчинд түрэгдлээ. Ялалт, ялагдлын эгзэгтэй мөчид Арагорн, Легалос, Гимли нарын тэргүүлсэн үхдлүүдийн их арми довтолгон ирж, Минас-Тиритийн хэрмийн гадна дайсны их хүчийг бут цохив.
Дайнд Тэнгилийн хүү Теодон хаан тэргүүтэй олон баатар ван, цэрэг эрс амь үрэгджээ. Амь үрэгдэгсдээ оршуулж, шархдагсдаа эмчилж, цэргээ заслаа. Шархдагсдын дунд Фарамир, Еовин, Мэрри нар байна. Гэндальф, Арагорн тэргүүтэй Дээд зөвлөл хуралдаж, аз эз туршсан ганцхан зам байгаа гэдэгт санал нэгдэв. Энэ нь Хар дайсны хамаг анхаарал, хүчийг өөртөө татаж, Мордорт нэвтрээд буй Фродо, Сэм хоёрт бөгжийг галт ууланд хүргэж устгах боломж олгох явдал байв. Ингээд Гэндальф, Арагорн, Легалос, Гимли, Пин, Элрондын хөвүүд, Эомер, Имрайль нараар тэргүүлүүлсэн дунаданчууд, Цагаан цайзын хамгаалагчид, Ристани, Дол- Амрот, Лебенинийн шилдэг баатруудын арми гарцаагүй үхлийн өөдөөс хөдөллөө. Тэд замдаа Моргулын хөндийг дайснаас цэвэрлэн явсаар,
Моранноны хаалганд хүрэв. Хар эзэн тэдний зорилгыг мэдэлгүйгээр хамаг хүчээ Мораннонд татжээ. Хар эзний элч гарч ирээд Фродогийн мифрил хөө хуягийг үзүүлж, та нарын элч олзлогдсон гэв. Харанхуй нөмөрлөө. Ямарч найдваргүй болов. Одоо зөвхөн нэр төртэйгээр тулалдаанд амь үрэгдэх л үлдлээ. Өөр сонголт байхгүй.
Моранноны хаалга нээгдэж дайсны үй олон цэрэг үерийн ус мэт цутган орж ирлээ. Эцсийн тулаанд дуудсан бүрээн дуу хадлаа.

No comments:

Post a Comment