Monday, November 23, 2009

"Хоёр цамхаг" 2


Фродо, Сэм хоёрыг нууцаар дагаж явсан Хорлум бөгжөө авахаар эгзэгтэй мөчийг ашиглан гэнэдүүлэн довтолсон боловч, хүч хүрсэнгүй, хоббитуудад олзлогдон, тэднийг Мордорт газарчлан оруулахаар болж, ам өчгөө өгөв. Үхлийн намгийг амжилттай туулсан ч Мордорын хилийг нэвтрэхэд амар байсангүй. Тэгээд Кирит-Унголын ойролцоох нүхэн замаар нэвтрэхээр зориг шулуудав.



Тэд замдаа Хеннет Аннуны ойролцоо олифантууд бүхий дайсны томоохон хүчийг отож байсан Гондорын жанжин Фарамирийн десантынханд олзлогдов. Фарамир нь амь үрэгдсэн Боромирийн дүү ажээ.
Түүнээс Боромирийг нас барсан болохыг мэднэ. Мөн Фарамир Фродод бөгж явааг мэдэж, удтал ярилцсаны эцэст тэдний зорилгыг ойлгон, суллан явууллаа. Харанхуйн эзний хүч өдрөөс өдөрт асар ихээр нэмэгдэж байгаа нь мэдэгдэж байв. Энэ нь бөгж хадгалагчид улам хүчтэй үйлчилж, хар шидээр Фродог өөртөө татсаар, хүч тамирыг нь шавхсаар байв.
Хорлум хоёр хоббитыг хууран Шелоб хэмээх аймшигт аварга аалзны ичээ руу оруулж төөрүүлнэ. Хорлумын зорилго нь Шелобоор хоёр хоббитыг алуулаад бөгжөө авах байжээ. Үйл явдал Хорлумын санаснаар өрнөж, Шелоб Фродог хорт хошуугаараа хатгаж унагав. Гэвч эзэндээ үнэнч зоригт Сэм аварга аалз руу дайран орж, хүндээр шархдуулаад, түүний идүүрээс Фродогийн биеийг аварч чадсан ч үхсэн амьд нь мэдэгдэхгүй байв.
Удалгүй орхуудын эргүүл ирлээ. Эзнийгээ амь үрэгдсэн гэж ойлгосон Сэм түүний биенээс бөгжийг, мөн Галадриэлийн шидэт аягыг салган авч нуугдлаа. Орхууд Фродогийн биеийг Кирит-Унголын цайз руу авч оров.
Сэм орхуудын хоёр толгойлогчийн ярианаас Фродо үхээгүй, түр зуур хоронд хордож ухаан алдсан болохыг ойлгож, эзнээ аврахаар орхууд язганасан цайзруу дайрлаа. Гэвч орох хаалгыг нь олохгүй....

No comments:

Post a Comment