Sunday, November 29, 2009

Хайрыг хэвээр нь байлгах 10 нууц


Бидний амьдралын хамгийн том утга учир бол Хайр байдаг. Зөвхөн хайр дурлалын бус хорвоог, ойр дотны хүмүүс, ажил мэргэжил гээд бидний амьдралд гэрэл гэгээ нэмдэг бүгдийг л бид өөрөө ч мэдэлгүй хайрладаг.
Яг одоо та ганцаардаж байна уу? эсвэл аз жаргал, хайр амтагдсан өдрүүдийг үдэж байна уу? Танд одоо яг ямар байгаа нь тийм ч чухал биш, хамгийн чухал нь энэ бүхнийг та өөрөө сонгосон. Олон салаа замаас хийсэн таны сонголт, та сонголтоо өөрчилж чадах хүчтэй билээ. 


Нууц №1 Бодол
Бодлыг маань эзэмдэж байгаа зүйл биднийг тодорхойлж байдаг. Хайр дүүрэн бодол санаа нь хайр дүүрэн амьдрал, хайр дүүрэн харьцааг бий болгоно.
Магадгүй та одоо би уйтгар гуниг, ганцаардлыг бодоогүй гэж үгүйсгэж болох ч түүнээс зугатах айдас тэдгээрийг бий болгосон байж болно шүү дээ.
Эерэг бодлууд “ жаргалтай төсөөлөл”, “өөрийгөө толинд инээмсэглэн харах”, “ирээдүйн хайрлах хүнийг өөртөө тодорхой болгох” гэх мэтчилэнгээр.
Өөрийгөө голсон, сөрөг бодол бий болох бүрд өөрийнхөө  давуу 3 чанарыг өөртөө сануулан хэлж байгаарай. Хэн нэгнийг хайрлахыг хүсч байвал түүнийхээ хүсэл хэрэгцээг анхаарч тооцох хэрэгтэй.
Нууц №2 Хүндэтгэл
Хэн нэгнийг хайрлахын тулд эхлээд түүнийг хундэлж сурах хэрэгтэй. Та яг одоо би  хайртай хүнээ хүндэтгэж чаддаг уу? гэж өөрөөсөө асууж үзээрэй. Гэхдээ та бусдыг хүндэтгэж  эхлэхээсээ өмнө өөрийгөө хүндэтгэж чаддаг байх хэрэгтэй санах хэрэгтэй.
Өөрийгөө  хүндлэхийн тулд “Надад хүндлэхээр юм юу байгаа билээ” гэдэг асуултыг асуугаарай. Хүндлэл заавал онцгой авъяас, чадвартай байснаар  бий болохгүй. Та бусдын авъяасыг хүндэтгэж чаддаг байж болно, бусдыг анхааралтай сайн сонсож чаддаг байж ч болно шүү дээ.
Хүн бүхэнд эерэг, давуу  тал байдаг. Зөвхөн түүнийгээ олж харах нь чухал.
Нууц №3 Өглөгийн хүч
Хэрвээ та хайрыг авахыг хүсч байвал эхлээд өөрөө өгөх ёстой. Хичнээн их хайр өгнө, төдий чинээ ихийг авна. Нөгөө талаар хайрлана гэдэг өөрийнхөө  нэгээхэн хэсгийг үнэ өртөг, төлбөргүйгээр өгнө гэсэн үг.
Хэрвээ та сэтгэл санаагаар унавал бусдад тустай үйл хийгээрэй. Тэдний талархал танийг уйтгар гуниг, хар бараанаас аварна. Туршаад үзээрэй. Бусдад туслахад хамгийн гол нь танд сайхан санагддаг билээ.
Насан туршийн аз жаргалаар дүүрэн амьдрал, хайрын нууц нь зөвхөн авч болох зүйлдээ биш, өгч чадах зүйлдээ анхаарлаа хандуулах явдал юм.
Зөвхөн нэг хүний зөв үйлдэл хайр дурлал, харилцааг ямар гайхалтай болгодог гээч. Хайрыг хүлээн авсан хүн түүнээс ч илүү хайраар танийг хайрлах болно.
Нууц №4 Нөхөрлөлийн хүч
 Жинхэнэ хайраа олохын тулд жинхэнэ найз, нөхрөө олох хэрэгтэй. Хайрлана гэдэг нь өөд өөдөөсөө харахыг биш харин нэгэн зүгт харахыг хэлнэ. Зөвхөн хайрлан дурлах бус бие биенийхээ хамгийн дотно найз байх нь харилцаанд урт удаан амьдралыг бэлэглэнэ.
Хайртай хүнээ байгаагаар нь хүлээж авч, түүнийгээ бүү шүүмжил.
Харилцаандаа  хайр бий болгохыг хүсвэл эхлээд нөхөрлөлийг бий болгоорой.
Нууц №5 Гараа дэлгэх нь сэтгэл зүрхээ нээж байна гэсэн үг
Бие биендээ үгээр илэрхийлж чадахгүй байгаа нандин зүйлсээ тэврэлт, үнсэлт, энхрийллээр илэрхийл. Зарим тохиолдолд дэмий тайлбар хийснээс халуухан чанга тэврэлт уучлалт, харилцан ойлголцлийг авчирна.
Бие биедээ хүрэлцэх нь сэтгэлийг дулаацуулж, харилцааг чимнэ.
Нууц №6 Зөв цагт эрх чөлөө олгох нь
Та хэн нэгнийг хайрлаж байгаа бол түүнд эрх чөлөө олго. Хэрэв тэр буцаад ирвэл таных, ирэхгүй бол хэзээ ч таных байгаагүй гэсэн үг. Жинхэнэ хайрын харьцаанд ч хүмүүст өөр өөрийн орон зай хэрэгтэй.
Эхлээд өршөөж, уучилж өнгөрсөн үеийн гомдол хорсол, уйтгар гунигаасаа ангирж сур.
Хайр гэдэг нь айдас, эргэлзээ, эндүүрлээс чөлөөлөгдөх гэсэн үг. Та хайртдаа бүхнийг зориулна гэсэн нь өөрийгөө умартах гэсэн үг биш юм. Бие даасан байдалгүйгээр та хайртынхаа өмнө дэлгэж тавьсан  ном шиг илхэн, сонирхолгүй байх билээ.
Нууц №7  Харилцаа
Үргэлж нээлттэй илэн далангүй бай. Хэлээгүй үлдсэн өчүүхэн хэсэг ч харилцааны хамгийн сайхан үеийг нурааж чадах аюултай. Бие биендээ шил шиг тунгалаг харагдах тусам харлцаа дотно халуухан байх болно.
Хайртыгаа хайрлаж, үнэлж, хүндэтгэж байгаагаа илэрхийлэхээс бүү эмээ. Өнгөрөх минут секунд бүр энэ хорвоо дээр дахин давтагдахгүй. Тиймээс та харамсан уйтгарлахгүйн тулд төрсөн бодол сэтгэгдлээ хайртдаа шударгаар хуваалцаж, түүнийгээ ч мөн сонсох зуршилтай болоорой.
Нууц №8 Үнэнч байхын хүч
Үнэнч чанар бол хайрын шалгуур юм. Шалгуурыг хамтдаа давах хүч бид бүгдэд байгаа. Үнэнч чанараар л бат бэх удаан харилцаа, хэврэг харилцааг ялгаж чадах боломжтой. Таны ертөнцийг, та түүний ертөнцийг мэддэг байх нь шалгуурыг давахад их чухал. Хайрлан дурлагсад бүхэн шалгуураар тойрч биш дайрч өнгөрдөг. Өмнөх нууцуудын үндсэн дээр энэхүү шалгуурыг хялбар давах боломж үргэлж нээлттэй байдаг.
Нууц № 9 Итгэлийн хүч
Бүрэн итгэлээ өгөхгүйгээр хэн нэгнийг хайрлах боломжгүй. Бидний хайртай хүмүүс бидний өмч биш гэдгийг санах хэрэгтэй. Итгэл бүхэн халуун байдаг. Амьдралд итгэлтэй байж чадах эсэхийг шалгах олон зуун тохиолдол өдөр тутам, цаг минут тутамд тохиолдож байдаг. Хүчтэй тогтвортой харилцаа, нөхөрлөлийг бий  болгосон хосууд итгэлцэлд хүрч түүнийг хадгалж үлддэг.  Та ямар ч үед ийм харилцааг бий болгох боломжтой гэдгийг хэлэхэд таатай байна.
Нууц № 10 Шинэчлэл, өөрчлөлт
Урт удаан хугацааны харилцаа, хайр дурлалыг өөрчлөлт шинэчлэлтгүйгээр төсөөлөхийн аргагүй. Таны хийсэн жижигхэн өөрчлөлт бүхэн гайхамшиг болох болно. Та болздог цагаа, газраа өөрчлөх тэр бүү хэл гэргийгээ, нөхөрөө анхны болзоонд догдлон урьж болно шүү дээ. Энэ бүх өөрчлөлт, шинэчлэлт таны хүслээр ямар ч байж болно. Хамгийн чухал нь харилцааг нэгэн хэвийн байлгахаас зайлсхийгээрэй.

No comments:

Post a Comment