Tuesday, December 8, 2009

Солийн Данзан


 (1884-1924) Монголын улс төрч. Сайн ноён хан аймгийн Сүжигт бэйсийн хошууны харъяат ард. С.Данзан Сангийн яаманд түшмэлээр ажиллаж, 1918 онд хэсэг нөхдийн хамтаар улс төрийн хувьсгалт нууц бүлгэмийг үүсгэн байгуулсан нь Хүрээний бүлгэм хэмээн алдаршжээ.
ЗОУ-аас тусламж гуйх МАН-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтаж, Богдод үнэнч талархалтай ханддаг, уламжлалт үзлийг дээдлэн сахидагийн хувиар Богд хааны нэрийн өмнөөс тусламж гуйх нь зүй ёсны хэрэг хэмээн үзэж байсан юм. МАН-ын Төв Хорооны анхны даргаар сонгогдож намын нэр, ЗОУ-аас авах тусламжийн хэлбэр, төрийн байгуулал тогтолцооны талаар өөрийн байр сууриа хатуу хамгаалан тэмцэж байв. С. Данзан тусламж гуйх хэргээр Москвад очиж байсан бөгөөд 1921 оны 4-р сараас Ардын Түр Засгийн газрын тэргүүлэгч гишүүн, МАЖЦ-ийн цэрэг ардыг сурган боловсруулах хэлтсийн даргын албыг хүлээж 7-р сард Ардын Засгийн газрыг эмхлэн байгуулагдахад Сангийн яамны тэргүүн сайд болжээ. Тэрбээр Ерөнхий сайд Д.Бодоотой зөрөлдөж, түүнийг бүгд найрамдах засгийг явуулахыг эсэргүүцсэн хэмээн мэтгэж байв. Найрамдалт харилцаа тогтоох 1921 оны Зөвлөлт Орос-Монголын хэлэлцээрт С.Данзан Монголын Засгийн газрын төлөөлөгчдийг тэргүүлэн оролцжээ. 1923 оны 3-р сараас Ерөнхий сайдын жинхэнэ орлогч, Бүх цэргийн жанжинаар томилогдон ажиллаж байв. Жалханз хутагт С.Дамдинбазар жанч халсны дараа орон гарсан Ерөнхий сайдын суудалд суух боломжтой хэдхэн хүний нэг нь С.Данзан байсан нь нууц биш юмаа. Нийгмийн хөгжлийн төлөвийн асуудлаар С.Данзан “иргэн баян – улс баян” зарчмыг баримталж, өөрөө зам тээврийн хятад пүүсэнд хувь нийлүүлэгчээр элсэн, Англи, Америкийн хэд хэдэн компанитай хамтран ажиллаж үр шимийг нь мэдэрсэн нэгэн байлаа. С.Данзан Монголын талаарх Зөвлөлтийн бодлогыг таашаахгүй байсан бөгөөд Хятад-Зөвлөлтийн 1924 оны хэлэлцээрийг эрс эсэргүүцэн төр улсаа цэргийн хүчээр хамгаалах нь зүйтэй гэж үзэж байв.
Тэрбээр Бүх цэргийн Зөвлөлийн тэргүүлэгч Э.Ринчинотой илтэд сөргөлдөж, засгийн эрх мэдлийн төлөөх тэдний тэмцэл МАН-ын III хуралд дээр туйлдаа хүрсэн билээ. Э.Ринчино нар коммунист залуучуудын эвлэлийг өдөөн турхирах арга хэрэглэн, хурлын бүрэн эрхийг булаан авч 1924 оны 8-р сарын 30-нд С.Данзан, Баваасан нарыг баривчлан, мөрдөн байцаалт явуулалгүйгээр буудан хороожээ. 68 жилийн дараа С. Данзангийн нэр төрийг Монгол Улсын Дээд Шүүх цагаатгажээ.

Данзан сайдын нэгэн албан бичиг

Олноо өргөгдсөний арван хоёрдугаар он 5 сарын 23, аргын улирлын 7 сарын 18
Илгээх бичиг
Монгол улсын ардын засгийн сангийн явдлын яамны бичиг
Их Герман улсаас Думдад Иргэн улсын нийслэлд суугаа элчин сайдын яамны худалдааны хэргийн зөвлөгч Гипперих танд илгээв. Мэдтүгэй хэмээн явуулах учир. Эдүгээ эрхэм улсын Yuen Fung Trading хэмээх пүүс манай Монгол газраас 600 морь худалдан авч уул улсад аваачихыг гуйн Думдад улсын Тяньжинд суугаа харьяат Консулаас үнэн хэмээн баталж олгосон тамга дарсан бичиг хамтаар манай яамнаа өргөн мэдүүлсэн ба басхүү эрхэм зөвлөгчөөс манай засгийн сайдууд лугаа нүүр учирч худалдаа арилжаа харилцан нэвтрүүлэх саналыг илтгэсэн үгэнд тус улсын хязгаараас морь малыг гаргаж, худалдахыг түр түдгэлзэн буй боловч эдүгээ нэгэнт эрхэм их улс бидний Монгол улс лугаа анх худалдаа нэвтрүүлж харилцан найрамдахыг илэрхийлсний тулд даруй баярлан талархаж уг морьдыг тооны ёсоор худалдан өгөхөөр зөвшөөрөн хүлээж уул пүүсэд үнэмлэх бичиг шийтгэн олгосон явдлыг мэдэгдэхээс гадна эрхэм их улсын албаны газар ба худалдааны ард манай Монгол улсаас аливаа мал, арьс, өөх, тосны зэрэг түүхий эд юмыг худалдан авч уул улсад нэвтрүүлэн аваачих ба харьяат улсаас аливаа эд бараа зүйлийг тээн авчирч худалдаалах аваас мөн татгалзах үгүй бөгөөд харилцан тусламжийг үзүүлж үүрд удтал бат зузаан найрамдахыг гүнээ эрмэлзмой. Гагцхүү харьяат худалдааны ард санаснаас ангид онц илүү ашгийг бодож бидний Монгол улсаас худалдан авсан морь малыг харин бидний улсын дайсан этгээдэд дамжуулан худалдваас манай Монгол улс үнэхээрийн дурлах үгүй бөгөөд бидний хоёр улсын хол урдын хүнд зузаан найрамдалд харшлалтай болмой. Жич: Эрхэм улсын худалдааны хүмүүн манай Монгол улсаас морь мал худалдан авах ба хязгаараас гаргаж аваачих тухай бүрд эрх үгүй уул нутаг газрын харьяат албан яамны газраа мэдүүлэн тэмдэглүүлж, дотоод гадаадын гааль татварыг цөм тогтоосон дүрэм хэмжээний ёсоор гүйцэтгэн тушаалгаж, үнэмлэх, хамгаалах тэмдэгт бичгийг хүлээн авахуулбаас зохимой. Хэрвээ харьяат худалдааны хүмүүн тийнхүү албаны газраа мэдүүлж, тэмдэглүүлж, гааль татварыг тушаан хураалгаж, үнэмлэх, хамгаалах тэмдэгт бичгийг хүлээн авахгүйгээр сэмхнээ морь малыг худалдан авч аваачих хэмээвээс эрх үгүй будлиан учир гарч худалдааны явдлыг саатуулахуйд хүрмой. Учир байдал иймийг урьдаар илэрхийлэн гаргаж найртай сайны ёсоор мэдэгдвээс зохихын тулд тусгайлан албаны бичиг шийтгэн гаргаж эрхэм зөвлөгч танд мэдтүгэй хэмээн явуулаад байцаан очиж бидний Монгол улсын ийнхүү эрхэм их улс лугаа харилцан худалдаа нэвтрүүлж үүрд удтал бат зузаан найрамдахыг ихэд эрмэлзэн буй явдлыг уламжлан засгийн газраа нэвтрүүлж, басхүү олон худалдааны ардад зарлан ухуулах ажаамуу үүний тулд илгээв. Монгол улсын сангийн яамны тэргүүн сайд Данзан. Олноо өргөгдсөний арван хоёрдугаар он, таван сарын хорин гурван, аргын улирлын долоон сарын арван найман Дугаар 567

No comments:

Post a Comment