Сэр Исаак Ньютон (Англи хэл: Sir Isaac Newton, 1643 оны 1 сарын 4 - 1727 оны 3 сарын 31) нь Английн физикч, математикч, одон орон судлаач, байгалийн философич, алхимич, теологич байжээ.
Түүний 1687 онд хэвлэгдсэн Байгалийн философийн математикийн зарчмууд (Philosophiæ Naturalis Principia Mathematica) нь шинжлэх ухааны түүхэн дахь хамгийн их нөлөөтэй ном гэгддэг байна. Тэрээр энэхүү номондоо бүх ертөнцийн таталцлын хууль болон хөдөлгөөний гурван хуулиудыг тодорхойлсон бөгөөд дараагийн гурван зууны туршид ертөнцийг үзэх шинжлэх ухааны үзэлд давамгайлж, орчин үеийн инженерчлэлийг эхлүүлсэн сонгодог механикийн салбарыг эхлүүлжээ. Ньютон нь Кеплерийн гаригуудын хөдөлгөөний хуулиуд ба өөрийнхөө таталцлын хүчийн онол хоёр бие биендээ нийцэж байгааг харуулан, дэлхийн дээрх зүйлүүд ба сансарт буй зүйлүүд ижил байгалийн хуулиудад захирагддагийг үзүүлсэн байна. Үүний үр дүнд нарыг нарны аймгийн төвд буй гэдгийг бүрмөсөн батлаж, шинжлэх ухааны хувьсгалыг улам хөгжүүлжээ.
Механикийн салбарт тэрээр импульс хадгалагдах хууль ба өнцгийн импульсийн хуулийг тодорхойлсон байна. Гэрлийн салбарт ойдог дуран авайг зохион бүтээж, цагаан гэрэл призмээр дамжихдаа задардгийг ажиглан өнгөний хуулийг нээжээ. Тэрээр мөн хөргөлтийг хуулийг нээж, дууны хурдыг судалсан байна.
Математикт Готфрид Лейбництай хамт интеграл ба дифференциал тооллыг хөгжүүлжээ. Мөн биномын теоремыг нээж, функц дахь язгууруудын тоог тооцоолох "Ньютоны арга"-г гаргаж, хүчний цувааг судлахад оролцсон байна.
Шинжлэх ухааны түүхэнд хэн илүү их нөлөө үзүүлсэн бэ хэмээх 2005 оны Хааны нийгэмлэгийн судалгаанд Ньютоныг Альберт Эйнштейнээс илүү их нөлөө үзүүлсэн гэсэн дүн гарчээ
No comments:
Post a Comment