Мэргэжлийн сумочид энэ оны сүүлийн башёгоо амжилттай дуусгалаа. Амжилттай гэж тодотгохын учир нь “Кюүшюү” башёгийн дохёд дээд зиндаанд зодоглосон Монголын арван бөхийн найм нь тавиас дээш хувийн амжилтаа үзүүлж Ёкозүна Хакүхо ганц ч уналгүй тэргүүлсээр эзэн хааны цомыг 12 дахь удаагаа гардан авсан юм. “Кюүшюү” башё өндөрлөөд байгаа энэ үед бөхчүүдийн барилдаан гэхээсээ илүү онцлох үйл явдлуудыг уншигч та сонирхож байгаа байх. Учир нь энэ башё бөхчүүдийн хувьд дээд амжилтуудыг олноор тогтоосон онцлох башёнуудын нэг байсан юм. Барилдааны дунд үеэс хоёр аваргын хэн нь түрүүлэх бол гэсэн таамаглал сумо сонирхогчын сонирхлыг ихэд татаж байсан ч тэмцээний сүүлийн өдөр хоёр их аварга хоорондоо барилдаж, Хакухо уватэнаге мэхээр Асашёорюүг буулган авсан юм.
Ийнхүү тэр ганц ч унаагүй Кюүшюү башёгийн түрүүг авсан билээ. Түүний энэ амжилт нь дөрвөн жилийн өмнө их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн гаргаж байсан 84 давсан дээд амжилтыг хоёроор ахиулж сумогийн түүхэнд бас нэгэн шинэ хуудас нэмсэн юм. Энэ нь бас япончуудын хайрлан хүндэлж явдаг домогт их аварга Футабаяамагийн амжилтыг давтаж байгаа аж. Ийнхүү Японы мэргэжлийн сумо бөхийн ертөнцөд цагийг эзэлсэн их аварга нэгээр нэмэгдэв. Түүнийг ийн цоллох нь бас учиртай. Аваргыг давж аварга болдог гэдэг. Тэрбээр энэ жилийн зургаан башёд Ёкозүна Асашёорюүг давсан гэсэн бас нэгэн амжилтын эзэн болоод байгаа юм. Мөн оны хаалтын “Кюүшюү” башёд зургаан жилийн дараа хоёр аварга барилдаж байгаа аж. Хамгийн сүүлд 2003 оны арваннэгдүгээр сарын тэмцээнд Асашёорюү, Мусашимару аварга цуг гарч байжээ. Түүнээс хойш Асашёорюүгийн үе эхэлсэн ба 2007 онд Хакүхо ёкозүна болоход Асашёорюү нэг жилд нь шийтгүүлж, дараагийн барилдаанд гэмтлийн улмаас өнжсөн. Ингээд 2000 оноос хойш анх удаа “Кюүшюү” башёд ёкозүна цолтнуудын барилдаан гарсан башё болсон билээ. Харин ёкозүна Асашёорюү хоёр жил гаруй дараалан түрүү аваагүй хар цувралаа таслах зорилготой “Кюүшюү” башёд хүч үзсэн. Хэрэв энэ зорилгоо биелүүлбэл макүүчид 25 дахиа түрүүлэн их сумогийн түүхэнд ганцаараа гуравдугаарт бичигдэх байсан юм. Харамсалтай нь гэмтлийн улмаас их аварга маань сүүлийн өдрүүдэд өөрийн барилдаанаа гаргаж чадсангүй. “Кюүшюү” башёгийн бас нэгэн онцлог үйл явдал нь яах аргагүй Озеки Кайогийн амжилт. “Томозуна” дэвжээний бөх, энэ цагийн хүчтэнгүүдийн нэг тэрбээр нутгийнхаа дэвжээнд дахин барилдсанаар Японд байтугай дэлхийд нэрээ цуурайтуулсан билээ. Башёгийн зургаа дахь өдөр Озеки Кайо дээд зиндаан дахь 804 дэх даваагаа авсан бөгөөд бүх цагийн шилдэг сумочдын дээд зиндаанд давсан жагсаалтын хоёрдугаарт эрэмбэлэгдсэн. Тэрбээр тэмцээний сүүлийн өдөр тавин хувийн амжилтаа үзүүлж 805 болгосноор энэхүү амжилтаа бататгаж чадсан юм. Түүний өмнө ёкозүна Чиёнофүжи 807 даваатайгаар нэгдүгээрт бичигдэж байгаа юм. Башё эхлэхийн өмнө озэки Чиётайкай тавиас дээш хувийн амжилт үзүүлж чадалгүй сэкивакэ руу унасан ч зодог тайлахгүй гэсэн мэдэгдэл хийсэн нь олны анхаарлыг нэлээд татсан ч тэрбээр энэ сард тавин хувийнхаа амжилтыг үзүүлж чадсангүй. Гэвч түүнд бас нэгэн найдвар байгаа. Сумогийн холбооны Банцүкэгийн дүрмэнд озэкигоос сэкивакэд унасан бөх дараагийн башёд арав ялбал цолоо эргүүлж авна гэсэн заалт байдаг аж. Хэрвээ энэ заалтын дагуу дараагийн башёд арав давбал озэки цолоо дахин авах боломжтой болох аж. Түүний энэ амжилтад итгэх хүн цөөхөн байна. Учир нь энэ оны таван тэмцээнд авсан ялалтынх нь нийлбэр 28. Энэ нь оны бүх тэмцээнд барилдсан 31 бөхөөс хамгийн муу үзүүлэлт юм. Үүний дундажийг тооцвол тэрбээр нэг тэмцээнд долоо хүрэхгүй даваа авчээ. Нэгэнт ийм дундажаас доогуур түвшинд тогтсон түүнээс озэки цолыг хамгаалах, эргүүлж авах хэмжээний барилдаан гарахгүй нь тодорхой хэмээн үзэж байгаа юм.
Friday, December 4, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment