Saturday, April 3, 2010

Авлигын хэрэг замхарсаар байх уу

Авлигын хэрэг замхарсаар байх уу
-Хахууль авсан сургуулийн захиралд холбогдох хэрэгт нутаг жалгын үзлээр хандаж байна-

Манай улсад хуулийг завхруулж бусдыг цаашлаад улсыг хохироодог явдал нэг их сонин байхаа больчихсон гэдэгтэй олон хүн санал нийлэх биз. Тодруулбал, зарим хүний сэтгэхүй авлига, хээл хахуул байх ёстой юм шиг л хүлээн авдаг болсон. Танил тал, найз нөхөд мөнгө байхгүй бол хууль харин ч хатуу үйлчилнэ. Байвал эсрэгээрээ....... Энд ганцхан жишээг дурдъя.

Х.Энхбаяр гэгч нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын гуравдугаар дунд сургуулийн захирлаар ажиллаж байхдаа иргэн Н.Мөнхболор, Ж.Отгонцэцэг, Х.Атарцэцэг нараас авлига авсныг Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаалтын шатанд цуглуулсан баримтууд нотолж байна. Тодруулбал, Авлигатай тэмцэх газар Х.Энхбаярыг Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2-т зааснаар яллагдагчаар татан шалгаж, хэргийг 2008 оны арванхоёрдугаар сард Говь-Алтай аймгийн прокурорын газарт шилжүүлсэн ч өнөөг хүртэл шийдэгдээгүй цаг хугацаа алдан сунжирсаар иржээ. Н.Мөнхболор, Ж.Отгонцэцэг, Х.Атарцэцэг нар нь Х.Энхбаярт хээл хахууль өгсөн үйлдлээ сайн дураараа илчилсэн учир хэрэгсэхгүй болгох саналыг прокурорт хүргүүлсэн байдаг. Мөн нэр бүхий найман багшийн үйлдлийг мөн хэрэгсэхгүй болгох саналыг хүргүүлжээ.

Хээл хахууль авч, сонгон шалгаруулалтгүйгээр ажилд томилсон нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байх атал Х.Энхбаяр нь хэргийг улстөржүүлэн замхруулах сонирхолтой байгаагаа нуусангүй. Тэрээр одоо Говь-Алтай аймгийн Ардчилсан намын даргын албан тушаалтай юм байна. Орон нутгийн сонгуулиар тус аймгийн ИТХ-д МАХН ба Ардчилсан намын төлөөлөл ойролцоо тоотой сонгогджээ. Төлөөлөгчдийн шантаажнаас болж аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нараа томилох асуудал гацаанд оржээ. Энэ хооронд МАХН-ын нэр бүхий төлөөлөгчид миний нэр төрд халдах зорилгоор зориуд худал мэдээлэл хүргүүлсэн, энэ бол улс төрийн шинжтэй гүтгэлэг гэж Х.Энхбаяр мэдүүлжээ.

Говь-Алтай аймгийн сум дундын шүүх энэхүү хэргийг өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр хянан хэлэлцээд Х.Энхбаярын хээл хахууль авсан үйлдлийн обьектив тал үгүйсгэгдэж байна гэх үндэслэлээр цагаатгасан байна. Гэвч аймгийн Прокурорын газраас сум дундын шүүхийн дээрх шийдвэрийг үл зөвшөөрч аймгийн шүүхэд эсэргүүцэл бичсэнийг аймгийн шүүх хүлээн авч өнгөрсөн оны зургадугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцээд сум дундын шүүхийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг буруу хэрэглэсэн. Цагаатгах тогтоолд дурдсан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, мөрдөн байцаалт дутуу хийгдсэн гэх үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ.

Үүнтэй холбогдуулан Авлигатай тэмцэх газраас нэмэлт мөрдөн байцаалт явуулж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр хэргийг Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн боловч уг эрүүгийн хэргийг прокуророос гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна.

Гэтэл Улсын ерөнхий прокурорын газраас Х.Энхбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосныг хянаад хэрэгсэхгүй болгосон тогтоолыг хүчингүй болгож, шүүхээр шийдвэрлүүлэхээр дахин Говь-Алтай аймгийн шүүхэд хүргүүлжээ. Гэвч энэ эрүүгийн хэрэг өнөөг хүртэл шийдвэрлэгдэхгүй байна. Яагаад гэдгийг тодруулахаар бид аймгийн прокурор н.Эрдэнэбаатартай холбогдсон ч бидэнд энэ хэргийн хяналт нь байхгүй учраас тодорхой мэдээлэл өгч чадах-гүй" гэв. Үүний дараа хэргийн шүүгч байсан Сарантуяагаас тодруулахад, "Би эмнэлэгт хэвтэж байгаа болохоор энэ талаар тодорхой мэдээлэл өгч чадахгүй. Гэхдээ хэргийг аймгийн шүүхээр хэлэлцээд Нийслэлийн прокурорын мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн” гэсэн хариуг өгсөн юм.

Ер нь энэ хэрэг яагаад ингэж нааш цаашаа шидэгдэж, буруу зөв шийдвэрийн дунд будилж яваад байгааг гайхахгүй байх арга алга.

Хамгийн хачирхалтай нь дээр дурьдсанчлан Нийслэлийн прокурорын газраас энэ хэргийг Хэрэгсэхгүй болгох тухай гаргасан тогтоолыг Ерөнхий газар нь хянаад хүчингүй болгосон явдал юм.

Эх сурвалж энэ хэргийг Нийслэлийн прокурорын газарт Говь-Алтай аймгийнхан олноороо байдаг тул энэ хэрэгт нутаг жалгын үзэл гаргаж байна гэж үзэж байгаагаа ч нуугаагүй.

No comments:

Post a Comment