Ардчилсан намын бүлэг өчигдөр үдшийн 20.0 цаг хүртэл хуралдсан. Хуралдаанд Ерөнхий сайд С.Батболд оролцож Засгийн газраас хийхээр төлөвлөсөн дөрвөн асуудлыг танилуулсан байна.
Эдгээр асуудалд Тавантолгойн орд газрыг гадаадын 11 компани хамтран ашиглахаар саналаа ирүүлсэн. Энэ нь өдгөө хэрэгжих Оюутолгойн орд газраас ч илүү урьдчилгаа төлбөр авах боломжтой байгаа талаар танилцуулсан байна. Мөн "Утаагүй Улаанбаатар" төслийн хүрээнд 100 мянган орон сууц хөтөлбөр хэрэгжүүлэх, Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг танилцуулжээ.
Тавантолгой, Оюутолгойг эдийн засгийн эргэлтэд оруулахад төмөр зам зайлшгүй шаардлагатай. Харин Засгийн газар хоёр хувилбарыг сонгосон. Энэ нь өргөн төмөр замд суурилсан бодлогыг боловсруулсан аж. УИХ-аас эцсийн шийдвэр гаргах учраас одоогоор чухам аль замыг сонгохоо зарлах хараахан болоогүй байна. Гэхдээ УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дийлэнх гишүүд өргөн, нарийн төмөр замыг хоёуланг нь дэмжиж байгаа гэсэн. Засгийн газрын дөрвөн багц бодлогод гурван мянган км төмөр зам, найман мянган км авто зам, 100 мянган айлын орон сууц барих төлөвлөгөө байгаа аж.
Эдгээр ажилд 10-15 тэрбум ам.долларын хөрөнгө шаардагдах юм байна. Энэ хөрөнгийг босгох бүрэн бололцоо бий. Тухайлбал, Хятадын Хөгжлийн банкнаас гурван тэрбум ам.доллар авах боломжтой аж. Мөн стратегийн орд газруудаа барьцаалан олон улсын хөрөнгийн зах зээлээс мөнгө босгох, орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулахад энэ бүх бодлогын баримт бичиг ажил хэрэг болох бололцоо байгаа юм. Тус намын бүлэг Засгийн газрын энэхүү бодлогын баримт бичгүүдийг УИХ-д өргөн барихыг хүссэн байна. Энэ сард багтаан асуудлыг батлах бололцоотой хугацаа байна гэв.
Харин иргэдэд хүртээх эх орны хишиг болох 1.5 сая болон сая төгрөг нь халамжийн бодлого биш юм гэдгийг тодотгож хэлсэн. Харин ард түмнийг өмчлөх нэг санаархал гэв. Байгалийн баялгийг тэгш хуваарилж иргэддээ хүртээж байх талаар цаашид ажиллах ёстой. Харин үүн дээр дөрөөлж намууд иргэдээс оноо авах гэж улайрсны хэрэггүй гэдгийг тэрбээр онцолсон. Ерөнхий сайд Засгийн газраас оруулж ирсэн иргэдэд хувь хишиг хүртээх асуудлыг дэмжвэл ирэх намраас хүртээж эхлэх боломжтой аж. Үүнд одоогоор дөрөв орчим их наяд төгрөг шаардлагатай байгаа.
Гарман дээр морио сольдоггүйтэй адил одоо ухрах зам үгүй болсон. Тиймээс хоосон улстөржилт биш, Засгийн газар ажил хэргийг ажил хэрэг болгох цаг хэдийнэ болсон гэдгийг тэрбээр хэлсэн юм.
No comments:
Post a Comment