Тиймдээ ч "Ам алдвал барьж болдоггүй, агт алдвал барьж болдог" хэмээн Монголчууд эрт цагаас жишин сургамжилдаг асан. Амнаас гарсан үг гэдэг, олон хүний сэтгэл, ажил үйлс, амьдралд сайн муу, янз янзаар нөлөөлдөг. Тиймийн учир, "хамар доорх хагархай" гэдэгчлэн юу санаанд орсноо яриад байж болдоггүй гэнэ.
...Миний залуу ахуйд их л олон ёслол, талархлын арга хэмжээ, хурим найр болдогсон. Хөдөө нутгийнхан ёс юм шиг л ийм ёслол, үйл ажиллагаанд цугларч, идэж уун, наргиж цэнгэнэ. Эзэнд нь талархал дэвшүүлж, ерөөл айлдан, бэлэг сэлт гардуулах. Зарим хүмүүс өөрийн ээлжиндээ халамцууханаар "Халзан цагаан хонь аваарай" гэнэ. Мэдээж хүн бүр л бэлгэшээн, талархана.
Харин дараа нь, бэлгийн "халзан цагаан хонь"-ио хэзээ яаж авахаа үл мэднэ. Авчраад өгөх юм болов уу гэтэл өглөгч нөхөр сураггүй. Өөрөө очоод авъяа гэхээр "авлагатай юм биш" гэж санагдаад бүр ч хэцүү. "Бэлгийн морины шүдийг үздэггүй" гэдэгчлэн барааг нь харах тавилангүй халзан цагаан хонины сураг тэгсгээд мартагдана.
Харин мөнөөх өглөгийн эзэн маань, найр наадам бүхнийг хэсч, нөгөө л "халзан цагаан хонь"-ио амласаар. Яасан ч дуусахгүй найр наадам, яасан ч барагддаггүй хонь, ямар ч өглөгч сэтгэл билээ.
"Гүйх нохойд гүйхгүй нохой саад"
Өдгөө Монголчууд бидний хооронд нэлээд төвөгтэй байдал үүсгэдэг харилааны нэг нь энэ.
...Жаргал зовлон, элдэв асуудлаа ярилцаж суусан найзуудын хэн нэг нь, ээдрээтэй асуудлын талаар:
-Өө чи санаа зоволтгүй, найз нь үүнийг чинь бүтээгээд өгнө гэж амлана. Мэдээж сайн найзын, сайхан тусч сэтгэлд баярлаж хэд хоног хүлээх. Сүүлдээ жаахан тэвчээр алдаж, юу болж байгааг лавлан сануулахад,
-За найзын нь ажил болохгүй байна аа. Чи санаа зоволтгүй, бүтнэ ээ гэж тайвшруулах. Тэгээд л сураггүй. Нэлээд хэд хоногийн дараа, халгаж халгаж асуувал,
-Юундаа яараад байгаа юм бэ. Би чамд болгоно гэж хэлсэн шүү дээ хэмээн уцаартайхан хариулна. Тэр мөчөөс л нөгөө амлалт нь бүтэхгүйгээр барахгүй, түүний туслахыг хүлээж, хайран цаг хугацаа, өөрийн боломжоо алдаж байгаагаа мэдэрдэг.
Иймэрхүү жишээ бидний амьдралд зөндөө. Бүтээгүй ийм амлалтын уршгаар, хичнээн цаг хугацаа, боломжоо алдаж байгааг мэдэрсэн хүн, бухимдаж, "гүйх нохойд гүйхгүй нохой саад" хэмээн сэтгэлдээ дуу алдаж, харуусна.
Хүмүүс бие биедээ алив зүйлийг амлахдаа, олон янзаар ханддаг. Нөгөө хүнээ баярлуулах гэж, эсвэл өөрийн боломжоороо туслах гэсэн сэтгэлээс, зарим нь тухайн мөчид сэтгэл нь хөдөлсөндөө, үгүй бол зүгээр л гайхуулах гэсэндээ гэхчилэн. Харин амласнаа умартаж, эсвэл үл тоож, хайхрамжгүй хандсан тохиолдолд хүмүүсийн харилцаанд сэв сууж, таагүй байдал үүсгэх нь олонтаа.
Зүгээр л мэнд устай, хааяа хамт сууж зовлон жаргал, элдэв асуудлаа ярилцдаг байсан найз нөхөд, ийм л харилцаанаас сэтгэл нь сэвтэж, өөр хоорондоо муудалцах нь бий. Магадгүй, нэлээд түгээмэл, бие биеийн талаар таагүй байдчаар бусдад муучлан ярьж, хов жив болгон тараах үйлдэл ч, үүнтэй их холбоотой байж болох.
"Ам алдвал, барьж болдоггүй"
Өнөө цагт, хүмүүсийн харилцаан дахь хамгийн чухал асуудал нь, хэн нэгэнд амласан зүйлээ заавал биелүүлж, бусдын итгэлийг даах явдал аж. Чухам үүгээр, ажил хэрэгч хүнийг шинждэг нь тохиолдлын хэрэг биш. Амлалт бол итгэл, бас хүлээлт юм.
Ямар ч зүйл, хэн нэгэнд амласан бол, өөрт нь хэцүү, хохиролтой байлаа ч, заавал амласнаа биелүүлнэ гэдэг бусдын итгэлийг даах том шалгуур болдог. Ийм хүнд бусад хүмүүс ихээхэн итгэж найдаж, хамгийн хүнд хэцүү үедээ ч тэр л хүнд хандан сэтгэлээ хуваалцаж, чин сэтгэлээсээ тусламж хүснэ. Ийм хүнийг "найдвартай итгэлтэй" гэж тодорхойлон, хүндэлж, өөрийн авсан тусын хариуд юухнаар ч болов туслахсан гэж хичээдэг. Итгэл гэдэг тухайн хүнд өгч байгаа хамгийн гайхалтай үнэлгээ юм.
Хэлж ярьсан амласнаа биелүүлдэггүй, мартаж орхидог, хайхрамжгүй ханддаг хүнд хүмүүс эхлээд итгэж, дараа нь баахан хүлээх боловч хэд хэдэн ийм тохиолдлын дараа шууд л холдож орхидог. Тийм хүнтэй санаа бодлоо солилцож, энгийн байдлаар ярилцах авч илүү дотносож аминчлан, итгэж хандахаас татгалзана. Тийм хүнийг "найдваргүй, итгэлгүй" хэмээн тодорхойлж, аль болохоор тус дэм хүсэхгүй байхыг хичээх аж. Итгэж найдсан хүлээлт, цөхрөл, гомдол болон хувирах нь бий.
Хэн юу ч гуйсан "Үгүй, чадахгүй" гэж хэлж чаддаггүй хүмүүс бий. Тэд ямар ч тохиолдолд "За" гэх ба эсвэл толгой дохино. Харин хичнээн хичээгээд ч, үүнийгээ биелүүлж чадахгүй өөрийгөө ч, өрөөл бусдыг ч эвгүй байдалд оруулах нь элбэг. Хүмүүс түүний тухай "Уг нь санаа нь сайхан" гэж өхөөрдөвч, яваандаа итгэж, найдаж, хандах нь үгүй болно. Энэ нь өхөөрдөл төрүүлэхээс илүүтэй, өрөвдөм байдлыг л бий болгох аж.
Хүмүүс ийм маягаар бие биедээ хандаж, сэтгэлдээ "ангилдаг". Яг л үүнээс хүндлэл, эс хүндлэл, итгэлцэл, эс итгэлцэл бий болно.
Зөвхөн хүмүүсийн харилцаанд төдийгүй, өнөөгийн Монголын улстөр, нийгмийн харилцаан дахь ийм үзэгдэл улам бүр газар авч, эцэстээ "байх л зүйл" мэтээр хүлээж авдаг сэтгэхүй бидний хөгжил, өөдрөг байдалд үнэхээр саад болж буй. Бодлоготойгоор, хүмүүсийн итгэл, саналыг авахын тулд болохгүй, бүтэхгүй зүйл амлаж сонгогдчихоод юу ч болоогүй юм шиг дүр эсгэж, ичих ч үгүй явж байх нь энгийн иргэдийн бухимдлыг дэвэргэж буй нэгэн гаж үзэгдэл. Энэ бүхэн Монголын нийгэмд гажиг сэтгэхүй, бусармаг тогтолцоог бий болгож байна. "Ам алдвал барьж болдоггүй" гэдэгсэн.
“Хэлсэн үгэндээ эзэн болж, идсэн хоолондоо сав болох"
Хүмүүс заримдаа янз бүрийн шалтгаанаас болж, бие биеийн итгэлийг алдаж, гомдоох нь бий. Төгс төгөлдөр хүн гэж байдаггүй ч ядахнаа бага алдаж алдаанаасаа ухаарал сургамж ав, сайнаар өөрчлөгдөж байх нь ухаант хүмүүний шинж гэнэм.
Бусдын саналд зөвшөөрөх, бусдад амлалт өгөхөөсөө өмнө, бүхнийг сайтар эргэцүүлж, "би үүнийг үнэхээр биелүүлж чадах уу" гэж өөрөөсөө асууж байх нь хожим бусдын өмнө эвгүй байдалд орохоос сэргийлэх сайн арга.
Хэрэв ямар нэгэн шалтгаанаар амласнаа биелүүлж чадахгүйд хүрвэл, хичнээн хэцүү, ичгэвтэр байлаа ч, учир байдлаа урьдчилан хэлж, уучлал гуйж чаддаг байх нь хамгаас чухал. Ингэвэл нөгөө хүн нь, эртхэн өөр арга зам хайж, өөр боломжоо олно гэсэн үг.
Үнэхээр биелүүлж чадахгүй, амжихгүй зүйлээ "уучлаарай, би энэ удаад үүнийг хийж тус болж чадахгүй нь ээ" гэж хэлж байх нь бусдын өмнө үнэ цэнээ алдаж байгаа хэрэг огтхон ч биш. Харин хожмын маргаан, үзэн ядалтаас урьдчилан сэргийлж чадаж байгаа хэрэг.
Амласнаа биелүүлж, бусдад тус дэм болсноо цаг ямагт дурсаж, өөрийгөө сурталчилж, "аяганы хариу" нэхээд байх нь хаа хаанаа үнэхээр төвөгтэй. Хариу нэхдэггүй тус л тус болохоос, хариу нэхдэг нь тус биш гэнэм. Ийм байдлын улмаас тус авсан нэгэн нь татгалзаж чадаагүйдээ харамсах болдог.
Чадахгүй зүйлээ бусдад амлаж, түүнийгээ биелүүлэхгүй, биелүүлэхийг ч хүсэхгүй, бусдад "тус биш ус" болж байснаас, юу ч амлахгүйгээр мэндийн зөрөөтэй, сайн харилцаатай байсан нь дээр.
Заавал зарлиг тогтоол, заавар журам хүлээхгүйгээр дор бүхнээ хичээн, өөрчилж болох зүйлийн нэг нь энэ аж.
"Эзэн хичээвэл заяа хичээнэ". "Ам алдвал барьж болдоггүй, агт алдвал барьж болдог" бөгөөд хариу нэхээгүй тус хамгийн их өглөг буян байдаг.
No comments:
Post a Comment