Манай улс түүн дотроо Улаанбаатар хот нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд байгаа талаар сүүлийн үед ярих болсон. Тэгвэл сая гаруй хүн амтай манай хотод газар хөдлөлт болоход мэргэжлийн байгууллагууд бэлэн болов уу гэсэн түгшүүр хүн бүхний сэтгэлд байгаа нь нууцгүй.
Харин өнөөдөр газар хөдлөлтийн гамшиг болсон үед онцгой байдлын албаны анги салбаруудын харилцан ажиллагаа, ажлын уялдаа холбоог харуулсан “Команд штабын сургууль” боллоо. Энэ сургуулийг Баянзүрх дүүргийн 6-р хорооны 44-р байранд явуулсан юм.
Гамшиг болсон газар нэн түрүүн шуурхай бүлэг 105-ынхан очиж ажиллах ажээ. Тэд хязгаарлалтын бүс тогтоож, эрэн хайх, аврах ажиллагааг явуулж, нэрвэгдэгсэдэд эмнэлэгийн анхны тусламж үзүүлнэ. Мөн бэртэж гэмтсэн иргэдийг эмнэлэгийн нарийн мэргэжлийн тусламжийн багт хүлээлгэж өгөх, нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд оролцох гэх мэт үүргийг гүйцэтгэнэ.
Мөн гамшиг болсон газар эмнэлэгийн яаралтай тусламж үзүүлэх шуурхай бүлгийн ажиллагаа 103, гал унтраах шуурхай бүлгийн ажиллагаа /101/, Нийслэлийн онцгой байдлын газрын аврах отряд, шуурхай бүлгийн үйл ажиллагаа явагдах юм.
Өнөөдрийн сургууль явагдсан 44-р байр нь 32 айлтай бөгөөд 107 хүн амьдардагаас өдрийн цагаар 52 хүн гэртээ байна хэмээн тооцоолжээ. Үүнээс гамшгийн үед 15 хүн нас барж, 15 хүн хүнд, хөнгөн гэмтсэн хэмээн үзсэн байна.
Сургуулилтын үеэр гамшгийн үед гарч болох хулгай дээрмийг хүртэл Нийслэлийн цагдаагийн газрын хэв журмын албаныхан хэрхэн зохицуулахыг ч тооцоолсон байна. Түүний зэрэгцээ гамшигт өртсөн иргэдэд сэтгэл заслын эмчилгээ үзүүлж, халуун хоол, ундаар хангах, орчныг ариутгах зэрэг ажлыг ч багтаажээ.
Газар хөдлөлт болж, нурсан байшинд дарагдсан иргэдийг аварсны дараа тухайн нөхцөл байдалд ажиллаж байгаа албаныхан “чимээгүй зогсолтыг” хийдэг байна. Хүн бүхэн хоорондоо нэг, нэг метрийн зайтай зогсож, 3-4 минутын хугацаанд нурангинд дарагдсан байж болзошгүй хүмүүсээс ямар нэгэн чимээ гарахыг хүлээнэ. Энэ хугацаанд дуу чимээ гарахгүй бол үйл ажиллагааг зогсоож, дараагийн арга хэмжээнд шилждэг ажээ.
Өнөөдрийн сургалтанд Улаанбаатар хотын мэргэжлийн бүх албад оролцлоо. Мөн Шадар сайд М.Энхболд тус ажиллагааг сонирхлоо. Та бүхэн холбоотой видео болон фото мэдээнээс команд штабын сургуулийг хүлээн авч үзнэ үү.
No comments:
Post a Comment