Ноолуурын ханш өсч байгаа нь өвөл, хаврын хүнд хэцүү цагийг даван туулж буй малчдын магнайг бага ч болов тэнийлгэж байна. Одоогийн байдлаар түүхий эдийн "Эмээлт" зах дээр кг ноолуур 50 орчим мянган төгрөгийн үнэтэй байв. Харин зүүн аймгуудын нутгаар ноолуурын ханш нэлээн өндөр байгаа аж. Тус бүс нутагт ноолуур 53-54 мянган төгрөгт хүрчээ. Ноолуурын үнэ ийн нэмэгдэж байгааг иргэд янз бүрээр тайлбарлаж байна. Зарим нь үнийн хөөрөгдөл хэмээн үзэж байгаа. Тэгвэл нөгөө хэсэг нь бодит ханш хэмээж байна. Мөн ноолуурын ханш энэ сарын сүүлээр огцом буурна гэх яриа ч гарах болов.
Хятадууд орж ирж ноолуурын ханшийг өсгөсөн
Ноолуурын ханш яагаад нэмэгдэж байгаа талаар түүхий эдийн ченж Г.Наранбаатар гэх залуугаас тодрууллаа.
-Он гарснаас хойш ноолуурын ханш аажмаар өсч байсан бол сүүлийн хэдэн долоон хоногийн хугацаанд үнэ нь огцом нэмэгдлээ. Энэ нь юутай холбоотой вэ?
-Манай улс ноолуураа урд хөрш рүү гаргаж байгаа. Тиймээс Хятад ченж нар ноолуурын үнийг тогтоодог гэж болно. Сүүлийн долоо хоногуудад Хятад ченж нар олноор орж ирж ноолуур их авч байна. Үүнийг дагаад эрэлт нэмэгдэж, үнэ нь өсч байна. Хятадад эдийн засгийн байдал нь сайжирсан учир ноолуурын эрэлт нэмэгдсэн байх.
-Хэрэв Хятадууд ноолуур авахаа больчихвол үнэ нь унах уу?
-Тийм ээ. Хятадууд олноор ирж ноолуур авч байгаа болохоор үнэ нь өсөөд байна. Хэрэв авахаа больчихвол үнэ нь унана. Энэ тохиолдолд дотоодын үйлдвэрүүдэд нийлүүлнэ. Гэхдээ ханш нь 30 гаруй мянган төгрөгөөс хэтрэхгүй болов уу.
-Ноолуур хэр их тушааж байна вэ?
-Тушааж эхэлж байна. Зарим айл ноолуурын үнийг улам өсгөж байгаад өгнө гээд хадгалсан бол нөгөө хэсэг нь үнэтэй дээр нь тушаана гээд авчирч байна. Хүн хүний сонирхол, тооцоо байгаа байх.
Ноолуурын үнэ энэ сарын сүүлээр унана
Монголын ноос, ноолуурын холбоо ноолуурын ханш зохиомол хөөрөгдөл хэмээн үзэж байна. Энэ талаар тус холбооны дэд тэргүүн Г.Ёндонсамбуугаас тодрууллаа.
-Ноолуурын үнэ өсч буй нь юутай холбоотой вэ?
-Энэ нь хэд хэдэн шалтгаантай. Юуны өмнө Хятадын зарим бүс нутгуудад зуд болсон. Үүнээс шалтгаалж мал багагүй хорогдсон. Ингээд ноолуурын хэрэгцээ үүссэн тул манайхаас ноолуур авах нь нэмэгдэж байна. Мөн дэлхийн улс орнуудад санхүү, эдийн засгийн хямрал илааршиж ноолуурын хэрэгцээ өссөн. Үүнийг дагаад ноолуурын эрэлт нэмэгдэж байна. Дараагийн нэг ноцтой шалтгаан нь манай дотоодын үйлдвэрүүдийг унагах гэсэн явуулга яваад байна. Өөрөөр хэлбэл, ноолуурын үнийг зохиомлоор хөөрөгдөж дотоодын үйлдвэрүүдийг унагаж өрсөлдөгчгүй болох гээд байна.
-Үнийн хөөрөгдөл байгаа гэдгийг хэрхэн нотлох вэ?
-Дэлхийн зах зээл дээр кг ноолуур дунджаар 35-36 мянган төгрөг байгаа. Гэтэл манайд 50 гаруй мянган төгрөгөөр авч байна. Энэ нь үнийн хөөрөгдөл байгаа гэдгийг харуулж байна. Дотоодын үйлдвэрүүд дэлхийн зах зээлийн ханшаар ноолуур худалдан авч бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр ашигтай ажиллаж чадна. Тэндээс дээш гарвал ашиггүй. Гэтэл Хятадууд өндөр үнэ хэлэхэд малчид дотоодын үйлдвэрүүдэд ноолуураа өгөхгүй байна. Энэ нь дотоодын үйлдвэрүүдийг түүхий эдийн хомсдолд оруулж, хаалгаа барих шалтгаан болж байгаа юм. Ингээд Хятадууд манай дотоодын үйлдвэрүүдийг унагасны дараа ямар ч өрсөлдөгчгүй болно. Энэ үед нэг кг ноолуурыг 10 мянган төгрөгөөр л авна шүү дээ.
-Хэрэв зэх зээлийн ханшаас өндөр буюу 50 мянган төгрөгөөр ноолууp худалдаж авах нь алдагдалтай юм бол Хятадуудад ч бас эрсдэл үүсч байгаа юм биш үү?
-Тэд өнгөрсөн жил ноолуур 20 гаруй мянган төгрөг байхад нь их хэмжээгээр худалдаж аваад нөөцөлчихсөн. Харин одоо 50 гаруй мянган төгрөгөөр худалдан авснаар ямар ч алдагдал хүлээхгүй. Өөрөөр хэлбэл, хямд үнэтэй ноолуурын дундаж ханш нь дэлхийн зах зээл дээрх ханштай ижил түвшинд очиж байна. Гэтэл манайд нөөцөлсөн ноолуур байхгүй. Өнгөрсөн жил манай улс ноолуурын 4000 төгрөгийн татварыг тэглэхэд Хятадын тал 10 юаниар татвараа нэмэгдүүлсэн. Энэ нь Хятадын тал маш богино хугацаанд өөрт ашигтай хувилбарыг сонгож, бодлоготой ажиллаж байгааг харуулж байна. Гэтэл манайд бодлого алга.
-Гэхдээ зуд турханд нэрвэгдсэн малчдад ноолуурын үнийн өсөлт эерэгээр нөлөөлж байгаа шүү дээ.
-Малчдад мөнгө хэрэгтэй байгаа нь үнэн. Гэхдээ өнөөдрийн хүндийг маргаашийг бүр хүндээр сольж болохгүй. Ноолуурын үнэ өндөр байгаа нь цаг хугацааны асуудал. Энэ сарын сүүлээр үнэ нь унана. Хэрэв Хятадууд дотоодын үйлдвэрүүдийг унагачихвал ноолуурыг хүссэн үнээр авах болно. Иймд төр засаг үүнд анхаарч татвараар зохицуулалт хийх хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд ноолуурын үнэ тогтвортой өсөх боломж бүрдэх юм. Учир нь дэлхийн зах зээлд бэлэн бүтээгдэхүүний үнэ дээш, доош таван хувиар л хэлбэлздэг. Өөрөөр хэлбэл, бидний өмсч байгаа цамцны үнэ ямар ч үед хэд гурван төгрөгөөр л өсч, буурдаг биз дээ. Тэгвэл бүтээгдэхүүний үнэ хэлбэлзэхгүй байвал түүхий эдийн ханш тогтвортой байна гэсэн үг.
Мөн манай улсад бүтээгдэхүүнээ борлуулж чадахгүй гэсэн зовлон байхгүй. Үйлдвэрүүд захиалгаа дийлэхгүй өдөр, шөнөгүй ажиллаж байна. Иймд төр засаг дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжсэн бодлого явуулж, мөн том үйлдвэрүүд барьвал ажлын байр нэмэгдэнэ. Ноолуурын үнэ ийн нэмэгдэж байгаа нь хэсэгхэн хугацаанд үйлчилнэ. Үүний оронд тогтвортой бодлого хэрэгтэй.
No comments:
Post a Comment