Wednesday, December 16, 2009

9.1




Бид та бүхэндээ сэтгэл хөдлөм нэгэн бодит түүхийг толилуулж байна. Эндээс, бид Ертөнцийн Эзэн бидний амьдралд хэрхэн тусалж, хайр энэрлээ харуулж байсныг эргэцүүлэн бодож, хэзээ ч хувиршгүй хайраараа биднийг хайрласан Их Эзэндээ талархсан.
Бид амьдралдаа тохиолдох зарим зүйлийн цаад учрыг ойлгохгүй, магад хэзээ ч мэдэхгүй байж болох ч, амьдралд маань болж буй бүхнийг бидний сайн сайхны төлөө ажиллуулдаг (Ром 8:28) Ертөнцийн Эзэн маань бүхнийг хянан удирдаж байгаа. Бүгдээрээ үүнд итгэж зоригтой, итгэлтэй байцгаая.
2003 оны 09-р сарын 11-ний өдөр АНУ-ын Виржиниа мужийн Норфолк хотоос нэг хүн радио руу утасдан доорх түүхийг ярьжээ:
“2001 оны 09-р сарын 11-ний дайралтаас хэдэн долоо хоногийн өмнө эхнэр бид 2 анхныхаа хүүхдийг олсноо мэдсэн. Эхнэр маань Калифорни руу эгчийндээ очихоор төлөвлөсөн байлаа. Онгоцны буудал руу явж байхдаа бид түүний аян замыг аюулгүй байлгаж, хамт байхыг Ертөнцийн Эзэнээс гуйсан юм. Намайг “амээн” гэж хэлээд удаагүй байтал тас хийсэн чанга чимээ сонсогдож машин  маань хүчтэй доргив. Машины маань дугуй хагарчээ.
Би дугуйгаа аль болох хурдан сольсон боловч эхнэр маань суух онгоцноосоо хожимдчихжээ. Бид хоёул ихэд урам хугарч, гэр лүүгээ буцсан юм. Гэтэл Нью-Иорк хотын Гал түймэртэй тэмцэх албанд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан эцэг маань утасдаж, эхнэрийн маань онгоцны дугаарыг асуухад би онгоцонд сууж чадаагүй учрыг тайлбарлав. Харин аав эхнэрийн маань суух байсан онгоц өмнөд цамхагийг мөргөснийг надад мэдэгдсэн юм. Тэгэхэд би үг ч дуугарч чадахгүй их цочирдсон.
Мөн аав маань хүмүүсийн аврахад гар бие оролцох гэж байгаагаа хэлэв. “Ийм юм болж байхад би зүгээр сууж чадахгүй нь. Ямар нэг юм хийх хэрэгтэй байна” гэж тэр хэлсэн юм. Харин би аавынхаа аюулгүй байдалд санаа зовж байв. Аав маань хэзээ ч Христэд амьдралаа өгч байгаагүй учраас сэтгэл минь маш их зовж байв. Би аавыгаа болиулах гэж хэсэг маргалдсаны дараа түүнийг нэгэнт шийдсэн болохыг мэдсэн юм. Тэр утсаа тавихын өмнө: “ачийг минь сайн харж хандаарай” гэсэн юм. Энэ бол аавын маань хэлсэн сүүлчийн үг байсан юм. Тэр, хүмүүсийг амийг аварч яваад амь үрэгдсэн.
Эхнэрийнхээ аюулгүй байдлыг гуйсныхаа хариуг тэр дор нь авсан баяр хөөр маань уур хилэн болж хувирав. Би Ертөнцийн Эзэнд, аавдаа, өөртөө уурласан. Аавын минь амийг авсны төлөө би Ертөнцийн Эзэнийг буруутгаж бараг 2 жил болсон. Хүү маань өвөөгөө огт мэдэхгүй, миний аав хэзээ ч Христийг хүлээж авч байгаагүй, бас би аавтайгаа салах ёс ч хийж чадалгүй өнгөрсөн байдаг.
Гэтэл нэгэн явдал тохиолдов. Бараг 2 сарын өмнө намайг гэртээ эхнэр, хүүтэйгээ байж байтал хаалга цохив. Би эхнэр лүүгээ хараад хүн ирэхийг огт хүлээгээгүй болохыг нь мэдэв. Хаалга онгойлгоход эхнэр нөхөр хоёр хүүгийнхээ хамт зогсож байлаа.
Нөхөр нь над руу хараад аавын минь нэрийг Жэйк Мэтьюс мөн эсэхийг асуув. “Тиймээ, мөн” гэхэд минь өнөөх эр гарыг минь шүүрч аваад: “надад таны эцэгтэй уулзах боломж огт гараагүй боловч түүний хүүтэй нь уулзаж байгаа маань нэр төрийн хэрэг” гэв.
Тэр надад тайлбарлахдаа, эхнэр нь Дэлхийн Худалдааны Төвд ажилладаг байсан бөгөөд террористуудын дайралтын дараа дотор түгжигдсэн байжээ. Тэр үед хөл хүндтэй байсан эхнэрийг нь эвдэрхий нуранги дороос олоод  гаргаж аварсан хүн миний аав байжээ. Аав минь ийм хүмүүсийн төлөө амиа өгснийг бодоод өөрийн эрхгүй нүдэнд минь нулимс дүүрэв. Тэр хүн цааш нь: “гэхдээ та нэг зүйлийг мэдэх хэрэгтэй” гэхэд түүний эхнэр өөрийг нь гаргаж аврах гэж зүтгэж байхад нь аавтай маань ярилцаж, түүнийг Христ рүү авчирснаа хэлсэн юм. Энэ мэдээг сонсоод би асгартлаа уйлсан юм.
Намайг мөнхийн улсад очиход аав маань Есүсийн дэргэд зогсоод намайг урьж, улмаар энэ гэр бүл өөрсдийн биеэр аавд маань талархлаа илэрхийлэх боломжтойг би мэдсэн. Тэд хүүгээ төрөхөд нь эх, хүү хоёрын төлөө алтан амиа өргөсөн хүний гэгээн дурсгалд зориулж хүүгээ Жэйкоб Мэтью гэж нэрлэсэн юм.
“Хүнд дарамт үүрч, зовлонд унасан хүмүүс ээ, та нар Надад итгэ. Тэгвэл Би амар тайвныг өгье… Учир нь Би хонь шиг номхон бөгөөд туйлын энэрэнгүй зантай… Та нарын сүнс амар тайван байх болно” Есүс.

No comments:

Post a Comment