Wednesday, December 16, 2009

Ертөнцийг үзэх үзлийн тухайд - Христ итгэл ба бурхангуйн үзэл




Эдүгээ бидний амьдарч буй нийгэм, дэлхий ертөнц маань ертөнцийг үзэх үзлийн ширүүн тулаанд хөл алдаж байна
. Хүн төрөлхтөн Бүтээгч Бурханаасаа урван тэрсэлсэн тэр мөчөөс өнөөг хүртэл энэ тулаан үргэлжилсээр, утга агуулгын хувьд улам баяжсаар л… Намайг хүүхэд байхад коммунист дэглэмийн үзэл бодлоор хүмүүсийн тархийг “зад” угааж, марксизм – ленинизмийг хүүхэд байхаас нь хүмүүсийн тархинд суулгадаг байсан гэлцдэг.
Би ч хүүхэд байсан болохоор сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ л бага ангид сурч байсан зүйлсээсээ бага сага санадаг юм. Гэвч өнөөдөр олон ургальч үзэл, даяарчлалтай хөл нийлүүлэн алхаж буй бидний хувьд хүссэн хүсээгүй энэхүү ертөнцийг үзэх үзлийн тулаанд татагдан оролцож байна. Хуучин коммунист дэглэмийн үзэл бодлын үндсэн дээр дөрөөлөн хүчтэй босож ирсэн бурхангүйн үзэл, өдөр ирэх тусам энэ үзэлтэй өөрийгөө адилсгахыг хичээж буй буддын шашин, бас дээр нь бөө мөргөл, мусульман шашин, христитгэл, бахай, мүүнизм, мормонизм, фэнг-шүй, бясалгал, иога гээд өөр юу, юу ч билээ… Ядаж байхад дэлхий даяар хүч нөлөөгөө авч, олон хүмүүсийн сэтгэлийг зовоож буй “постмодернизм” гуай сүүлийн жилүүдэд монгол залуучуудын маань дунд ч хүч нөлөөгөө нилээд авч байх шиг… Өнгөц харахад энэ бүхэн зүгээр л шинжлэх ухаан болон шашны талаарх л асуудлууд мэт харагддаг л даа. Гэвч үүний цаана хэдэн мянган жилийн турш үргэлжилсээр буй ертөнцийг үзэх үзлийн энэ тулаан өнөөдөр бүр ч хүчтэйгээр өрнөсөөр байна. Тиймээс “би шашин сонирхдоггүй” гээд хойш тавих зүйл бол энэ бишээ.
Учир нь энэ тулаанд бид хүссэн ч, хүсээгүй ч татагдан оролцсоор л байна. Та юунд итгэж байна тэр итгэл чинь таныг бүх л зүйлд хөтлөн чиглүүлэх луужин чинь болж байдаг. Жишээ татъя л даа, магадгүй та хүний амьдрал санамсаргүй үүссэн гэж үздэг бол үр хөндөлт хийлгэж, амиа хорлож, зугаацаж цэнгэж, хулгай дээрэм хийж байсан ч яадаг юм…? Цаашилбал, баригдчихгүй л бол хахууль өгч, авалцаад, нууц амрагтай байж, хааяа нэг “буудалд” хоноглоод, “хүчтэй нь хүчгүйгээ…” гэдэг шиг хүчээр бүхнийг шийдээд, ижил хүйстэнтэйгээ явалдсан ч яадаг юм. Саяхан би интернэтээр хэсэж яваад нөгөө “муу” Гамбууштай ярилцсан нэвтрүүлгийг санаандгүй олоод үзчихлээ. Өөрийнхөө гомо гэдгээрээ бахархаад ч байгаа юм уу хаашаа юм бэ дээ, их л бахархалтай ярьж суух юм. Бурхан байхгүй гэж бодож буй түүний хувьд энэ нь угаасаа л байх ёстой зүйл бололтой.
Магадгүй та буддист бол нэг хийморийн сан тавиулаад, лам багшдаа зам мөрөө даатгачихвал ч айдгаа авдартаа хийчихлээ л гэсэн үг… Тэгээд л лам багш л болохгүй гээд хэлчихгүй бол юу л бол юу л хийнэ дээ. Хүчтэй, чадалтай лам арыг нь дааж байгаа юм чинь… (Гэхдээ юуны арыг, яаж даагаад байгаа нь бас л сонин…?)
Хэрвээ та христитгэгч бол Бүтээгч Бурхан Эзэнийхээ хүслийг даган амьдрах нь таны эрхэм дээд зарчим байж таарна… гэх мэтчилэнгээр таны аливаад хандаж байгаа хандлага бүр, магадгүй үйлдэл бүр чинь, баримталж байгаа байр суурь чинь яг таны ертөнцийг үзэх үзэл хийгээд итгэл бишрэлээр чинь удирдуулж байна шүү дээ. Үүний чинь цаана л миний яриад байгаа ертөнцийг үзэх үзлийн тулаан явагдаад байгаа юм.
Өнөө бидний үе бол монголчууд бидний хувьд энэхүү ертөнцийг үзэх үзлийн тулаанд татагдан орж байгаа анхны мөчлөгт үе бишээ. Түүхэндээ бид хэд хэдэн удаа энэхүү тулаанд хүчтэй татагдан орж байснаас хамгийн тод томруунаар түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн үе нь Их Монгол гүрний үе билээ. Бид бүхний сайн мэдэх Мөнх хааны зохион байгуулсан шашны мэтгэлцээн бол энэхүү тулаан Монголд хичнээн хурц ширүүн явагдаж байсныг илтгэх нэгэн жишээ.
Ер нь хүн юунд итгэж, ямар үзэл бодлыг өөртөө төлөвшүүлснээсээ шалтгаалан аливаа асуудалд хандаж, аливаа үйлдлийг хийдэг гэдгийг дээр дурдсан. Тэгвэл эдгээр үзлүүдээс дэлхий дахинаа хамгийн хүчтэй дэлгэрэн нөлөөллөө үнэмлэхүйц тогтоосон зонхилогчдыг дурдвал:
  • Христитгэл
  • Бурхангүйн үзэл
  • Исламын шашин
  • Буддын шашин болон бусад олон бурхант шашнууд болно.
Өөрөөр хэлбэл, энэ бүхэн ихэвчлэн шашны үзэл номлолын хооронд өрнөдөг. Шинжлэх ухааны тэргүүлэх шугам дээр гол тулаан христитгэл болон бурхангүйн үзлийн хооронд өрнөсөөр байгаа. Ялангуяа сүүлийн 200-300 жилд маш хүчтэй өрнөж байна. Исламын шашны хувьд магадгүй гадаад, дотоодынхоо хямрал болон тэмцэл мөргөлдөөнийхөө улмаас ч болдог уу, эсвэл өөр учир шалтгаантай ч юм уу шинжлэх ухааны тэргүүлэх шугам дээр гол тулаанд нөлөөтэй оролцож чаддаггүй. Харин буддын шашны хувьд энэ тал дээр нилээд сул. Тийм ч учраас сүүлийн үед зарим хүмүүс буддизм бол шашин биш харин философи гэж ярих хандлагууд гарч эхлээд байна.
Буддизм:
Монголчууд бидний дунд гүн гүнзгий үндэслэн хөгжсөн буддизмын тухайд арай илүү тогтон ярих хэрэгтэй болов уу. Үнэндээ буддизм монголд хөгжихдөө бусдаасаа хол тасарч хөгжсөн ч юм уу, эсвэл илүү дэвшилтэт үзэл онол, номлолтой байсан учраас монголд хөгжсөн юм биш ээ. Энэ бол монгол хаадын бодлого, Их Засаг хуулийн үзэл баримтлалтай холбоотойгоор бодлогоор хөгжүүлж, өөриймсүүлж хүлээж авсан юм. Учир нь монгол хаадын хувьд эртнээс нааш монголчуудын шашин байсаар ирсэн бөө мөргөлөө тэд хаяхыг хүсээгүй юм. Их Засаг хууль өдгөө бидэнд өвлөгдөн ирээгүй ч гэлээ судар бичгүүдэд тусгагдан үлдсэн мөрүүдийг нь харвал Их Засаг хууль ч бас бөө мөргөлөө хадгалан үлдэхийг эрмэлзэж байсан юм уу даа гэмээр сэтгэгдэл төрдөг. Гэвч угийн суурь номлол муутай бөө мөргөлийн хувьд үзэл бодлын энэ ширүүн тулаанд тэсэн гарч, давж үлдэх бараг боломжгүй байлаа. Pax Mongolica-ийн доор улам бүр даяарчлагдаж байсан тухайн үед бөө мөргөлөө өөр шашны үзэл номлолоор сэлбэн сэлгэхгүй л бол авч үлдэх боломжгүй болсон байж. Гэвч тухайн үед монголд хүчтэй нэвтрэн орж ирж байсан үзэл номлолуудын (христийн нестор шүтлэгтнүүд, мусульманчууд, католикчууд, буддистууд г.м.) дотроос бөө мөргөлийг хүлээн зөвшөөрч, уусан нэгдэх “уриалгахан” бодлогыг дан ганц буддистууд л баримталж байсан бололтой. (Мэдээж хэзээний дайсагналцдаг Хятадаас сонголт хийсэнгүй) Тийм ч учраас бөө мөргөлөө хадгалан авч үлдэн, цааш нь хөгжүүлэхийн тулд монгол хаад буддын шашныг түлхүү дэмжин хөгжүүлжээ. (Энэ талаар дэлгэрэнгүй судалгааг: Др. Хью Россын “Түүхийн балархай жимээр” номоос үзээрэй). Эсрэгээр өрнө зүгээс түрэн орж ирж байсан исламын шашны түрэлт хийгээд, күнзийн үзэл суртал хийгээд бумбын шашин зэргээр өвч бүрэн зэвсэглэсэн үй түмэн хятадуудын шахалтын улмаас тун хүнд байдалд ороод байсан буддын шашны хувьд монгол хаадын өмгөөлөл хамгаалал, нөмөр нөөлөгт багтаж байж л энэ түрэлтийг зогсоон, тэсэж үлдэх боломжтой байжээ. Тиймээс л буддын шашин (түүн дотроо төвдийн шашин) монголчуудад тал засаж, бөө мөргөлд уриалгахан хандаж, нүүр царайгаа өөрчилсөн нь тэр.
Тиймээс өдгөө монголд буй шарын шашныг бөө мөргөлөөс, бөө мөргөлийг шарын шашнаас ялгаж салгахад хэцүү байгаад байгаа юм шүү дээ. Буддистууд тэр үед ийнхүү хаашаа л бол хаашаа хөлбөрч монгол хаадад “тал засаж” чадсанаараа монголчуудын өмгөөлөл хамгааллыг олж, улмаар монгол ноёд тэднийг өмгөөлж сүүлдээ хоорондоо хүртэл “занчилдаж” байсан байх юм. Мэдээж үүнд өөр улс төрийн учир шалтгаанууд бас байсан л даа. Гэхдээ л буддистуудын нөлөө маш их байсан. Монгол хаадад тал засаж чадсандаа ч буддын шашин үзэл бодлын хийгээд улс төрийн тун хүнд ширүүн тулаанд амьд үлдэж чадсан.
Гэтэл өнөөдөр шинжлэх ухааны асар хурдацтай хөгжлийн эрин үед буддын шашинд дахин шинэ сорилт тулгарлаа. Энэ шинэ цохилт буддын шашны нэн эмзэг тал болох ертөнцийн үүсэл гарлын талаарх суурь онол, үзэл баримтлал, бурханы бодгаль оршихуй гэсэн цэг дээр бууж байгаа юм. Миний л мэдэхээр бадамлянхуа цэцгийн суурин дээр ч гэдэг билүү, эсвэл аварга том яст мэлхийн нуруун дээр ч гэдэг билүү дэлхий, сав шимийн ертөнц оршин тогтнодог гэж сургадаг байсан буддын шашин… Үхэрт бөөр өгөхөө мартсан бурхан багшийн домог, Намсрай гэгч шунахай баян эр бурхны хаана байгааг “зөн”-гөөрөө тааж олсноор нирваан дүрийг олж, бурхан болсон домог (хэт хялбаршуулан бичсэн учир ойлгож үзээрэй) зэргээр ард олныг сургадаг байсан буддын шашин сүүлийн 100-аад жилд танигдахгүй болтлоо дүр төрхөө өөрчилж байна. Үүнд мэдээж Соён Гэгээрлийн хөдөлгөөн хүчтэй нөлөөлсөн нь ойлгомжтой. Дээрх хүнд цохилтыг дааж даван гарахад буддын шашинд яалт ч үгүй шинэ түшиг тулгуур, хамсаатан хэрэгтэй. Тиймээс магадгүй үзэл бодлын энэ ширүүн тулаанд амьд үлдэхийн тулд дахин “тал засаж” байгаа бололтой.
Ингэж хэлсний учир нь дэлхий ертөнц хумхийн тоосноос үүссэн гэж буддын шашин үздэг гэж сүүлийн үед их ярьдаг болсон. “Энэ бол яах аргагүй шинжлэх ухаанч шашин” гэж өөрсдийнхөө талаар өөрсдөө ч нэг хэлж үзээд, өрөөлөөр ч хэлүүлж үзэж байх шиг… Ингэж хэлснээрээ буддын шашин бол бурхангүйн үзэлтэй шашин гэж өөрсдөө тунхаглан зарлаж байгаа хэрэг болно. Улмаар бурхангүйн үзэлтэй учраас шашин гэж нэрлэхэд хүнд учир зарим хүмүүс буддизмыг шашин биш философи гэж “мэтгэж” эхэлж байх шиг. Ингээд өнөө үеийн үзэл бодлын ширүүн тулаанд буддистууд бурхангүйн үзэлтнүүдтэй нэг тал болон оролцож эхлэв ээ. Гэхдээ цаана нь олон төвөгтэй асуултууд үлдэж байна л даа. Ганданд мөргөхөөр цувж буй, Утай, Гүмбэн, Лхас уруу цувж буй сүсэгтэн олны цуваа юунд мөргөхөөр, хаашаа, яах гэж цуварч байна вэ?… гээд л асуултууд ар араасаа цуварч эхэлнэ дээ. Мөр гаргах, засал хийлгэх, ар талаа даатгуулах, хараал хийлгэх, хараал хариулах, хойд урд нас сүнс зайлах, сүнс дуудах энэ тэр гээд цааш нь мундахгүй олон зүйлүүд бий. Энэ бүхэнд нэг бол шинэ тайлбар, хариултуудыг өгөх хэрэгтэй болох нь… эсвэл энэ бүгдээсээ татгалзах хэрэгтэй болох нь дээ. Гэхдээ энэ хувьсал нь дуусаагүй, явагдаж л байна. Юу болохыг нь харж л байя…
Бурхангүйн үзэл
За бурхангүйн үзлийн хувьд ч манайхны хамгийн сайн мэдэх зүйл. Өнөөгийн монголын нийгмийн үзэл бодол, онол номлол, боловсрол, шинжлэх ухааны суурь чухам энэ үзэл дээр л тулгуурлан боссон шүү дээ. Эволюцийн онолоос эхлүүлээд л бүх зүйл эхэлнэ дээ. Цааш нь энэ талаар уншъя гэвэл танд монгол хэл дээр мундахгүй олон материал олдоно. Тиймээс энэ талаар би нэг их олон зүйл нуршаад юу гэхэв… Бүтээгч Бурханд итгэж, Түүнд үйлчлэн амьдардгийн хувьд би энэ сэдвийг алгасаад өөрийн гол зүйл рүүгээ оръё.
Христитгэл
Энэ бол өнөө үеийн монголчууд бидний хувьд шинэ, бас бөөн хардлага, болгоомжлол төрүүлж буй зүйл. Учир нь өдөр ирэх бүр хүчээ аван тархан дэлгэрч буй христитгэл олон монголчуудын хувьд болгоомжлол, хардлага сэрдлэгийг, магадгүй бүр зарим нэгнийх нь атаархлыг төрүүлж буй мэт. Саяхныг хүртэл өрнөдөд христитгэлийн нөлөө бүдгэрсээр хуучныг баримтлагч хүмүүсийн хүрээнд л үлдэж, түүний байр суурийг шинжлэх ухаанч үзэл гэгч этгээд ардчилсан эрх чөлөө болон зах зээлийн систем гэсэн хоёр нөхрийнхөө хамтаар хөл нийлүүлэн эзэлж буй талаар шуугиж байлаа. Улмаар бүх ертөнц бурхангүйн үзэлд улам бүр автаж христитгэл хийгээд бусад шашнуудын хувьд үүрд баяртай гэж хэлэх цаг нь ирж байна гээд л мөн ч их шуугиж байв шүү.
Гэвч нэг хэсэг тэргүүлэх байр сууриа алдаж байсан христитгэл тэр чигээрээ алга болчихсонгүй. Сүүлийн нилээд хэдэн жилд христитгэл хөгжиж буй улс орнуудыг байлдан дагуулан, хүчийг олж өрнөдийг эсрэгцэн босож ирлээ. Бүтээлийн онолын хүрээнд ч нилээд мэтгэлцээн өрнүүлсээр шинжлэх ухааны хөгжлийн чиг хандлагад хүчтэй асуулга тавин довтолсоор л… Христитгэлийн энэхүү түрэлт хийгээд “итгэлд суурилсан улс төр” зэрэг зарим “шинэ” хандлагуудаас бүрдэх энэ шинэ давалгаа нь шашингүйн либерализмд (бурхангүйн үзэл үндсэндээ марксист материализм болон шашингүйн либерализм гэсэн хоёр дүр төрхөөрөө бидэнд нэгэнт танил болсон) “аюул занал”-ыг учруулж эхэлж байна. Үнэндээ өрнөдийн нийгэмд христитгэгчдийн үнэт зүйлсийг үл ойшоох хандлага хийгээд тэднийг үл хүндлэх байдал нилээд газар авч байсан билээ.
Өнөөдөр ертөнцийг үзэх үзлийн энэхүү тулаан цоо шинэ түвшинд гарч ирээд байна. Эрдэм шинжилгээ, судалгаа, утга зохиол, гүн ухаан, кино ший, урлаг соёл энэ тэр гээд нийгмийн бүхий л салбарт маш хүчтэй өрсөлдөөн явагдаж байна. Сүүлийн жилүүдэд хийгдэж шуугиан тарьсан Холливүүдийн кинонуудыг харахад л “Христийн зовлон”, “Да Винчийн код”, “Тэнгэр элчүүд ба чөтгөрүүд” гээд л өч төчнөөн кинонууд хийгдлээ. Бас геологи, биологи, астрономи, антропологи, археологи, философи гээд за даа ер нь шинжлэх ухааны бараг бүхий л салбарт ширүүн маргаанууд өрнөсөөр байна. Энэ бүхэн ертөнцийн үзэх үзлийн энэхүү тулаан өнөөдөр цоо шинэ түвшинд, маш хүчтэй явагдаж байгааг илтгэж буй бус уу.
Бид ч хүссэн хүсээгүй энэ тулаанд оролцож байна. Харин аль талд нь зогсох ёстой вэ? Манай аав, ээж, өвөө, эмээ, багш, найз нөхөд ингэж хэлсэн, ингэж үздэг гээд сохроор нэг талыг баримтлах уу? Үгүй ээ, тэгж болохгүй. Бид үнэнийг танин мэдэж, үнэний талд зогсох хэрэгтэй. Бид үнэнээр амьдрах хэрэгтэй. Үгүй бол худал хуурмагийн дотор, худал хуурмагаар, өөрийгөө ч өрөөлийг ч хуурч амьдрахаас өөр аргагүйд л хүрнэ шүү дээ.
Тэгвэл хаанаас, юунаас эхлэх вэ? Мэдээж амьдралын эх сурвалжаас эхлэхээс өөр зам байхгүй ээ. “Үүх түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчинтай адил” гэж нэг үг байдаг байх аа. Тиймээс үүх түүхээ үнэн бодитоор нь мэдэх шаардлагатай. Ингэхдээ сүүлийн 2-3-хан мянган жилийн монголчуудынхаа түүхийг л мэдэх хэрэгтэй гэж байгаа юм биш. Бүр орчлон ертөнцийн эхлэл цэгээс эхлэх хэрэгтэй гэсэн үг. Ингэж байж л жинхэнэ үнэн түүхийг бид олж мэдэж, таньж чадна. Улмаар хэн болохоо ойлгож, цаашид хаашаа ямар замаар алхах зүг чигээ ч баримжаалж чадах юм аа. Тэгвэл хамгийн эхэнд тавигдаж буй асуулт бол мэдээж алдарт асуулт болох“БҮТЭЭГЧ БУРХАН ҮНЭХЭЭР ОРШИН БАЙГАА ЮУ?”, эсвэл орчлон ертөнц хумхийн тоосноос ч юм уу, эсвэл“Их Тэсрэлт”-ээс бий болов уу?.
Мэдээж хүн бүхэн өөр өөрийнхөөрөө энэ асуултанд хариулах гэж оролдох л байх. Зарим нь Бурхан байгаа гэж байхад, харин зарим нь үгүй гэх байх. Бурхан байна гэж үзсэн ч бас л янз бүрээр Түүнийг тайлбарлах гэж оролдох биз. Гэвч бодит үнэн хариулт нь ганцхан бий. Түүх ганцхан жимээр л явагдаж ирсэн. Тиймээс бид тэр үнэнийг мэдэх ёстой. Тэгээд тэр үнэний цонхоор ертөнцийг сайтар тольдон харах ёстой. Тэгэлгүйгээр хуурмаг үзэл бодлын цонхоор амьдралыг хийгээд бүх ертөнцийг харж амьдарвал эцсийн сүүлд “зэрэглээ” хөөж явсаар өлсөж, цангаж, хатаж үхэх вий дээ. Хэрвээ Бүтээгч Бурхан байгаа бол Тэрээр АМЬД НЭГЭН байж таарна. Зүгээр л нэг хөшөө баримал биш, харин ч туйлын идэвхтэй, агуу хүчирхэг НЭГЭН байж таарна. Тиймээс найз минь үнэнийг мэд, үнэн чамайг хуурмаг байдлаас, хоосон зүүднээс сэрээж чөлөөлнө. Утга учиргүй, завхарсан, ялзарсан байдлаас ч чөлөөлөх болно.
Энэ талаар дөнгөж ярьж эхлэх гэж байна. Гэвч нэгэн амьсгаагаар бүхнийг өгүүлнэ гэж байхгүй тул энэ удаадаа ингээд өндөрлөөд дараа нэгэн сайхан өдөр дахин үргэлжлүүлэн хуучлая.

No comments:

Post a Comment