Wednesday, December 16, 2009

Христмас баяраар төрсөн хүү



Исаак Ньютон
1642 онд Англид Есүсийн мэндэлсэн өдрийн үүрийн үнэгэн харанхуйд хоёр эмэгтэй нэгэн тариачны гэрээс гүйн гарчээ. Тэд сарны туяанд цан хяруу гялтганасан тариан талбайгаар яаран өнгөрөхдөө ийш тийш ихэд сэрэмжлэн харна.
Иргэний дайн эхэлж, шөнийн дээрэмчид энд тэндгүй хэрэн хэсүүчилж байсан цаг… Тэд зэргэлдээх харшид очиж хатагтай Пакенхамыг сэрээн босгожээ. Тэр шөнө дөнгөж төрсөн хүнд өвчтэй хүүхдэд эм авахаар тэд ийн явжээ. Тэдний нэг нь: “ийм хүүхэд энэ хорвоод яаж олигтой явах вэ дээ? Түүний эцэг нь 2 сарын өмнө өнгөрсөн, эх нь ядуу. Дээр нь дайн тулаантай, хахир хатуу өвлийн цаг байдаг” гэж гаслав. Хариуд нь нөгөө эмэгтэй нь: “Гэвч тэр Христмас баяраар төрсөн хүүхэд шүү дээ! Мөнхийн Эзэний мутар түүнд онцгой юм бэлдсэн нь гарцаагүй.” Тэгээд тэд яаран буцаж өвчтэй хүүхдэд эм авчирчээ. Гэрийнхэн нь тэр бяцхан хүүгийн төлөө гуйлт хийв. Харин олон хөрш нь жаал хүүг тэсэхгүй үхнэ байх гэж боджээ. Гэвч бяцхан Исаак Ньютон амьдралынхаа анхны Христмас баярын өдрийг давж дөнгөсөн бөгөөд удалгүй хүч тэнхээ орон өсч торнисон юм.
Урьд хождын суутнуудаас хамгийн агуу суу билэгтэн хэмээн олонтаа тодорхойлогдсон энэ агуу зохион бүтээгч- эрдэмтний амьдрал ийн эхэлжээ. Исаак бардамнаж сайрхана гэдгийг мэддэггүй, номхон, төлөв даруу хүн байсан бөгөөд шинжлэх ухааныг нээн судлах хайгуулынх нь эх үндэс, сонирхол нь болсон Библийг унших хорхойтой байжээ. Библид үндэслэсэн түүний мэдлэг нь энэ хорвоо болон орчлон ертөнц нь эмх цэгцтэйгээр барахгүй туршилт хийн судалвал зохих хуулиудад захирагддагийг ойлгож ухаарах боломжийг түүнд өгчээ. Энэ нь түүнийг Кэмбрижийн их сургуульд ноёрхсон, шинжлэх ухааны хөгжлийг саатуулагч эртний грекийн алдаатай гар бичмэлийг няцааж, шинжлэх ухааны түүхэнд хувьсгал гаргасан туршилтуудаа хийхэд нь нөлөөлжээ.
Исаак гэрэл ба таталцлын хүчний талаарх үндсэн нээлтүүдээ хийж, 27-хон настайдаа Кэмбрижийн их сургуульд математикийн профессор болж, төрд парламентийн гишүүнээр алба хашиж, зоос цутгах үйлдвэрийн сахиул байхдаа улс орныхоо зоосны хоцрогдсон системийг эрс сайжруулсан гавъяатай билээ. Тэрээр эх орондоо шинжлэх ухааны анхны хэргэм зэргийг хүртэж агуу хүндэтгэл хүлээсэн хүн юм. Түүнийг нас нөгчихөд шарилыг нь Уэстминстерийн цогчин дуган дахь эзэн хаанд зориулсан бунханд тавьжээ.
Исаак Ньютон төрсөн өдрөөрөө амьд үлдэх аргагүй мэт байсан ч, түүнд зориулсан агуу төлөвлөгөө Ертөнцийн Эзэнд байсны адил таны амьдралд ч бас Түүний агуу төлөвлөгөө бий! Исаак Ньютоны нандигнадаг байсан Библийн үндсийг та өөрийнхөө амьдралын үндэс суурь болгоорой. Тэгвэл та ч бас Ертөнцийн Эзэний гараар хийгдсэн бүхний эмх цэгц, гоо үзэмжийг өөрийн амьдралдаа нээн олох болно.

No comments:

Post a Comment