Wednesday, December 16, 2009
Библи ертөнцийн эзэний үг
Өнөө үед Библийг Ертөнцийн Эзэний үг гэж хүлээж авахад бэрх байдгийн нэг гол шалтгаан нь олон хүн Библи, шинжлэх ухаан хоёрыг хоорондоо зөрчилтэй гэж үздэгт оршино.
Шинжлэх ухаан өнөө үед болж буй янз бүрийн үзэгдэл, үйл явц, бодитой зүйлсийг шалган судалж чадах боловч юмс хэрхэн үүсч, бий болсныг баттай тайлбарлаж чаддаггүй.
Учир нь юмсын гарал үүслийг туршилтаар батлах боломжгүй байдаг. Иймд шинжлэх ухаан зөвхөн баталж болох зүйлийг л харуулж чадахаас биш, дээр үед болж өнгөрсөн зүйлийг харуулж чаддаггүй.
Библийн Ертөнцийн Эзэн бодитой юм бол, Библид бичигдсэн Түүний үг бүтээсэн байгаль дэлхийтэй нь зөрчилдөх ёсгүй. Хэрэв байгаль дэлхий, Библи 2-ын зохиогч нь адилхан Ертөнцийн Эзэн юм бол, шинжлэх ухаан шинэ шинэ нээлт хийх тусам байгальтай зөрчилдөх онолуудыг няцааж, эцэстээ Ертөнцийн Эзэний энэ хоёр “ном” адилхан зүйлийг өгүүлэх нь зайлшгүй. Ертөнцийн Эзэн байгалийн бүх үзэгдлийг далдаас өдөөн, удирдан залдаг бол, шинжлэх ухаан ердөө л тэр үзэгдлүүдийг нотолдог юм. Бид нэг ижил сэдвийн талаар Библийн болон шинжлэх ухааны аль алиных нь дуу хоолойг сонсоход бэлэн байх ёстой. Шинжлэх ухааны мэдлэг нь, наад зах нь Библийг бүрэн гүйцэд судалж мэдэхэд үнэлж баршгүй их тустай.
Шинжлэх ухаан бол манай орчлон ертөнцийг зүй тогтлынх нь дагуу байлгахын тулд Ертөнцийн Эзэний байрлуулж тавьсан байгалийн механизмуудыг нээн олох үйл явц юм. Шинжлэх ухаан нь Ертөнцийн Эзэний бүтээл болох байгалийн нууцууд, тэдгээрийн утга учрыг тайлсаар иржээ. Угтаа шинжлэх ухаан, теологи 2 нэг л орчлон ертөнцийг судалдаг: нэг нь материаллаг бодит зүйлс, нөгөө нь үл үзэгдэх зүйлсийг судалдаг. Бүтээгдсэн энэ орчлон ертөнцийн гарал үүсэл, хувь тавилан, төгсгөлийг бид Библиэс олж мэддэг. Шинжлэх ухаанд аливаа баримтыг логикоор шалгаж нягталдгийн адил бид ч бас байгаа баримтыг логик шалгуураар нягтлан үзэж Библийн үнэн зөвийг баталж болно. Бид шинжлэх ухаанаар дамжин үл үзэгдэх ертөнцийн мөн чанар ба оршин тогтнохуйн шинж дохио, харьцуулал, баталгааг олж хардаг.
Шинжлэх ухааны 5 үндэс
Английн алдарт философич Хэрбэрт Спэнсэр (1820-1903) амьдралынхаа туршид хийсэн судалгааныхаа эцэст цаг хугацаа, хүч, үйлдэл, орон зай, матери гэсэн шинжлэх ухааны 5 үндэс байдаг гэж дүгнэжээ. Тэр 3000 гаруй жилийн өмнө нэг хүний бичсэнтэй яг адил зүйлийг давтаж бичсэнээ огт ухаарсангүй! Тэр хүн нь Мөшэх байсан бөгөөд “Эхлэл” номдоо тэр ингэж бичсэн байв: “Эхэнд [цаг хугацаа] Ертөнцийн Эзэн [хүч] тэнгэр огторгуй [орон зай] болон газар дэлхийг [матери] бүтээжээ [үйлдэл]” (Эхлэл 1:1). Иймд, Библийн хамгийн анхны ишлэлийг уншихад, энэ ариун нандин бичвэрт ямар нэг хосгүй, онцгой зүйл байгаа нь бүтээлч сэтгэлгээтэй ямар ч хүнд илхнээ харагдаж байна. Библийг нарийн нягт судлах юм бол, шинжлэх ухааны маш олон гайхалтай сонин баримтууд илэрдэг билээ. Гэтэл эдгээрийг орчин үеийн шинжлэх ухаанд мэдэгдэхээс ч өмнө Библид бичсэн байжээ.
Одон орон судлал
“Тэрбээр энгүй их огторгуйн дээгүүр умар зүгийг тэлж сунган, оргүй хоосон дээр дэлхийг тогтоожээ” (Иов 26:7) гэж Иов Ертөнцийн Эзэний тухай хэлсэн байдаг. Мэдээж, үүнийг өнөөдөр хүн бүхэн мэднэ. Угтаа бол, манай дэлхий сансарт ямар ч тулгуургүй, хий тогтдог билээ. Харин Иовын амьдарч байсан үеийнхний ойлголт ийм биш гэдгийг бид санах ёстой. Иовтой нэг цаг үед амьдарч байсан хүмүүс дэлхийг аварга том яст мэлхийн нуруун дээр зогссон 4 зааны нуруун дээр тогтдог гэж төсөөлдөг байсан! Эсвэл, ер бишийн хүчтэй хүн дэлхийг мөрөн дээрээ тэгнэдэг гэж төсөөлдөг байж! Дэлхийн тогтоцын талаар энэ мэтчлэн өөр олон этгээд үзэл бодол байсан боловч алин нь ч Иовын адил тодорхой, зөв хэлээгүй байна. Бүгд буруу хэлж байхад Иов азаар таасан гэж үү?
“Газар дэлхийн тойрог дээр Тэр [Ертөнцийн Эзэн] залардаг билээ” (Яашяах 40:22) гэж Яашяах хэлжээ.
Еврей хэлний “тойрог” гэдэг үг нь үгчилбэл: “дугуй” юмуу “бөөрөнхий хэлбэртэй” гэсэн утгатай. Мэдээж, Яашяахын амьдарч байсан үеийн (болон түүнээс хойших олон үеийн туршид) хүмүүс дэлхийг бөөрөнхий биш, хавтгай гэж үздэг байжээ. Дахиад л азаар таалаа гэж үү?
Дуулал 19:5-6-д хэдэн сонирхолтой баримт байдаг. “Дуулал”-ыг бичигч: “огторгуйн нэг захаас нөгөө зах хүртэл тэр урагш даялан тойрох агаад шатам халуунаас нь юу ч нуугдах аргагүй билээ” гэж нарны тухай хэлжээ.
Олон жилийн туршид, Библийг шүүмжлэгчид нар дэлхийг тойрон эргэлддэг гэсэн эртний худал сургаалыг заадаг гэж Библийн энэ ишлэлийг тохуурхдаг байв. Тэгтэл, нар сансарт цагт 600,000 бээр орчим хурдтай хөдөлж байдгийг судлаачид саяхан олж мэдсэн бөгөөд нэг тойрог нь асар том учраас нэг бүтэн тойроход 200,000,000 жил шаардагдана гэж тооцсон байна! Дахиад л азаар таасан тохиолдол гэж үү?
Мөн энэ ишлэлд, нар дэлхийн эрчим хүчний эх сурвалж гэдэг баримтат санааг зохиогч агуулсан байна (“шатам халуунаас нь юу ч нуугдах аргагүй билээ”). Хэдийд бичигдсэнийг нь бодоод үзэхээр энэ үнэхээр гайхалтай үг байгаа биз?
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment