Wednesday, December 16, 2009

хайртай хүмүүсийнхаа төлөө гуйцгаая



 Бид хайртай хүмүүсийнхээ төлөө ИТГЭЛЭЭРЭЭ гуйх хэрэгтэй. Итгэл гэдэг зүгээр нэг үнэмшихээс хавьгүй хүчтэй эд юм. Итгэл бол Ертөнцийн Эзэний Үгэнд бат зогсоно гэсэн үг. Ертөнцийн Эзэний Үг бол Библид бичигдсэн бүх үгс, мөн Ариун Сүнсний танд хэлдэг үг билээ.

Еврейчүүдэд 11:6-д: “Итгэлгүй хүнийг Тэр хэзээ ч таашааж үзэхгүй. Учир нь, Түүнтэй харилцаатай болохыг хүссэн хүн мөнхийн чанарыг нь хүлээн зөвшөөрч, хожим Түүнээс ер бусын шагнал авна гэдэгтээ заавал итгэх хэрэгтэй.” (МБН) Ром 10:17-д хэлсэнчлэн, Ертөнцийн Эзэний үгийг сонсож байх үед итгэл төрдөг. “Сонсож байх үед” гэдэг нь өнгөрсөн биш, одоо цаг юм. Та доорх хэдэн “гуйлтын сэдэв”-ээр хайртай хүнийхээ төлөө гуйхдаа дурьдсан ишлэлүүдийг ашиглан, Ертөнцийн Эзэний Үгээр зэвсэглэж дайсан руугаа дайраарай. Ийнхүү Ертөнцийн Эзэний үгийг гуйлтандаа ашиглахад итгэл чинь улам батжих болно. Адгийн муу ёрын сүнс Есүсээр гэм хийлгэхийг оролдох үед Их Эзэн маань бидэнд үлгэр жишээ үзүүлсэн шүү дээ. “…гэж Түүний сургаалд бичсэн байдаг” гэж хэлэхдээ Есүс ялалт байгуулдаг байжээ. Үүнийг Луух 4-р бүлгээс уншиж болно.
Гуйлтын сэдэв:
1. Тэдний нүдийг нээж өгөхийг гуйх нь:
Үйл явдал 26:17б-18: “Тэдний нүдийг нээж, харанхуйгаас гэрэл рүү хийгээд адгийн муу ёрын сүнсний хүч чадлаас Ертөнцийн Эзэн рүү хандуулахын тулд Би чамайг тэдэнд илгээж байна. Тэгвэл тэд гэмийн уучлалыг хүлээн авч, Надад итгэсэн итгэлээрээ цагаадсан хүмүүсийн дунд байрлах болно.”
2. Тэдний зүрх сэтгэлийг нээж өгөхийг гуйх нь:
2 Тимот 2:25-26: “Их Эзэний зарц хэрэлдэх ёсгүй. Харин ч хүн бүрт найрсаг хандаж, юм заах чадвартай, тэвчээртэй байх ёстой. Өөрийг нь эсэргүүцсэн хүмүүст даруу зөөлөн хандаж үнэнг ойлгуулах хэрэгтэй. Ертөнцийн Эзэн тэдэнд гэмээсээ бүрмөсөн буцах боломж олгоход тэд ухаан орж үнэнг мэдэж, өөрсдийг нь олзолсон адгийн муу ёрын сүнсний урхинаас мултарна гэсэн найдвараар Их Эзэний зарц үүнийг хийх ёстой.”
3. Ром 12:2: “Өөрийгөө энэ дэлхийн хэв маягт нийцүүлэхээ боль.
Харин ухаан бодлоо шинэчлэн байж өөрчлөгдөгтүн. Тэгвэл та нар Ертөнцийн Эзэний тааламжтай, төгс төгөлдөр сайн хүслийг шалгаж мэдэх чадвартай болно.”
Ертөнцийн Эзэний хүсэл бол таны зөв гэж бодсон зүйл чинь биш. Таны хайртай хүмүүст юу хамгийн сайн болохыг Ертөнцийн Эзэн мэднэ!
1Иоган 5:14-15: “Бид Ертөнцийн Эзэний хүсэлд нийцэх зүйлийг гуйвал Тэр биднийг сонсох бөгөөд биднийг юу ч гуйсан Тэр сонсдогийг мэддэг тул гуйсан юмаа авсан гэдгээ бид бас мэднэ. Энэ нь Ертөнцийн Эзэнээс юм гуйхдаа бидний бат итгэлтэй байдгийн шалтгаан юм. ”
4. Тэдний зүрх сэтгэлд нэвтрэх үүд хаалгыг Ертөнцийн Эзэн нээж өгнө:
Холосас 4:3-6: “Бидний төлөө гуйж байгаарай. Шоронд орж гав гинж зүүсний минь шалтгаан болох Есүс Христийн тухай ер бусын нууцыг бусдад тунхаглан дамжуулахаас минь өмнө Ертөнцийн Эзэн хаалга нээж өгөхийг гуйгаарай. Авсан үүрэг даалгаврынхаа дагуу энэ сайн мэдээг тов тодорхой тунхаглахын минь төлөө гуйгаарай. Гадны хүмүүст ухаалаг хандаж бай! Ямар ч боломжийг ашиглаж сур. Үг яриагаа үргэлж хүндэтгэл төрүүлэхүйц, давсаар амталсан мэт байлгагтун. Тэгвэл та нар хэнд ямар хариу өгөхөө мэдэх болно.”

No comments:

Post a Comment