Wednesday, December 16, 2009

Өргөл өгөх зүрх сэтгэл


Бид Бурханд өргөлийг ямар байдлаар өргөх ёстой вэ? Мэдээж хэмжээ нь тухайн хүнээс амьдралын түвшингээс хамааран өөр өөр байдаг. Гэхдээ их ч бай, бага ч бай, бид хандивыг чин сэтгэлээр өргөх хэрэгтэй. Би та нарт нэгэн үлгэр ярьж өгье.
Эрт урьд цагт Энэтхэгийн нэгэн хаан ордноосоо гараад явж байтал нэгэн гуйлгачин тааралджээ. Тэр гуйлгачин гараа тосон хаанаас гуйлга гуйжээ. Тэгэхэд хаан гуйлгачинд “Хэрэв чи надад ямар нэг юм өгвөл би бас чамд өгнө” гэв.


Гуйлгачны хувьд хаанд өгөх зүйл юу байх билээ. Гэхдээ түүнд хажуу айлаасаа гуйж авсан эрдэнэ шиш байсан бөгөөд тэр уутаа задлан “Надад үүнээс өөр зүйл байхгүй” гээд таван ширхэгийг хаанд өгчээ. Хаан түүнийг нь аваад инээмсэглэж алт хийсэн уутаа онгойлгож эрдэнэ шишний тоогоор алт өгчээ. Гуйлгачин мэдээж алтыг баярлан авсан. Гэхдээ дотроо харамсан дуу алдсан гэнэ. “Хэрвээ би эрдэнэ шишийг ууттай нь өгсөн бол уут алт авах байлаа” гэж харамсжээ. Сайн бодоорой. Бага тарьсан нь бага хурааж, их тарьсан нь ихийг хураах болно. Бурхан баяртай сэтгэлээр өгөгчийг хайрладаг.

No comments:

Post a Comment