Wednesday, December 16, 2009

Христмас баярын бэлгэ . . .



Миний найз Пол Христмас баярын бэлгэнд ахаасаа машин авчээ. Христмас баярын өмнөх өдөр Полыг ажлаасаа тарах үед гудамжны нэгэн хүү шил толь болсон цоо шинэ машиныг нь энд тэндээс нь ихэд бахдан харж байлаа. Тэгээд: “Ноёнтоон, энэ таны машин уу?” гэж асуув.
Пол толгой дохиод: “Ах маань үүнийг надад Христмас баярын бэлэг болгон өгсөн юм” гэв. Хүү мэл гайхаж: “Үүнийг тэгээд ах чинь танд өгсөн юм уу?
Тэгэхлээр та үүнд огт мөнгө төлөөгүй байх нь ээ? Пөөх, би ийм байдаг ч болоосой…” гэж тээнэгэлзэн дуугарав.

Мэдээж, түүний юу хүсч байгааг Пол мэдэж байлаа. Тэр хүү түүн шиг сайн ахтай байхыг хүсчээ. Гэвч жаал хүүгийн: “Би тийм ах байсан бол сайхан аа” гэж хэлсэн үг Полын сэтгэлийг ихэд хөнджээ.
Пол мэл гайхаж тэр хүү рүү хараад: “Чи миний машинд сууж явмаар байна уу?” гэж гэнэт асуув. “Тэгэлгүй яахав. Дуртайяа.”
Тэд машинаар хэсэг явсны эцэст өнөөх хүү оч гэрэлтсэн нүдээр түүн рүү хараад: “Ноёнтоон, та энэ машинтайгаа намайг гэрт минь хүргэж өгч болох уу?”
Пол инээмсэглэв. Хүүгийн юу хүсч байгааг мэдсэн гэж тэр бодож байлаа. Тэр хүү том ганган машинаар гэртээ ирж байгаагаа хөршүүддээ харуулахыг хүсэж дээ. Гэтэл Пол дахиад л эндүүрчээ.
“Тэр шатны дэргэд та зогсохгүй юу?” гэж хүү гуйв.
Тэгээд тэр шатаар гүйн өгсөв. Гэтэл удаа ч үгүй түүний буцаж ирэх чимээг Пол сонссон боловч хүү тэр даруй гарч ирсэнгүй. Тэрээр тахир дутуу бяцхан эрэгтэй дүүгээ тэврэн гарч ирэв. Тэгээд дүүгээ шатан дээр суулгаад өөрөө хажууд нь сууж, түүнийг тэврээд машин руу зааж:
“Дүү минь, нөгөөдөх чинь энэ шүү дээ. Дээр өрөөнд чамд ярьсан машин энэ байна. Христмас баяраар ах нь түүнд энэ машиныг авч өгсөн болохоор тэр үүнд сохор зоос ч зараагүй гэнэ. Нэг л өдөр би чамд яг үүн шиг машин авч өгнө өө… Тэгвэл Христмас баярын чимэглэлтэй дэлгүүрийн цонхоор харсан зүйлээ чамд хэлэх гэж би яадаг байлаа, тэр гоё сайхан бүхнийг чи өөрөө харж чадна” гэв.
Пол машинаасаа гараад дүүг нь өргөж урд суудалдаа суулгав. Баярлаж хөөрсөн ах нь түүний хажууд сууж, тэд гурвуул баярын өмнөх тэр өдрийг хэзээ ч мартагдашгүйгээр зугаатай өнгөрөөжээ.
“Өгсөн нь илүү ивээлтэйеэ” гэж хэлэхдээ Есүс чухам юун тухай ярьсныг Христмас баярын өмнөх тэр өдөр Пол ухаарчээ.

No comments:

Post a Comment