Биднийг сул дорой байх үед, Христ тогтоосон цагт бурханлаг хүмүүсийн өмнөөс үхсэн билээ. Ром 5:6
Есүс Христийн загалмайн дээрх цовдлуулалт нь аймшигтай үйл явдал байлаа. Тэр эрүүдүүлэн шүүгдэж, доромжлуулж, цэргүүд түүний гар хөлийг дүнзэнд төмөр гадсаар хадаж, загалмайд тэлэгдэн цусаа урсгасан Есүсийг хүмүүс “Нээрээ л чи Бурханы Хүү юм бол наанаасаа буугаад ир” хэмээн хашгичин басамжилж байв.
Энэ бүхэн таны бас миний төлөө хийгдсэн билээ. Есүсийн, загалмайн дээрх үхэл нь сул доройн шинж бус, газар шороон дээр мөрөө гаргагч хүмүүний дортроос урьд хожид байгаагүйгээр, бүр хамгийн эрх мэдэлтэй бөгөөд хүч чадалтайгаар өөрийгөө зориулсан хайр нигүүлслийн өргөл байлаа. Түүний загалмайн дээрх үхэл нь арга ядаад амиа хорлосон хэрэг бус, харин Бурхан махан биеэр ирж, Өөрийн бүтээлийн төлөө цусаа зориулсан үйлс байлаа. Тэгээд түүх төгссөнгүй…
Есүсийг амьсгал хураасны дараа Түүний биеийг хөвөн даавуугаар ороон хадан булшинд оршуулав. Түүнээс хойш 3 өдрийн дараа өмнө нь Өөрийнхөө тухай хэлж байснаар Эзэн үхлээс гайхамшигтайгаар дахин амилав. Дахин амилалтын тухай Өөрийнх нь дагалдагчид, өөр өчнөөн олон хүн мэдэж байлаа. Шарилыг алдахгүйгээр манах хатуу чанд үүрэгтэй Ромын цэргүүд ч олноороо харуулд байв. Тэдний ой ухаанд Бурханы ажлыг хэн ч зогсоож чадахгүй гэдэг ойлголт байсангүй. Эзэнийг дээш өргөгдөхөөс өмнө Есүсийг 500 гаруй хүн харж гэрчилсэн ажээ. Одоо Есүс Бурхан Эцэгийн баруун талын сэнтийд заларч, мөнхийн амьдралыг авах өөрийн хүүхдүүдийн төлөө залбирч байгаа.
Христ дэлхийд үхэхээр ирсэн. Есүсийн үзүүлсэн гайхамшигуудаас олон хүн Түүнийг Бурханы Хүү хэмээн мэдсэн ч, харин Түүнийг үхэхээр ирснийг ухаараагүй. Эзэн Есүс ийн үхлийн шалтгаан нь хүмүүс бидний гэм нүгэл байв. Ариун Библи дээр, энэ дэлхий тэр чигээрээ самуурч, гэм нүгэлд унасан гэдэг. Гэм нүглийн наад захын жишээ гэхэд л худал хэлэх, эцэг эхээ үл хүндэтгэх, ам хэлээрээ муу үр тарих гээд дурьдаад байж болох юм. Ариун Библи бидэнд сургахдаа Бурхан ХЭЗЭЭ Ч гэм нүгэл хийдэггүй, тиймээс гэм нүгэлтнүүд Түүнтэй хамт амьдрахгүй гэдэг. Бурхан бидэнд маш их хайртай тул Өөрөө хүн биеэр дэлхийд ирж, бидний гэмийн төлөө загалмай дээр амиа өргөсөн билээ. Түүний ариун цус хүмүүсийн гэм нүглийг цагаатгаж, төлсөн юм. Гэхдээ тэр булшлагдаад , үхсэн чигээрээ үлдээгүй юм. Гурав дахь өдрөө үхлээс босож, олон зуун хүнд өөрийгөө харуулж, Бурханы улс уруу осдсон юм. Библид бичсэний дагуу өөрийн гэмийг хүлээж, Есүс Христийн үхсэн болоод Түүний дахин амилсанд итгэж, амьдралаа Эзэнд өгсөн хүн бүр дахин төрж, тамаас аврагдах болно.”Эзэний нэрээр дуудах хэн ч аврагдах болно” гэж Ром 10:13 –д хэлдэг. Хүн, Христитгэлтэй болсноор гэмт хуучин амьдралаас Христ дорторх шинэ амьдралд дахин амилдаг. Эзэн Христэд амьдралаа өгсөн олон сая хүмүүсийн амьдралыг Эзэн өөрчилсөөр байна. Есүс монголчуудыг маань ч хайрлан ивээдэг. Тиймээс итгэгч хүмүүс сүнсний амар тайван дотор амьдарч , Есүсийн тухай өөр, өөр үндэстэн , улсуудад тунхаглан өгүүлдэг билээ. Есүсийн хүчээр Христэд итгэгчид бид үхлээс боссон юм. Эзэний загалмайн үхэл ба дахин амилалт нь Христэд итгэгч хүний итгэлийн үнэн бөгөөд бусадтай хуваалцах агуу сэдэв бөлгөө. Үнэхээр Есүсийн үхэл болоод үхлээс дахин амилсан нь хаана ч байхгүй хосгүй хайрын түүхэн явдал билээ. Есүсийн амилалт, дэлхийд дахин ирэх амлалт нь тэр чигээрээ Христэд итгэгч манай монголчууд төдийгүй энэ дэлхийн бөмбөрцгийн сая сая хүмүүсийн Бурхан доторх баяр хөөр, итгэл найдвар, амьдралын утга учир бөлгөө.
Өөрчлөлт сонин №30
No comments:
Post a Comment