Wednesday, December 16, 2009
Хамгийн гоё болзоо хэхэ
Энэ өрөө сэтгэлд их дотно, тухтай билээ. Би энэ өрөөндөө их дуртай. Ханын зуух, дэр овоорсон сандал, номын тавиур, буйдан, нам гүм орчин. Түүнд ч бас энэ өрөө таалагддаг бололтой:
“Энэ үнэхээр баяр гийсэн сайхан өрөө юм. Энд хоёулаа үргэлж ирж байя. Хамтдаа нөхөрлөж болохоор тусгаарлагдмал, бас тэгээд нам гүм өрөө юм…” гэсэн юм.
“Би энд өглөө болгон эрт ирнэ. Тэгээд чи энд Надтай уулзаж, өдрийг хоёулаа хамтдаа угтаж байя” гэж Тэр амласан. Тиймээс өглөө бүр намайг тэр өрөөнд ороход Тэр номын тавиу-раас Библийн нэг ном авч, дэлгээд бид хамтдаа уншдаг. Тэр надад уг номын арвин их баялгийн тухай ярьж, дотор нь агуулагдах үнэнийг задалдаг. Тэр намайг гэсэн хайр ивээлээ дэлгэн харуулахдаа миний зүрх сэтгэлийг дулаацуулдаг. Энэ бол бидний хамтдаа байдаг гайхалтай сайхан цаг мөч юм. Энэ бол хамтдаа чимээгүй цагаа хийдэг байсан үе маань билээ.
Гэвч аажим аажмаар, би ажил төрөл, олон үүрэг хариуцлагадаа дарагдаж, энэ цаг маань богиноссон. Яагаад ч юм бүү мэд, Христтэй хамт байна гэхэд дэндүү завгүй болжээ гэж бодогдох болов… Нэгэн өглөө би яаран, ажилдаа явах гэж шатаар уруудан гүйж байснаа санадаг юм. Намайг тэр өрөөний хажуугаар өнгөрөхөд хаалга нь онгорхой байв. Шагайж хараад би ханын зууханд гал өрдсөн, Их Эзэн хажууд нь сууж байгааг харсан юм. Гэнэт надад ичиж гэмших сэтгэл төрж, би дотроо: “Яанаа, би Түүнийг зүрх сэтгэлдээ урьж оруулсан! Тэр миний зочин. Бас манай гэрийн Их Эзэн болон ирчихээд байхад би Түүнийг үл тоомсорлож байдаг!” гэж бодов. Тэгээд би буцаж, дотогш алхан оров.
Газар ширтсээр намайг: “Ивээлт Эзэн минь, намайг уучлаач. Та бүхэл өглөөжингөө энд байсан юм уу?” гэж асуухад Тэр: “тийм ээ. Би чамтай уулзахаар өглөө бүр энд ирнэ гэж хэлсэн шүү дээ” гэв. Тэгэхэд надад бүр ч их ичих сэтгэл төрөв. Намайг тийм найдваргүй байхад ч Тэр үнэнч хэвээр байжээ. Би Түүнээс уучлал гуйхад, биднийг үнэн сэтгэлээсээ буруугаа хүлээхэд уучилдаг шигээ Тэр намайг үнэхээр уучилсан юм. Тэгээд Тэр: “чиний нэг хэцүү юм гэвэл, чи зөвхөн өөрийнхөө л сүнсийг өсгөж, хөгжүүлэхийн тулд чимээгүй цаг, Библи судлах, гуйлт хийх тухай боддог. Харин энэ цаг Миний хувьд ч бас утга учиртай гэдгийг мартаад байна. Чамд хайртайг минь санахгүй байна гэж үү? Би чамайг асар өндөр үнээр чөлөөлсөн. Тийм болохоор чамтай ойртож нөхөрлөхийг үнэхээр их хүсдэг. Одоо ядахдаа Намайг бодож энэ цагийг битгий хайхралгүй хаяарай…” гэсэн юм.
Өглөө сэрэх үед чинь Есүс таныг хүлээж байна. Та Түүнтэй уулзах болзоондоо алгасахгүй очиж, үнэнч байж чадсан уу? Түүнтэй хоёулхнаа байх тэр цаг мөчийг та тэсэн ядан хүлээдэг үү?
Хэрэв үгүй бол, дараах зөвлөгөө танд тус болно биз ээ. Хэрэв та нэг их оройтолгүй орондоо орох юм бол өглөө сэргэг босч, яарч сандрах юмгүйгээр Их Эзэнтэй хамт байх цаг гаргадаг болно. Боломжтой бол, чимээгүй цагийг өглөө хийхэд илүү тохиромжтой. Учир нь, өглөө хийх нь биднийг тухайн өдрийн элдэв асуудалд бэлтгэдэг. Ертөнцийн Эзэний оршихуйд байж, Түүнтэй ганцаарчлан уулзахын баяр баясгаланг эдэлж сур. Үүнийг нэг хэвийн зуршил болгох хэрэггүй. Шинэ шинэ, бүтээлч чимээгүй цагт таныг хөтлөн дагуулахыг Ариун Сүнсэнд зөвшөөр.
Түүнтэй хоёулхнаа байх цагийг өдөр бүр эн тэргүүнд тавих ёстой. Бид чимээгүй цагаа үл хайхрах юм бол Түүнтэй дотносох үнэт нөхөрлөлөө алдаж, өөрийгөө хохироогоод зогсохгүй, Мөнхийн Эзэний зүрх сэтгэлийг шархлуулах болно.
Есүстэй дотносох нөхөрлөлд чинь таны завгүй байдал саад болдог байж магад. Тийм бол, та хурдаа саагаад,Түүнтэй хоёулхнаа уулзах цаг гаргаж, Их Эзэний оршихуйг мэдэрч, Түүний хайранд умбана гэдэгтээ найд. “Хүнд дарамт үүрч, зовлонд унасан хүмүүс ээ. Хэрэв та нар Надад итгэвэл Би амар тайвныг өгье. Би хонь шиг номхон бөгөөд туйлын энэрэнгүй зантай. Тийм учраас Намайг дагахаас бүү айгтун.”
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment