Wednesday, December 16, 2009

Бурхан бүхийл зүйлийг хосоор нь бүтээсэн . . .




Энэ дэлхий дээр бүх зүйлийг Бурхан хос хосоор нь бүтээсэн байдаг. Нэмэх цэнэг байдаг бол хасах гэж байдаг, зун байдаг бол өвөл гэж байдаг.
Эрэгтэй хүн байдаг бол эмэтэй хүн гэж байдаг. Тэдгээр нь эсрэг тэсрэг юм шиг хэрнээ хосоороо бүтээгдсэн байдаг. Хүн бүр л тэр дундаа залуу хүмүүс өөрийнх нь хос болох үзэл бодол, зүрх сэтгэлээрээ таарах тэр хүн нь хаана байгаа бол гээд сэтгэл дотроо эрж хайж байдаг нь нууц биш. Тэр хувь заяагаар учирсан, өөрийнх нь зан чанар үзэл бодолтой нийцсэн хүнийг хайж олно гэдэг тийм ч амаргүй билээ.
Үнэхээр олж чадвал тэднийг нүдэнд харагдахгүй хайрын улаан утсаар холбогдсон заяаны хосууд ч гэж ярих үе байдаг. Тэгвэл итгэгч залуучууд бидний хувьд өөр нэгэн заавал мэдэх зүйл байдаг нь энэ хос хосоороо бүтээгдсэн ертөнц  зөвхөн энэ дэлхийгээр дуусдаггүйд байгаа юм. Бурханы энэ дэлхий дээр эсрэг тэсрэг хэрнээ хос байхаар бүтээсэн бүтээлийн дундаас хамгийн үнэ цэнэтэй нь хүн юмаа. Бурхан хүнийг нүдэнд харагдах махан биетээгээр, нүдэнд үзэгдэхгүй ч бодитоор оршин байдаг сүнстэй байхаар бүтээсэн. Сүнс болон махан биеийн ертөнц нь эсрэг тэсрэг боловч хосоороо байдаг билээ. Махан бие байдаг шиг сүнс гэж байдаг.
Эрэгтэй хүн эмэгтэй хүн байхгүй бол оршин  байж чадахгүй шиг, мөн эмэгтэй хүн ч эрэгтэй хүн байхгүй бол оршин байж чадахгүй. Яг үүнтэй адил бидний сүнс махан бие байхгүй бол оршин байж чадахгүй ээ. Бидний махан бие ч гэсэн сүнс байхгүй бол амьд байж чадахгүй. Хоорондоо шинж чанар нь эсрэг тэсрэг боловч хосоороо байж л оршдог юм.
Хүний биеийг Бурхан газар шорооноос бүтээсэн бол, харин сүнсийг амин амьсгал болгон үлдээсэн (Эхлэл 2:7) Бидний бие эхээс төрдөг шиг, бидний сүнс анх Бурханд итгэх үед дээрээс төрдөг. (Иохан 3:3) Хүн талхаар хооллоод өсдөг бол, сүнс Бурханы амнаас гарах үг бүрээр хооллон өсдөг. (Матай 4:4) Махан бие хоромхон хугацаанд в амьдардаг бол, сүнс үүрд мөнх амьдрахаар бүтээгдсэн. (Номлогчийн үгс 3:11) Харин хүн үхэх үед бие нь газар шороондоо шингэж, сүнс нь үүнийг өгсөн Бурхандаа буцдаг ажээ. (Номлогчийн үгс 12:7)
Тэгвэл бид энэ дэлхийгээс юуг авч явж чадах вэ? Сүнс нь махан биеийн бодол болон үйлсийг аваад буцдаг юмаа. Бид эд баялагийг авч явж чадахгүй ч, Эзэний өргөөнд өргөсөн өргөл, тэр өргөлөөр дамжуулан хийгдсэн зөвт үйлсээ аваад явж чадна. Цаг хугацааг аваад явж чадахгүй ч Бурханы ажилд өргөсөн залуу нас болон итгэлийн ах дүүсээ халамжлан өсгөсөн зөвт үйлсээ аваад явж чаднаа. Тэгвэл энэ биеэс холдсон сүнс хаашаа явдаг юм болоо. Нүдэнд харагдах энэ ертөнцтэй эсрэг тэсрэг боловч хос нь болон оршдог нүдэнд үзэгдэхгүй тэр сүнсний ертөнц уруу явдаг аж.   Амьдралдаа Бурханд итгээд зөвтөөр амьдарсан гэрэлтэй сүнс нь гэрэл хаанчилдаг ертөнц уруу, Бурханд итгэлгүйгээр гэм үйлдсэн харанхуй сүнснүүд нь үүрд мөнх харанхуй ноёрхогч ёртөнц уруу явдаг ажээ. Энэ дэлхий дээр хэрхэн Эзэнд итгэлийн шийдвэр гаргаснаар бидний сүнсний үүрд мөнхийн хувь тавьлан хамаардаг гэж ч хэлж болно.
Харин Бурхан бүхий л хүмүүсийг аврагдаасай, үүрд мөнхийн амьдралыг олж аваасай гээд тэвчээртэйгээр хүлээж байдаг. Энэ л зорилгын үүднээс Тэр 2000 гаруй жилийн өмнө өөрийн Хүүгээ бидэн уруу илгээсэн. Есүс бидний сүнсний авралын төлөө загалмай дээр цовдлогдсон юмаа. Түүний урссан цусаар л бидний гэм угаагдан харанхуйгаас аврагдсан. Тэр энэ л үнэнийг бүх хүн мэдээсэй, мөн биднийг бусдад дамжуулаасай гэж хүсч байгаа. Өөрийн авралын үнэ цэнийг ухаараад яасан ч энэ дэлхий уруу бүү татагдаарай. Итгэлээр уначихлаа гээд, яасан ч бүү шантраарай. Гэм үйлдсэн байлаа ч Эзэн уруу эргээд ирээрэй. Үнэхээр гэмшвэл тэр уучилж өгөх учираас өөрийн зүрх сэтгэлийг Эзэний өмнө ус мэт асгаарай. Бүх хүнд хандсан Эзэний хүсэл, найдвар байгаа учираас Энэ хоромхон дэлхий дээр, тэр хоромхон хугацаанд зугаатай байя гээд 
ҮҮРД МӨНХИЙГ БИТГИЙ АЛДААРАЙ …

No comments:

Post a Comment