Мөн хүний нойр болон илүүдэл жингийн хоорондын хамаарлыг судлаад удаагүй боловч нойр дутуу байх нь гормоны түвшинд өөрчлөлт оруулж үүнээс үүдэн жин нэмэхэд хүргэдгийг нотолжээ.
Зургаа хоногийн турш дөрвөн цаг унтаж байсан 11 залуугийн нүүрс усны солилцоо болон эндофины ажиллагаанд өөрчлөлт орсныг илрүүлсэн судалгааны тухай 1999 онд Английн анагаах ухааны сэтгүүлд нийтэлж байжээ. Харин 2000 онд гормоны өөрчлөлт нь наснаас хамаардаг болохыг нотолсон бас нэгэн судалгаа гарсан байна.
Хүний гормон нь 24 цагийн хэмнэлд захирагддаг аж. Унтах цаг өөрчлөгдөхөд гормоны ажиллагаанд өөрчлөлт орж улмаар жин нэмэх аюултайгаас гадна чихрийн шижин өвчнөөр өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.
Ихэнх залуу хүмүүс "Хэдхэн цаг унтахад хангалттай, эсвэл унтахгүй байсан ч чадна" гэж боддог. Гэтэл үнэндээ тийм бус бөгөөд бид амьдралынхаа туршид хангалттай цагийг унтахдаа зарцуулах ёстой аж. Хэрэв та эрүүл саруул бол нойр аяндаа хүрнэ. Харин нойргүйдэх нь тодорхой шалтгааны улмаас болдог байна.
Жишээлбэл, сэтгэл санаа тайван бус байх, өвчин тусах, чимээ шуугиан, гэрэл, ажлын хэт ачаалал, кофе, архи, эм (тураах эм, ханиадны болон харшлын, багтрааны гэх мэт), мөн уур хилэн, сэтгэл санаагаар унах, айдаст автах зэрэг ч нөлөөлдөг. Та ямар ч үед нойр талхнаас ч илүү эрхэм гэдгийг санаж яваарай.
Танд тустай дөрвөн томъёо
Шинжлэх ухаанд "4У" гэж нэрлэсэн энэ томъёо таныг унтахад тус болно.
1. Унтах цагаа зохицуулах
Өдөр бүр тогтмол цагт босч бай. Хэрэв та долоо хоногийн турш өглөө 07.00 цагт боссон бол амралтын өдөр ч мөн цагт босоорой. Хэрвээ дандаа босч чадахгүй бол та өдөр зүүрмэглэх нь мэдээж.
Мөн тогтмол нэг цагт унтахыг хичээ. Зарим хүмүүс есөн цаг унтахад л хангалттай гэж үздэг. Хамгийн гол нь та хэдэн цаг унтахад хангалттай вэ гэдгээ мэдэж аваад тэр цагаа барихыг хичээгээрэй.
2. Унтах дүрэм
Таны унтлагын өрөө анир чимээгүй, харанхуй, сэрүүхэн байх ёстой. Гэхдээ та нойроо хүрсэн үед л орондоо ороорой. Хэрэв нойроо хүрээгүй үед орондоо орвол нойр хулжих нь их байдаг.
3. Унтахын өмнө тайвшир
Санаа сэтгэлээ зовоож байгаа асуудлаас гарах ямар л арга зам байгааг сайтар тунгааж бодоод гарах гарц олж тайвшраад унтаарай. Энэ нь таныг сайхан амрахад илүү үр дүнтэй нь мэдээж.
4. Унтахад саад болох зүйл
Архи, тамхи, кофе гэх мэт зүйлийг унтахаасаа өмнө бүү хэрэглээрэй.
No comments:
Post a Comment