Tuesday, December 15, 2009
Өгэдэйн байлдан дагуулал
Өгэдэй хаан суунгуутаа юуны түрүүн өрнө зүгт зогсоосон дайны ажиллагааг нэн даруй сэргээж Дундад Азийн үлдэгдэл хүчийг дайлан цохих тухай зарлиг гаргасан байна. 1230 онд Өгэдэй хааны зарлигаар Чормаган ноён цэрэг авч мордов. Монгол цэрэг хоёр ч удаа Желал-ад-Динын цэрэгтэй таарч, бага сага тулалдаан хийж эхэлмэгц тэрээр цэргээ авч буруулсан аж. Чухам ингэж зоригт баатар Желал-ад-Дин хүчээ сэлбэн зугтаж эцэг Мухаммед Шахын гүрэнг дахин сэргээн тогтоох гэж санаархаж бололцоотой бүхнийг сүвэгчилсэн боловч нэг их амжилт олохгүй явсаар 1231 онд монгол цэрэгт эцсийн удаа сүрхий цохигдож, хэдэн үнэнч нөхдийнхөө хамт зугтаж яваад нутгийнхаа хэдэн хүмүүст хорлогдож алагджээ. Ингэж Хорезм улсын цэргийн эцсийн хүч цохигдож, Хорезмийн нутаг тэр аяараа монгол гүрний эзэмшилд бүрэн оров. Энэ нь хожим түүхэнд Цагаадайн улс гэж нэрлэгдэв. Монгол гэдэг үг нь “могол” болж, Монголын эзэнт улс нь “моголистан” болон хувирчээ. Гэвч энэ үгийг Дундад Ази дахь Монголын хаант улс гэж нэрлэх нь илүү тохиромжтой мэт санагдана. Чингисийн хуучин үнэнч анд зөвлөх Махмуд Ялавач Дундад Азид Монголын амбан захирагчаар ажиллаж Ходжемт хотыг нийслэлээ болгосон юм. Тэрээр сүүлдээ Цагаадайн итгэлт зөвлөх түшмэл болжээ.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment