Ойтой хүүхдийн сэтгэхүйд огцом өөрчлөлт явагддаг
Харин хүүхэд нэг ойтойгоосоо эхлэн огцом өөрчлөлт явагдах суурь үндэс тавигддаг байна. Энэ насанд хүүхэд хэвтээ байдлаас гарч юм, юмыг сонирхож эхэлдэг. Гэнэт хөдөлгөөнд орсон хүүхэд томчуулыг ч сандрал, хүндрэлд оруулдаг. Судлаачид үүнийг "ойтой хүүхдийн хямрал" гэж нэрлэсэн байна.
Хямрал юунаас үүсдэг вэ?
- Хүүхэд аливаа зүйлийг яагаад хориглоод байгааг ойлгохгүй тул уйлж бахирах, шалан дээр өнхрөх, хөлөө дэвслэх зэргээр эсэргүүцлээ илэрхийлдэг.
- Хүүхэд орчин тойрондоо бага багаар дасаж эхлэх үе.
- Тэрээр эхээсээ тустай байж ч болох юм гэдгийг ойлгож эхлэнэ.
- Үүнээс улбаалж тэр эхээсээ алхам ч холдохыг хүсдэггүй. Ээж нь алга болохоос айж байгаа нь тэр.
- Үл танигдах, нууцлаг орчин түүнд айдас төрүүлнэ.
- Хүүхдийн ааш зангийн янз бүрийн хувирал, хоолоо идэхгүй байх, зүгээр байж байгаад уйлах зэрэг нь таалагдашгүй орчинтой (ээж нь орж гарах, таних танихгүй хүмүүс орж ирэх, гэр бүл дэх янз бүрийн уур амьсгал гэх мэт) холбоотой юм.
Эцэг эхчүүд юуг анхаарах ёстой вэ?
Таны үүрэг бол хүүхдийн хувьд хүнд хэцүү, шилжилтийн энэ үеийг даван туулахад нь түүнд туслахад оршино. Мөн биеэ даах чадварыг нь хөгжүүлэх, дэмжихэд чиглэгдэнэ.
- Хүүхдэд бүгдийг зөвшөөрөх "дураар нь дургиулж" болохгүйг түүнд мэдрүүлнэ. Энэ насанд тэр "болохгүй" гэдэг үгний утга учрыг таньж мэдэх нь чухал. Жишээ нь чүдэнз, асаагуур оролдох, зурах, плитка асаах гэх мэтийн зүйлд хатуу хориг байх ёстой.
- Нөгөө талаар алхам тутамд нь хориг бүү тавь. Хүүхэд идэвхтэй байх орон зайтай байх шаардлагатай. Хориглох зүйлийн учрыг тайлбарлаж таниулбал хүүхэд ойлгодог.
- Хүүхдэд тусгайд нь шүүгээ, шкаф гаргаж өг. Тэр өөрийнхөө тоглоомыг хурааж сурна. Тоглоомоо эвдэлбэл бүү загна. Танин мэдэхүйн процесс явж байгаа нь тэр.
- Ойтой хүүхдийг удаан хугацаагаар орхиж явахгүй байхыг эхчүүдэд зөвлөе. Хүүхэд хэн нэгэнтэй үлдсэн байлаа ч түүний хувьд ээж нь хамгаас чухал. Учир нь хүүхдийн сэтгэхүйд "ээж хаашаа ч юм алга болж мэдэх юм" гэсэн битүү айдас, түгшүүр төрөх болно.
- Хүүхэд уйлагнаж, зөрүүдэлж эхэлбэл яг өөрийнхөөрөө байлгах гэсний хэрэггүй. Анхаарлыг нь өөр юманд төвлөрүүлэх, түр зуур сатааруулахыг оролдсон нь дээр.
No comments:
Post a Comment