Чингис хааны отгон хөвгүүн <<Төр баригч>> хэмээх Толуйн ахмад хүү Шиязун Мөнх хаан 1251-1259 онд төр барьсан, монгол гүрний анхны дөрвөн их хааны нэг болно. Эх Сорхогтани нөхөр нь эрт өнгөрсөнөөс хойш өнчин хүүхдүүдээ сурган хүмүүжүүлж алдартай хүмүүс(их Мөнх, Хубилай, ил хаан Хүлэгү гэх мэт) болгосон мэргэн эх юм.
Мөнх бага залуугаасаа эцэг өвгийг дагаж Алтан улсыг дайлах, сартуул болон өрнө зүгийн дайнд идэвхтэй оролцож явсан гавьяатайн дээр Монголын төв нутаг, шадар Хишигтэний дунд онц эргийг хадгалсан хүн байлаа.
Өгөөдэйн хөвгүүн Гүюг хаан 1249 оны 4-р сард нас барсны дараа хатан Огул каймаш нь төрийн хэргийг мэдэх болсон тул төрийн эрхийн төлөө тэмцэл ихэд хурцадсан байна. Чингисийн алтан ургийнхан хоёр тал болж нэг хэсэг нь Бат хааны дэмжсэн Толуй, Зүчийн удам, нөгөө нь Цагаадай Өгөөдэйн угсааныхан болсон бөгөөд Батын чиглэл ялж Толуйн угсааг төрийн тэргүүнд гаргаж чаджээ. 1251 оны зургадугаар сард асар их цэрэг зэвсгийн хүчин дор Хурилдайг хуралдуулж Мөнхийг хаан ор суулгасан юм. Энэ үед Мөнх 44 настай байв.
Мөнх их хаан болоод Хар хоринд ерөнхий захирагч бий болгох, Янжин(Бэйжинг), Бишбалийк, Аму гол хэмээх гурван газар төрийн засгийн гурван салбар байгуулах, дэг журмыг чангатгах зэргээр зохион байгуулалтын нэлээн шинэчлэл хийсэн байна. Үүний зэрэгцээгээр дорно, өрнө зүгт аян дайн хийх өвгөдийн хэргийг үргэлжлүүлэн Хубилайг 1251 оноос дорно зүг дэх их захирагч болгон 1252 онд нөгөө дүү Xүлэгүг Иранийг захирах их захирагчаар томилж тухайн газар орныг төвшитгөхөөр илгээжээ.
Мөнх хаан өмнөд Сүн улсыг дайлах бодолгыг эс орхин, бэлтгэлээ сайтар хангаад 1256 онд болсон цэрэг дайчдын хурилдай дээр зорилго бодлоо ярилцаж хаан өөрийн биеэр дайлаар мордох болсноо мэдэгджээ. Ингээд 1258 оны 2-р сард Мөнх хаан их цэргээ өмнө зүг хөдөлж Хатан голыг гэтлэн сийчяни хүрсэн юм. 1259 оны эхээр монгол улсын цэрэг олон, хүч ихдээ түшиглэн дайсныг ихэд дийлж байх зуур цэргийн дотор халуун хижиг өвчин гарч жанжин баатар цэрэг эрс олноор нэрвэгдэж сүйрч эцэст нь Мөнх хааны бие мөн оны 7-р сард өвчин хүрч хуарандаа нас эцсэлжээ.
Түүний үйл хэргийг дүү Хубилай нь залгамжлан авч их цэргийг нутаг буцаалгүй барьж, өмнөд Сүн улсыг эзлэх бодолгыг үргэлжлүүлэн явуулсан юм. Мөнх хаан нь Асудай, Олдаши, Сэрихин зэрэг гурван хүүхэдтэй байв.
Tuesday, December 15, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment