Хубилай дүү Аригбөхийг ялж, монголын хаан ширээг тийнхүү эзлэн авсны дараа эзлэгдээгүй үлдсэн хятадын өмнөд хэсгийг байлдан дагуулж улмаар хядатаар төвлөж, нийт монгол гүрнийг бататган бэхжүүлэх хэрэгт гол анхаарлаа хандуулж байжээ. Хятадын засаг төрийн эрхийг ноёрхон барьж байхын тулд тэр орны дээд давхрааны нөлөө бүхий төлөөлөгчдийг өөрийн талд татан оруулж ашиглан, хятадыг хятад аргаар захирах гэдэг бодлогыг Хубилай хаан баримталж байжээ.
Хятадын төвийн ба орон нутгийн засаг захиргааны зохион байгуулалтыг хятадын хуучин ёс заншлаар өөрчлөн засаг захиргааны байгууллагуудад хятад түшмэдийг тохоон томилох болжээ. Күнзийн сургаалийг хятад даяар ихэд тэтгэн дэмжиж, төр барих ажилдаа шууд хэрэглэжээ. Хятадын хаадын уламжлалт заншлыг даган оны цолыг хэрэглэж, Хубилай хаан төр барьсан 1260 оноосоо эхлэн “Чжун-тун” хэмээн тоолж, 1265 он буюу Аригбөхийн тэмцэл эцэс болсноос оныхоо цолыг “Чжи-юан” хэмээн тус тус тогтоожээ.
Тэр үеэс Хубилай өөрийн биеийг зөвхөн монголын хаан төдийгүй мөн хятадын хаан ширээг зүй ёсоор залгамжлагч мөн гэж үзсэн байна. Хубилай хаан 1271 оны 1-р сараас “Их Монгол Улс”-ын нэрийг “Их Юан Улс” болгон өөрчлөв. Ингэж өөрчлөхийг түүний хятад зөвлөх эрдэмтэн нар санал болгож хятадын өнгөрсөн төрүүдийн хэвшилт ёсыг дууриасан ажээ. Хятад ёсонд нэгэн төр мөхөж нөгөө төр улс үүсэн тогтоход заавал утга бүхий шинэ нэр өгдөг заншилтай. Иймээс хятадын шүлэглэлт номын дотроос “Да-цзай цянь-юань” – (“Өнө удаан, түвшин энх”) гэдэг үгийг авч хэрэглэсэн ажээ. Ер нь “Юан” гэдэг үг “эх үүсвэр”, “уг удам”, “язгуур үндэс ” гэх мэт утга хадгалагдсан хятад үг юм. Юан гүрнийг монголчууд үндэслэн байгуулсан болохоор нэрийг бас монгол хүмүүс тогтоосон байж болох үндэстэй. Иймээс тэр үед язгуурын улс гэдгийг хятадаар Юан гэж тэмдэглэсэн ч байж магад. 1260-1271 он хүртэл 11 жилийн дотор Хубилай хаан Монголын эзэнт улсын хаан ширээнд сууж, улмаар хятад орныг бүрмөсөн байлдан эзэлжээ. Хубилай хаан хятад орноор төвлөсөн Юан гүрэнг байгуулсан явдал нь нийт монголчуудын хүчтэй эсэргүүцэлтэй удаа дараа тулгарч байв. Энэ эсэргүүцэл тэмцлийг Aригбөхийн бодлогыг тууштай баримталсан нөлөө бүхий Хашийн хүү Хайду (1235-1301) ноён толгойлжээ. Хайду бол Өгөдэйн үр ач нарын дунд ухаантай, сэргэлэн алсын хараатай гэж алдаршсан хүн байсан бөгөөд Мөнхийн үед хааны эсрэг хуйвалдаан байгуулсан хэргээр төвөөс зайлуулагдан алс хязгаарын Тарвагатайн ууланд очиж суусан байжээ. Хайду, Аригбөхийн тэмцлийг тууштай дэмжиж, 1266 онд монгол ноёдын холбоо байгуулсан аж. Мөнх хаан хязгаараар суух ноёдын дотроос Хайдугаас их болгоомжилж Тарвагатайн наана тусгай цэрэг суулган сэргийлж байсан гэдэг. Мөнх хаан нас барсны дараа Хайду дахин Өгөдэйн угсаанаас хаан ширээ залгамжлуулах гэж олон янзын арга сүвэгчилжээ. Тэрээр юуны урьд Тулуйн угсааны ноёдын хүчийг сулруулах зорилгоор Аригбөх, Хубилай хоёрын тэмцэлийг улам хурцдуулах бодлого явуулж байсны зэрэгцээ өөрөө Аригбөхийн тэмцлийг дэмжиж алхам алхамаар цэригйн хүчээ зузаатгаж байжээ. Ер нь Хайду Их Монгол улсын нийслэлийг хятадад нүүлгэж, хятадаар төвлөсөн Юан гүрэнг байгуулахыг эрс шийдэмгий эсэргүүцэгчдийн нэг байв. Тэрээр гүрний төв монгол газар байж монголоос л эзлэгдсэн улс орныг захиран баримтлах ёстой гэж үздэг байж. Хайду 1264 оны эцсээр Аригбөхийн тэмцэл дарагдсаны дараа Хубилайтай цэргийн хүчээр тэмцэх ажлаа шууд эхэлсэн юм. Түүний цэргийн гол хүч Эмил голын хөвөөн дээр бөөгнөрчээ. Хубилай хаан Хайдугийн довтолгооноос бүх талаар сэргийлж, эсэргүүцэн байлдах цэргийн хүчийг бэлтгэж, ерөнхийлөн захирагчаар хүү Номхоныг тохоон томилжээ. Нэгэн зэрэг Номхоныг үндсэн монгол орны хэргийг тохинуулан шийдэх хаан хөвгүүнээр томилж, Хархорумд төвлөн сууж, Монголын зах хязгаар нутгийг тайван болгож, Хайдугийн цэргийн довтлох хүчийг бут цохиход аливаа хэргийг бие даан шийтгэж байх эрх олгожээ. Номхон Хархорумд хүрэлцэн ирсний дараа юуны өмнө Хайдугийн цэргийн довтлох хүчийг бүрмөсөн бут цохих ажлыг яаравчлан хийж, монголын шилдэг цэргийн хүчнийг бөөгнөрүүлж, цэргийн сургууль хийлгэжээ. Хархорумын эргэн тойрон сэргийлэх цэргийн ангийг гаргажээ. Мөн Алтан орд, Цагаадайн улсын монгол ноёдтой холбоо барихаар элч төлөөлөгч заржээ. Эн түрүүнд Цагаадайн улсад хаан эцэг Хубилайн нэрээр хэд дахин яаралтай элчийг хятад газрын үнэт бэлэгтэй илгээж түр зуурын зэгсэн холбоо тогтоон хэлэлцээр байгуулж амжжээ. Тэр хэлэлцээр ёсоор Цагаадайн улсын ван Чапар цэргийн хүчээр Хайдуг цагдан сэргийлж байхаар тогтжээ. Номхон бас эцгийн нэрээр Алтан ордны улсад элч заржээ. Алтан ордны ван Мөнхтөмөр, Хайдуг Юан улсад довтолбол цэрэг гаргаж Хубилайд туслахыг зөвшөөрчээ. Чухам ингэж Номхон богино хугацаанд бусад вант улсын хүчийг Хайдугийн эсрэг чиглүүлж чадсан боловч тэр нь бат бэх биш байжээ. Хайду нэг удаа бусад монгол ноёдод элч зарж захидалдаа дурьдсан нь: “Чингис хаан ба бидний өвөг дээдэс та биднийг хаан ширээ залгамжлах ёсыг нарийн чанд сахигтун хэмэн гэрээсэлсэн биш билүү. Гэтэл одоо эрхэм ах дүү ноёд та бид эцэг дээдсийн гэрээсийг хайхрахгүй, хөсөрдүүлэн зөрчиж, тэрсэлсэн эдгээдэд хаан ширээг алдаж байна. Миний бие хаан ширээг залгамжлах зүй ёсны хүн биш билүү. Хубилай хятад оронд урваж, монгол улсын тогтсон ёсыг огоорон эцэг өвгөдийн гэрээсийг хөсөрдүүлэн зөрчжээ. Гэтэл та бүхэн тийм хүнийг түгшин дэмжих чинь эцэг өвгөдөөс тэрсэлсэн хэрэг бусуу? Сайтар тунгаан бодож шийдвэрлэтүгэй” гэжээ. Мөн Хубилайд захиа илгээн дурьдсан нь: “Манай төр улсын ёс заншил бол хятадаас тэс өөр билээ. Гэтэл хятад газар бүгэн хоргодож, хот суурин байгуулж, ёс заншилд нь автаж, хууль дүрмийг нь дагадаггүй учир юу билээ” гэжээ. Энэ байдлаас үзэхэд, Номхон, Хайду нарын тэмцлийн арга барил хоёр өөр байжээ. Номхон бол юуны урьд Хубилай хааны нэрийг барьж баахан захирах тушаах маягтай бичиг захидал илгээж бас хээл хахууль өгч биедээ татах хятад арга хэрэглэжээ. Нөгөө Хайду нь эцэг өвгөдийн уламжлалт ёсыг эвдэж, хаан ширээ эзлэн хятадын нөлөөнд орсон хэмээн Хубилайн гэм бурууг уудлан илрүүлж, ятган сэнхрүүлэх арга хэрэглэжээ. Удсангүй Алтан ордон, Цагаадайн улсын ноёд Хубилайтай байгуулсан хэлэлцээрээсээ ухарч, Хайдугын талд оржээ. Иймээс Юан гүрний умард хэсэг буюу үндсэн монгол орны баруун хэсэгт Хайдугийн хүч маш их болжээ. 1277 онд Хайду, Мөнхтөмөр нарын ятгалгаар Жирх ноён урваж, Номхон, Хантун нарыг барьж өгчээ. Хубилай хаан өөрийнх нь хамгийн найдвартай түшиг болж байсан хаан хөвгүүн Номхоныг баривчлагдсан мэдээ сонсмогц байдаг хүчээрээ Хайду, Мөнхтөмөр нартай тэмцэх ажил хийжээ. Гэтэл яг энэ үед Ляо-дуныг захирч байсан ван Наян их цэрэгтэйгээ урван, Хайдугийн талд орсноос Хубилайг бүр ч хүнд байдалд оруулжээ. Иймээс Хубилай юуны урд Наяны цэргийн хүчийг Хайдутай нийлүүлэхгүй байхыг хичээж, Амабухаар удирдуулсан их цэргийн хүчийг Наян, Хайдугийн хоорондын замыг таслан хаахаар илгээжээ. Баян жанжинд Хархорум хотыг орчны газрын хамт Хайдугаас сахин хамгаалах үүрэг өгч, жанжин Гамалаар удирдуулсан цэргийг Хайдугийн эсрэг хөдөлгөжээ. Түүнээс гадна солонгосын ван цэргээ авч зүүн талаас Гамалд туслахаар болжээ. Хубилай өөрийн биеэр их цэргийн гол хүчийг удирдан, Наяныг угтан байлдахаар мордсон байна. Хубилай хааны цэрэг Ляо голын орчим очиж Наяны цэргийг бүслэн хоёр өдрийн турш байлдаж их хохирол үзсэний эцэст ялж, Наяныг баривчлан цаазаар авчээ. Баян, Гамала нар Хайдугийн хүчийг бүрмөсөн бут цохиж чадсангүй, довтолгооныг нь түр няцааж, дотогш нэвтрүүлэлгүй зогсоожээ. Хайду үүнээс хойш олон удаа том, жижиг довтолгоон явуулж албат иргэнээ захирсаар байжээ. Хубилай амьд байхдаа Хайдугийн довтолгооныг эцэс болгож чадаагүй юм. Хайдугийн тэмцэл Төмөр хааны үед дарагдсан бөгөөд түүний тэмцлийг дарах хэрэгт Номхон, Гамала, Баян жанжин нар их үүрэг гүйцэтгэжээ. Хубилай, Хайдугийн тэмцэл бас л монголын ноёрхогч ангийн хооронд эрх тушаал булаацалдсан хэрэг явдал мөн байсан хэдий ч Хайдугийн тэмцэл нь тухайн үед хятадаар төвлөсөн "Юан гүрэн" байгуулахыг эсэргүүцэж, нийслэлийг Бээжингээс буцааж нүүлгэхийг шаардаж байснаараа монголын өргөн олны дэмжлэгийг хүлээж байжээ. Тийм ч учраас түүний тэмцэл Хубилай, Төмөр хаан нарт ялагдахгүй 40 гаруй жил үргэлжилсэн ажгуу. Хубилай тэргүүтэй монголын эрх баригчид Юан гүрнийг байгуулан бэхжүүлснээр хятадын 1000 гаруй жилийн тархай бутархай байдлыг эцэс болгожээ. Юан гүрнийг байгуулснаар монгол, хятад хоёр улсын ард иргэн болон бусад дорно өрнийн улс үндэстний хоорондын улс төр, эдийн засаг, соёлын харилцаанд ахиц гарсныг үгүйсгэж болохгүй нь мэдээж. Тэр үед хятадын соёлын зарим зүйл монгол нэвтэрч бас монголын соёлын нөлөө хятад болон бусад дорно зүгийн зарим улс оронд нэвтрэн орсон тал бий. Гэвч Юан гүрэн байгуулагдсан нь монголын түүхийн хөгжлийн хувьд нэг их сайн ч үйлс болсонгүй. Тухайлбал, Чингисийн байгуулсан Их Монгол улсын бие даасан засаг төр үндсэндээ мөхөв. Монгол орон их гүрний зах хязгаар нутаг болон орхигдоход хүрэв. Нийслэл Хархорум нь эл хуль захын нэгэн хот болов. Их Монгол улсын хаад хүртэл хятадын хааны цол гуншин олов. Монголын түүх хятадын түүхийн хэсэг болон бичигдэв. Монголчууд бол "хятадын их гэр бүлийн нэг хэсэг" гэдэг зохиомол гуншинг Хубилайн үеэс олов. Мөн Монголын үйлдвэрлэх хүчний хөгжилд сөрөг нөлөөлсөн зүйл үгүй хэмээвээс эс больюу. Тухайлбал, нутаг орондоо оршин сууж байсан монголчуудын дийлэнх олонхи нь урьд адил тэндээ үлдсэн боловч бас нэлээд хэсэг нь Юаны хаад, ноёдын эрх ашгийн төлөө уугуул нутаг уснаасаа салж, алс холын замд нүүдэл хийж, зарим нь замдаа, зарим нь цаг агаар дасаагүй халуун газар очоод үхэж үрэгдэх явдал цөөнгүй байжээ. Чухам ингэж монгол газраа суурин суух айл өрхийн тоо цөөрч, малын тоо толгой ч хорогдож байсан нь магад биз ээ. Монголд гар урлалын зүйл эрт дээр цагаас хөгжиж монголчууд малынхаа арьс шир, ноос, үсийг чадамгай, сурмаг боловсруулан эдэлсээр ирсэн байжээ. Ялангуяа, Зүрчидийн алтан улсаас монголд төмрөөр хийсэн элдвийн зэр зэвсэг хийх нь бүр ч их болсон билээ. Чингис хаан монголчуудын хийсэн зэр зэвсгээр цэргээ зэвсэглэж, бүх монгол аймгийг нэгтгэсэн билээ. Гэтэл Юан гүрэн байгуулагдсанаас хойшхи байдал эрс ондоо болох тийш хандаж, монгол газар байсан олон тооны гар үйлдвэрийн газар тархан сарниж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, тэр үед монголын нийгэм төвлөрсөн нэгдмэл байдлаас салан сарних тийшээ хандаж, монголын хаадаас монгол орондоо явуулж байсан бодлого хоёрдмол шинжтэй болжээ.
|
No comments:
Post a Comment