Wednesday, December 2, 2009

Охидод

12 настай ганц охинтой. Охин маань их дур зоргоороо, ээжийгээ үл хүндэтгэдэг. Юу ч хэлээд тоомжиргүй хандаж байгаа нь сүүлийн үед намайг их шаналгадаг болсон. Магадгүй би жаахан хэтрүүлээд байж болох юм. Тэр бүү хэл, охин маань намайг шоолж хашгичиж загнадаг.
Эвгүй муухай үг хүртэл хэлдэг. Би түүнийг шийтгэх тусам бид хоёрын харилцаа улам муудаад байх юм. Ганц охинтойгоо хэл амаа ололцож чадахгүй ийм хэмжээнд хүрнэ гэж үнэндээ бодож байсангүй. Ийм байж болохгүй биз дээ. Надад зөвлөөч. Би одоо яах вэ?!

Сэтгэл зүйчийн зөвлөгөө:
1.
Юуны өмнө охин чинь шилжилтийн насан дээрээ байгааг анхаар. Энэ насанд зарим охид янз бүрийн, тэр тусмаа байж боломгүй зан авир гаргах нь бий. Бусдын муу, муухай зан чанарыг ч дууриадаг.
2. Охинтойгоо тэмцэлдэж заавал өөрийнхөөрөө байлгах гэсний хэрэггүй. Ингэх тусам та хоёрын зөрчилдөөн улам хурцадна.
3. Хүндэтгэлтэй хандсангүй гэж охиноо бүү зэмлэ. Энэ нь таниас л хамаарах зүйл.
4. Охиноо ойлгохыг хичээ. Илэн далангүй ярилцаад үз.
5. Өөрийн сэтгэл хөдлөл, уур бухимдлаа бүү ил гарга.
6. Зарим үед "Чи бухимдаад байх шиг байна. Хоёул дараа ярилцъя" гэж хэлж чаддаг бай.
7. Бүх асуудлыг нэг дор, нэг өдөр шийдэх гэсний хэрэггүй. Аажим, алгуур боловч асуудал бүрийг чанартай шийдэхийг хичээ.
8. Юу ч хэлэлгүй өрөөнөөс гарч явах нь бас нэг арга. Түүнд гэмших, бодож тунгаах цаг олго.
9. Охиндоо хайртай гэдгээ мэдрүүл. Алхам тутмыг нь зааж зааварлах гэсний хэрэггүй. Энэ нь таны гол алдаа ч байж болно.
10. Охин чинь өөрийгөө бие даах чадвартай, том болчихсон мэтээр төсөөлөн бодож байгаа. Гэтэл та үргэлж хажуунаас нь оролцоод байхаар ингэж зөрүүдэлж байж болох юм. Иймд боломжтой нөхцөл бүрдмэгц охинтойгоо чин сэтгэлийн илэн далангүй яриа өрнүүлээрэй.

No comments:

Post a Comment