Залуу байх үед 'Хүний амьдрал харвасан сум шиг өнгөрдөг' гэсэн мөрүүдийг хаа нэгтэйгээс уншихдаа ' юун ч сүртэй зүйрлэл вэ? 60 магадгүй 70 жил гэдэг их хугацаа шүү дээ' гэж бодогдож асан. Багагүй цаг хугацааны дараа эргэж харахдаа " Би юу хийж амжив аа? юу хийж чадах байж вэ?" гэж бодогдох.
Нэрт нийтлэлч Баабар нэгэн нийтлэлдээ " хүн хорьтойдоо дэлхийг өөрчлөх хүсэлтэй байдаг бол гучтайдаа үгүйдээ л улс орноо, дөчтэйдээ ядаж гэр орноо, тавьтайдаа ердөө л өөрийгөө өөрчилчих юмсан гэж хүсдэг. Гэхдээ нэг нь ч бүтдэггүй" гэсэн ишлэл авсан байсан.
Цаг хугацаа гэдэг яг л голын урсгал шиг бүхнийг хаман одно. Тэр урсгал дунд л хүн өөрийн үнэ цэнэ, зорилго бас хүсэл тэмүүллээ бий болгож амжих учиртай байх. Хүний амьдралын цаг хугацааны хамгийн сайхан үе нь залуу нас. Залуу нас хүн бүрийн харааг булааж бахадлыг төрүүлнэ. Намайг балчир жаахан үедээ хүссэн гоё хувцасаа дэлгүүрээс авахуулж чадаагүйнхээ төлөө хорсон уйлж суухад, хөгшин аав минь " залуу нас гэдэг чинь өөрөө гоёл, та нар уранхай муу хувцас өмссөн ч гоё харагдана, харин өтөлж хөгширсөн хойноо хичнээн гоё хувцас өмссөн ч гоё харагдаж чаддаггүй юм" гэж зэмлэж хэлсэн нь өнөө ч санаанаас гардаггүй юм.
Одоо ч гэсэн эрдэм ухаантай, авьяас чадвартай, ажилч хөдөлмөрч залуусыг харах бүрд тэдэнд баярлаж, бахдан талархаж, тэднийг дэмжин урамшуулах хүсэл хүн бүрд л төрдөг. Тийм ээ! Залуу нас-жинхэнэ гоёл. Гэхдээ энэ бүхэн мөнх биш бөгөөд үүлэн чөлөөний нар шиг л өнгөрнө. Амьдрал болон цаг хугацааны урсгал бүхнийг элээдэг.
Залуу нас-омголон зөрүүд бас бие тоосон
Залуу насандаа хүн бүр өөрийгөө бүх зүилийг мэддэг чаддаг мэтээр төсөөлж омгорхдог. Тэд бусдын сургааль үгсийг төвөгшөөн сонсож, алив зүйлд хайхрамжгүй хандах нь элбэг.
...Залуу хос хуримаа хийж байж гэнэ. Хуримын зочид залуу хосод бэлэг гардуулж ерөөлийн үгс хэлнэ. Бүх зочид ёс юм шиг л " Aз жаргалтай сайхан амьдраарай. өнөр өтгөн сайхан айл болоорой" гэхчилэн ерөөнө. нилээд сүүл рүү хөдөөний бололтой нэгэн өвгөн бэлгээ өгөөд үнсэхдээ " Миний хоёр хүү хааяа бие биедээ бууж өгч байгаарай" гэж хэлж. Аз жаргалдаа умбасан залуу хосууд хөгжилтэйгээр инээлдээд өнгөрч. Олон жилийн хойно өвгөний хэлсэн энэ л үг амьдралд нь үнэхээр хэрэг болсон гэдэг.
Амьдралын алдаа онооны дэнсэн дээр үглэж дуулах эцэг эхийн үгсээс төвөгшөөж, " ээж гэж эргүү юм, аав гэж тэнэг юм " гэсэн үгс хааяадаа сонсдоно.Ямар суут ухаантан, аугаа сурган хүмүүжүүлэгчид биш, амсаж өнгөрүүлсэн, үзэж харсан мэдэрсэн өөрийн ухаанаа үр хүүхэддээ илэрхийлж байгаа хэрэг. Өөрийнхөө төлөө бус үр хүүхдийнхээ төлөө үглэж яншиж асан "эргүү ,тэнэг"-үүдээ байхгүй болсон хойно нь үгний нь сэтгэлийн нь үнэ цэнийг мэдэрнэ. Өөрсдөө үр хүүхэдтэй болж, тэднийгээ төрүүлж өсгөн хооллож хувцаслан, хүмүүжүүлэх гэж хичээхдээ л " Хөөрхий дөө муу аав ээж минь биднийг хын болгох гэж яаж шаналж зүдэрч байж вэ?" хэмээн харамсаж өрөвдөнө.
Хэн нэгэнтэй маргалдаж мэтгэлцэхдээ хүртэл өөрийгөө л өмөөрч, бусдыг
буруутгана. Болох болохгүйг эвээр биш хүчээр бас нударгаар шийдэх гэж зүтгэх залуу нас омголон зөрүүд бас тэнэг.
Wednesday, December 2, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment