Wednesday, December 2, 2009

Сэрээ мэндэлсэн нь

Өдөр тутам хооллохдоо бидний тогтмол хэрэглэдэг хоолны гурвал хэрэгслээс хамгийн залуу нь сэрээ. Чулуун хутга, шавар халбага зэрэг нь чулуун зэвсгийн үеэс хэрэглэгдэж ирсэн бол хоолны сэрээний тухайд гэвэл XI зууны сүүлчээс л Европт гарчээ.

Хоёр шүдтэй зааны ясан бариултай алтан сэрээний анхны эзэн нь Византийн гүнж Мария Иверская болсон гэж түүхэн сурвалжуудад өгүүлнэ. Үүнээс зуун жилийн дараа Ромын хамба ламтан сэрээтэй болсон гэдэг. Ийнхүү сэрээ Италиас дамжин Европын хааны орднуудаар тархжээ.
1297 онд Английн I Эдуард хаан сэрээтэй болсон бол 1379 онд Францын хаан V Карл хоёр ч мөнгөн сэрээтэй байжээ. Гэхдээ үүнээс хойш дахин зуун жил хаад ноёд гараараа сэрээг орлуулж байсныг дурдахад илүүдэхгүй. Харин Италид бол байдал арай өөр. Тэр үед нийтийн хоолны газарт модон болон тугалган сэрээг гоймонгоо идэхэд түгээмэл ашиглаж байлаа.
Орост хамгийн анхны сэрээ XVII зуунд Алексей Михаилович хааны ордонд “морилжээ”. I Петр хаан хичнээн хичээгээд ч сэрээг дэлгэрүүлж чадаагүй бөгөөд дөнгөж ХХ зууны эхээр л нийтийн хэрэглээ болсон байна. Зөвхөн язгууртнуудын л хэрэглэдэг зүйл гэгдэж байсан нь сэрээг өргөн олны хэрэглээ болон тархахад ихээхэн саад болж байлаа. Мөн шашины урсгалууд сэрээг чөтгөрийн бүтээл гэдэг байсан нь халбагыг ихээхэн алдартай болгож байлаа. Сэрээг адлагдаж байх үед халбага хэмжээ хэлбэрээ өөрчлөн шөлний, цайны, элсэн чихрийн, сүмсний гээд л төрөл төрлөөрөө дэлгэрч байлаа.

No comments:

Post a Comment