Wednesday, December 2, 2009
Монголчуудын түүх
МЭ 330-555 онд монгол угсааны Их Нирун улс Монголын газар нутагт оршин тогтнож байжээ. Дараа нь 555-745 онд Түрэгийн хаант улс, 745-840 онд Уйгарын хаант улс, 840 оноос 10-р зуун хүртэл Киргизүүд гэх зэрэг түрэг угсааны улсууд оршин тогтнож байгаад 10-р зуунд монгол үндэстний Кидан улс байгуулагдаж, Хятадын хойт, зүүн хойт хэсгүүдийг эзлэв. Гэвч 1125 онд Кидан задарч, Зүрчидийн Алтан Улс байгуулагдсан бөгөөд 1127 онд Кидан бүрэн мөхжээ. Түрэгийн хаан Түмэн Их Нирун улсын хаан Анагайг ялсаны дараа Монгол угсаатнуудыг хавчин Монголын өндөрлөгөөс хөөн зайлуулж эхэлсэн байна. Тэдний зарим нь Хятадын хойт Вэй, Тан улс зэрэглүү дүрвэж, зарим нь Хянганы нуруу даван Манжуурд төвлөрөн, зарим нь говийн цаана өвөр монгол руу зугтаан гарсан байна. Эдгээр аймгуудын нэг нь дээр өгүүлсэн Кидан. Их Нируны нилээд хэсэг нь одоогийн Амар, Ангар, Эргүнэ /Эрчис/ мөрний зүг дутаан тэнд төвлөрч байжээ. Энэ Эргүнэ гэдэг голын зүг дутаасан хүмүүс нь Монгол гэдэг аймгийн өвөг дээдэс юм. Хятадын зарим нэгэн сурвалжид, 7-8 зууны үед Мэнгү – Шивэй гэдэг аймгууд Онон голын эргээр нутаглаж байсан гэж хэд хэдэн удаа тэмдэглээстэй байжээ. Мөн Киданы түүх, Ляо улсын судар гэх мэтийн номуудад Монгу /хожмын Монгол ч байж болох юм/, Мэнгү гэдэг улс Монголын өндөрлөг хойт хэсгээр нутаглаж байсан гэж тэмдэглээстэй. Олонхи түүхч, археологичид Хүннүгийн нэгэн жишгээр болж, Хүнгийн хязгаар байсан Дорнод Хү /Донгхү/, Сүмбээс Шивэй улс үүссэн гэж нэрлэж байжээ. Мөн Монголчууд эртнээс өөрсдийгөө Нирун гэж нэрлэж байсан байна. Рашид Ад Динийн “Судрын чуулган”-д “Олон зуун жилийн өмнө монголчууд хүчирхэг байсан бөгөөд Түрэгүүд орж ирэн Монголчуудыг хөөн зайлуулсан, гэсэн домог монголчуудын дунд байсан” гэж тэмдэглэжээ. Эдгээр монголчуудын дунд байсан домгоос хамгийн алдартай нь “Эргүнэ мөрний домог” буюу “Эрт цагт Монголчуудын Онон, Орхон, Туулаар нутаглаж байхад Түрэгүүд орж ирэн Монголчуудыг алан хядахад Нирун, Хиан /Хиад гэдэг овгийг санаж байна уу/ гэсэн хоёрхон омгийн цөөхөн хүмүүс зугтаан Эргүнэ гэдэг хадан хавцалд амьдрах болсон. Гэвч тэдний үр хүүхэд нь олшрон Хадан хавцлыг дэлбэлэн гарч ирээд, урьд өмнө нутаглаж байсан нутаг руугаа эргэн нүүсэн” гэдэг. Энэхүү түрэгүүдэд цохигдсон улс гэдэг нь өөр ямар ч улс биш, дээр өгүүлсэн Нирун улс гэж нэрлэж байсан бөгөөд өөрсдийгөө Нирун /Жужан/-ы үр удам гэж нэрлэж байжээ. Жужан улсыг бүрдүүлэхэд Хүнгүүд оролцож байсан тул Хүн бол Жужануудын өвөг дээдэс, тиймээс Хүн бол Монголчуудын өвөг дээдэс гэж хэлж болно. Үүний тухай Монголын Нууц Товчоонд Бөртэ Чино, Гуа Марал 2 далай тэнгисийг гатлаж ирээд Бурхан Халдунд ирж нутаглав хэмээн өгүүлсэн байдаг. Осолдолгүй тэр үед ирсэн хүмүүсийг Бөртэ Чоно, Гоо Марал гэх мэтийн хүмүүс удирдан дагуулж ирсэн байхыг үгүйсгэхийн аргагүй. 8-9 зууны үед Монголчууд “Хан”-аа сонгож аймгуудын холбоо, Ханлиг байгуулан гурван голын эргээр төвлөрсөн байна. Монгол аймгууд 10-11 зууны үед Дарлиган, Нирун гэж 2 хуваагдаж байжээ. Ханлиг нь Дарлиганы 18, Нируны 19 аймгаас бүрдсэн байна. Ингээд Хабул хаан, Батбанбаатар, Есүхэй баатар, бидний бахархалт Чингис Хааны түүхт Монголын өргөн уудам нутагт эхэлж, өнөөгийн Монгол улсын эх суурийг тавьсан байна. Жич: Татар аймаг аль 5-р зууны үеэс хятадын сурвалжуудад тэмдэглээстэй байдаг бөгөөд Их Нирун улсын Татар хаан гэж Нируны хамгийн хүчирхэг хааны нэрнээс гаралтай. Татарууд нь Татар хааны үр удам гэж үзэн өөрсдийгөө нилээд дээгүүр тавьж ирсэн тул Хамаг Монголтой үргэлж сөргөлдөж байсан байна.
Subscribe to:
Post Comments (Atom)
санал бодлоо хуваалцъя
ReplyDelete