Wednesday, December 2, 2009

Д.Агиймаа: Усан дотор дуулснаасаа хойш сэлж сурахаар шийдсэн

-Одоохондоо Хартвордын их сургуулийн англи хэлний бэлтгэл ангид суралцдаг. Цаашдаа интерьер дизайны чиглэлээр мэргэжил эзэмшдэг юм билүү гэж бодож байгаа.
-Уг нь урлагийн мэргэжил эзэмшээгүй юм байна. Яаж яваад дуучин болчихов оо?
-Өө, би бүр бага байхаасаа л эхэлж урлаг соёлын гайхамшигтай ертөнцийг сонирхон дурлаж ирсэн хүн. Дуулах, бүжиглэх, жүжиглэх гээд л юм юм руу үсчсэн хүүхэд байсан гэх үү дээ.
Тиймээс багынхаа хүсэл мөрөөдлийг биелүүлж, их урлагт хөл тавихаар шийдсэн хэрэг. Аранжировшик Б.Наранзун ах намайг “Их өвөрмөц хоолойтой юм. Дуулах авьяас, арга барил чинь таалагдлаа” гэж хэлсэн болохоор нь урамшаад уран бүтээлийнхээ гарааг эхлэхээр зорьсон. Ийм авьяаслаг уран бүтээлчдийн сэтгэлд нийцэж, хамтарч ажиллах болсондоо туйлын их баяртай байгаа шүү.
-Яагаад заавал “В” продакшнийг сонгосон гэж?
-Монголын рок попын шилдэг, хамтлаг дуучдын ихэнх нь л “В” продакшинтай хамтарч ажилладаг юм. Бусдаас содон, шинэлэг дүр төрх, өвөрмөц уур амьсгал гээд л уран бүтээлийн тал дээр их сонирхолтой санагдсан л даа. Тэгээд ч залуу уран бүтээлчдийг дэмжиж ажилладаг учраас “В” продакшинд ажиллах нь зөв алхам гэж үзээд. Өмнө нь тус продакшны уран бүтээлчидтэй уулзаж ярилцаж байхад надад хэд хэдэн удаа хамтарч ажиллах санал тавьж байсан юм. Ингээд л “В” продакшны саналыг хүлээн авч, уран бүтээлийнхээ ажлыг даатгасан. Өнгөрсөн жил албан ёсоор хамтарч ажиллах гэрээ байгуулсан. Сая анхны бие даасан цомгоо гаргалаа. Удахгүй ихэнх дуугаа клиптэй болгоно гэх мэтээр уран бүтээлийн олз омог ихтэй байна.
-Продакшны зүгээс уран бүтээл төдийгүй стиль имижид чинь хүртэл анхаарал тавьж байгаа гэсэн. Тэдний санал болгосон стиль имиж таалагдаж байна уу?
-Тиймээ, уран бүтээлийнхээ шаардлагаар гадаад төрхөө чамгүй өөрчлөх хэрэг гарч байна. Гэхдээ эрс хувирч, цоо шинэ хүн болно гэсэн үг биш л дээ. Тэгээд ч би өөрийнхөөрөө байх дуртай. Бусдаас содон юмуу доожоо муутай байх дургүй болохоор өөрийгөө боломжийн хэмжээнд авч явдаг гэж боддог шүү. Ерөнхийдөө их эмэгтэйлиг тал руугаа хувцаслах дуртай гэх үү дээ. Ийм учраас намайг тэгтлээ их өөрчлөх шаардлага гарахгүй байлгүй.
-Ихэнх эмэгтэй дуучид эротик стилиэр хувцаслаж, дур булаам харагдахыг хүсдэг. Энэ ч утгаараа, залуусыг байлдан дагуулж нэр хүндээ өсгөж чадна гэж үздэг юм билээ. Харин чиний хувьд?
-Үгүй дээ, би тийм зүйлд дургүй. Яахав, уран бүтээлч хүн гэдэг утгаараа фенүүдээ уйдаахгүйн тулд шинийг эрэлхийлж, сонирхолтой байхыг хүсэх нь мэдээж. “lonely night” дууны клипэн дээрээ би хагас нүцгэн хувцасласан байгаа биз дээ. Иймэрхүү хэв маягаар хувцаслаж, бага зэрэг секси харагдахад юу нь болохгүй гэж. Харин хэтэрхий задгай хувцас өмсч, эрээ цээргүй аашилбал онцгүй сэтгэгдэл төрүүлэх байх. Уран бүтээлээ хүнд хүргэх бус, өөрийгөө л харуулах гэж байгаа юм шиг инээдтэй санагдана биз дээ.
-Бага зэрэг европжуу төрхтэй юм. Тэгээд ч их аялгатай ярих юмаа?
-Тийм шүү. Зарим хүмүүс намайг ямар нэг гадаад үндэстний эрлийз, хурлийз гэж боддог юм шиг байна лээ. Нэлээд европжуу төрхтэй болохоор би өөрийгөө “хольцтой” юм болов уу гэж бодоод байгаа ш дээ.(инээв)
-”lonely night” дууны клипний зураг авалтыг усан дотор хийсэн байна лээ. Яаж тэр вэ?
-”Hero” энтертайнментийн уран бүтээлчид хийсэн юм. Тэр бүр голын усанд ороод байх дургүй, сэлж чаддаггүй хүн чинь ёстой үйлээ үзсэн шүү.(инээв) Усан дотор хоёроос гурван минутын хугацаанд дуулж, бага зэрэг зургаа авахуулахад өөрийн эрхгүй л амь тэмцээд эхэлнэ. Яг л живж үхэх гэж байгаа юм шиг санагддаг юм билээ. Ингээд нэг сайн амьсгаа аваад л буцаж орох хэрэгтэй болно доо. Энэ мэтээр клипнийхээ зураг авалтыг хийх гэж бүхэл бүтэн гурван цаг болсон шүү. Үнэхээр хэцүү юм билээ. Олон дахин давтаад байхаар дасдаг юм байлгүй. Сүүлдээ бүр сонирхолтой ч юм шиг санагдаад, бас хажуугаар нь сэлж сурах гээд их хөгжилтэй байлаа.
-Тэгээд усан спортод дурлачихсан уу?
-Тэгэлгүй яах юм бэ. Клипнийхээ зураг авалтыг дуусгаад л “За, усан спортоор хичээллэх хэрэгтэй юм байна” гэж бодсон. Одоо би фитнесс, усан спортоор хичээллэж байгаа. Усанд шумбахдаа живчих вий гэж айхаа болиод ямар мундаг сэлж сурсан гээч.
-Чи урьд нь загвар өмсч байсан уу?
-Тиймээ, өмсч байсан. Хүмүүс яагаад мэдчихдэг юм бүү мэд. Намайг загвар өмсөгч үү гээд л асуугаад байна. Уран бүтээлч, тэр тусмаа эмэгтэй хүн учраас биеэ зөв авч явж сурах, нүүр будалт, стиль имиж, алхаа гишгээгээ хүртэл аятайхан болгох санаатай загварын дамжаанд суралцаж байлаа. Бас багагүй хугацаанд загвар өмсөгчөөр ажилласан. Ингээд мэдлэг боловсрол болон гадаад төрхөө бэлтгэсний дараа шууд л уран бүтээлдээ орсон доо. Гэхдээ би цаашид загвар өмсөхгүй ээ. Загвар өмсөх бус дуучин болох нь миний туйлын зорилго учраас тэр.
-Эзэмшихээр товлосон мэргэжил чинь интерьер дизайн гэсэн. Хэдийгээр уран бүтээлээ эхэлсэн ч гэлээ, дуулах урлагт суралцах хэрэгтэй шүү дээ?
-Яг үнэн. Зөвхөн хүсэл сонирхолдоо хөтлөгдөөд, чөлөөт цагаараа уран бүтээл хийж байгаа юм биш шүү. Мэргэжлийн хэмжээнд үнэлэгдэх чадварлаг дуучин болох хүсэл байлгүй яахав. Одоогоор “В” продакшиндаа уран бүтээл хийхийн зэрэгцээ суралцаж байгаа гэхэд болно. Цаашдаа хэрхэх тухайгаа төлөвлөж амжаагүй л явна. Хүмүүс “10 хувийн авьяас, 90 хувийн хөдөлмөр байдаг” гэж ярьдаг шүү дээ. Түүн шиг бурханаас заяасан өчүүхэн авьяасаа тордохыг хичээнэ.
-Сургуульд сурахын хажуугаар уран бүтээлээ үргэлжлүүлнэ гэдэг амаргүй л юм.
-Хэцүү байлгүй яахав. Дуу бичүүлэх, тоглолтод оролцох, клипний зураг авалт гээд л уран бүтээлийн ажил ар араасаа ундарч байдаг юм чинь. Үүнээс болж хичээлээ мөн ч олон удаа тасалсан даа. Гэхдээ сүүлийн үед хичээлдээ анхаарч, аль болох таслахгүй байхыг хичээх болсон. Уран бүтээл, хичээлийнхээ асуудлыг аль болох зохицуулж байхгүй бол горьгүй нь.
-Хэдий болтол уран бүтээлээ хийнэ гэж?
-Хэд ч хүрсэн хамаагүй, дуулсаар явна. Уран бүтээлдээ ямар нэгэн хязгаар тавимааргүй байна шүү дээ, би.
-Тэгээд хөгширтлөө дуулна гэсэн үг үү?
-Тэгнэ, яадаг юм бэ. Дуулж чадахаа больсон хойноо л уран бүтээлээ орхих байх. Урлагт эцсээ хүртэл үнэнч зүтгэх бодолтой байгаа.
-Рок попын ертөнцөд шинэ залуу хамтлаг дуучид олноор гарч ирж байгаа. Энэ хэрээр өрсөлдөөн нэмэгдэнэ гэсэн үг. Өөрийн гэсэн сонсогч фенүүдтэй болж, байр сууриа олтлоо хэрхэх болж гэж эмээж байна уу, аль эсвэл?
-Яалаа гэж. Надад бусдаас айж эмээгээд, ичиж зовоод байх зүйл алга. Авьяас чадвар, уран бүтээлээрээ өрсөлдөж байгаа учраас хэн нэгэнд бууж өгнө гэж бодохгүй байна. Өөрийнхөө хэмжээнд уран бүтээлээ хийгээд явбал аяндаа бүх зүйл болж бүтэх биз. Анх бага зэрэг айдастай, сандарч тэвддэг байсан бол одоо харьцангуй гайгүй болсон.
-Ямар нэгэн хамтлагт орьё гэж бодож байв уу?
-Ёстой үгүй. Хамтлаг байгуулах, бусадтай хамт дуулах талаар бодож ч байгаагүй юм байна. Ямар нэгэн охидын хамтлагт орох хүсэл байхгүй ээ, надад.
-Уран бүтээлийнхээ санхүүг хэрхэн зохицуулсан юм бэ?
-Поп дуутай “Monday Morning” хэмээх анхны бие даасан цомгийг минь “Монгол газар” компаниас ивээн тэтгэсэн. Ташрамд дурдахад, тус компанийн захирал Ц.Мянганбаярт талархсанаа илэрхийлье.
-”В” продакшинтай хэдэн жилийн гэрээ байгуулсан бэ?
-Тийм ч удаан хугацааны гэрээ байгуулаагүй л дээ. Яг хэдэн жил хамтарч ажиллах талаараа түр нууцлая. Ямар ч гэсэн, хоёр дахь бие даасан цомгоо тус продакшинтай хамтарч гаргах бодолтой байгаа.
-Дуучин Б.Маралжингоо, Б.Эгшиглэн нарыг бодвол, чи харьцангуй нууцлагдмал байсан. Гэв гэнэтхэн л “lonely night” дуугаараа гарч ирэх нь чиний сюрприз байв уу?
-Үгүй ээ, “В” продакшны бодлого байсан. Миний хувьд, уран бүтээлээ хэзээ, хэрхэн хүнд хүргэх тухайд элдэв зүйл сэтгээгүй л дээ. Магадгүй, “lonely night” дуугаа хүргэсэн хэдий ч багагүй хугацаанд нууцлагдмал байсан нь олны сонирхлыг улам илүү татахад нөлөөлсөн байх.
-Олны танил дуучин болчихлоо. Хэцүү байна уу, аль эсвэл?
-Тайзан дээр гарч фенүүддээ уран бүтээлээ хүргэж, алга ташилтаар угтуулах сайхан байх нь мэдээж. Гэхдээ хувийн амьдралаа бодохоор хэцүү ч юм шиг. Урьд нь хэний ч танил бус жаахан охин энэ тэрүүгээр годгоноод л гүйдэг байсан бол одоо бүх зүйл өөрчлөгдсөн. Хаана л явна, хүмүүс таниад. “Хүүе хаая” гээд хүрч ирээд уулзахгүй мөртлөө “Энэ нөгөө дуучин охин явж байна” гэж шивэр авир хийхээр эвгүй санагдаад байх юм. Олны танил болчихоор явган явж, хямд газарт хооллож, энгийн хувцас ч өмсөх “эрхгүй” юм шиг байна. Тайзнаас буудаггүй юм шиг үргэлж л гял цал амьтан яваад байна гэж юу байхав. Хүмүүс хараад жиг жуг гээд байхаар өөрийн эрхгүй л биеэ бариад, алхам тутмаа тооцоолж, үйлдэл бүрээ хянадаг зуршилтай болох гээд байна. Тэгэхлээр олны танил болно гэдэг чинь гоё байхаасаа илүү хэцүү юм биш үү. Өөрийнхөөрөө баймаар байна шүү дээ, би.
-Дууныхаа дахилтыг англиар дуулсан байсан. Цаашид англи ч юмуу өөр хэлээр дуулах бодол бий юу?
-Байгаа, англи дуу дуулна. Англиас өөр хэл дээр дуулах талаар одоохондоо ярилцаж л байна.
-Дуулахаас өөр сонирхдог зүйл олон биз?
-Өө, зөндөө бий. Урлаг спортын бүхий л зүйлүүдийг шимтэн сонирхдог. Үүнийхээ дагуу судалж, оролдох дуртай. Чөлөөт цагаараа ном унших, бусад хамтлаг дуучдын уран бүтээлийг сонсох гээд л маш олон зүйлд дурладаг шүү.
-Ингэхэд дуучин бүсгүй маань хэдэн настай билээ?
-19-тэй. Тун удахгүй “Хорьж боломгүй хорин нас”-тайгаа учирна даа. (инээв)
-Найз залуутай юу?
-Байхгүй ээ, найз залуутай болох гэж нэг их яараад хэрэггүй биз. Эрч хүчээр дүүрэн оргилж байгаа залуу насандаа ихийг сурч мэдэж, уран бүтээлээ хийхийг хүсч байна. Тиймээс найз залуу, гэр бүл энэ тэрийн талаар огтхон ч бодохгүй яваа. Яахав, цаг нь болохоор хувь заяаныхаа эрхээр хайр сэтгэлээ олох л байх.
-Гэр бүлийнхэнд чинь чамаас өөр дуулдаг хүн байгаа юу?
-Аавыг минь эс тооцвол бараг байхгүй дээ. Гэрийнхэн маань нэг их дуулж, бүжиглээд байдаггүй, намуухан орчинд амьдардаг. Харин аав минь дажгүй дуулчихдаг юм. Тиймээс намайг дуучин болох гэж байгааг минь мэдээд их дэмжиж байсан.
-Гэрийнхнээ танилцуулаач?
-Аав минь барилгын компанид ахлах инженер, ээж маань хувиараа бизнес эрхэлдэг. Би дороо ганцхан дүүтэй. Тэр маань өнгөрсөн хавар сургуулиа төгсөөд оюутан болсон.


No comments:

Post a Comment