Wednesday, December 2, 2009

Амттай бас ашигтай : Зөгийн бал

Өглөө бүр уухад ходоод гэдсэнд сайн гэж зарим хүний зөвлөдөг зөгийн бал айл бүрийн хөргөгчинд бий. Өглөө бүр уухаасаа илүү нүүр арьсандаа л илүү түрхдэг болохоор уухад ямар ид шидтэйг нь сайн мэдэхгүй юм. Харин гоо сайханд бол янзтай шүү.



Зөгийн балыг миний хувьд тун олон хэлбэрээр ашигладаг. Хааяа нэг саунд суухдаа бүх биедээ бага зэрэг түрхээд суусны дараа арьс зөөлөрч, ядаргаа тайлагдах шиг болдог юм. Бүсгүй та ч миний туршлагаас туршаад үзээрэй.

Биедээ, нүүрэндээ, үсэндээ гээд ер нь саунд суухдаа би баланд унасан зөгий шиг болчихдог гэхэд хилсдэхгүй. Арваад минут яс сууж аваад гарч ирээд бүлээн шүршүүрт орчихдог юм. Үс намилзаад, арьс зөөлрөөд, ямар сайхан гээч.

Саунд суух боломжгүй, гэртээ бол нүүрээ сайн цэвэрлэсний дараа буцалсан усанд зөгийн балаа хутгаж уусгаад битүү алчуураар толгойгоо боон нүүрээ утна. Арваад минутын дараа арьс зөөлөрч, ядаргаа тайлагдах шиг болдог юм.

Уруул омголтож хатсан үед ч зөгийн бал янзтай. Ямар ч тосноос дутахгүй. Уруулдаа зөгийн бал түрхээд гэрийнхээ ажлыг хийж болно. Арваад минутын дараа хуулаад идчихнэ. Ашигтай бас амттай байгаа биз. Үсээ угаасны дараа хуйхандаа зөгийн бал түрхэх ч зүгээр. Үс зөөлөрдөг юм. Арваад минутын дараа бүлээн усаар зайлаад л угаачихна. Зөгийн бал тал бүрийн ашигтай байгаа биз. Бүр боломжтой бол саунд зөгийн бал түрхэх л хамгийн үр дүнтэй арга шиг надад санагддаг. Та ч гэсэн туршаад үзээрэй.

Бидний уриа гарын доорх хямд төсөр материалаар үр дүн өндөртэй гоо сайхны бүтээгдэхүүн хийх шүү дээ. Зөгийн бал дэлгүүрт үйлдвэрлэсэн газар, савласан хэмжээнээсээ хамаараад янз бүрийн үнэтэй. Би 3000-4000 төгрөгийн үнэтэй зөгийн балнаас сонгодог. Нэг удаа хэрэглээд өнгөрөхгүй. Нэлээд олон удаа хэрэглэдэг болохоор боломжийн үнэ шүү.

No comments:

Post a Comment