Wednesday, December 2, 2009

“Хобби” гэдэг чинь давуу тал уу, сул тал уу?

“Хобби” гэдэг үг англи хэлээр дамжин олон ард түмний харилцаанд нэвтэрсэн байх юм. Харин уг үгийн гарвал утга нь одоогийнхоосоо огт өөр байсан юм билээ. Одоо “пони” гээд байх болсон давжаа адууг “хобби” гэдэг байж. Моррис хэмээх ардын бүжиг хийгчид бүсэндээ бэхэлдэг сүлжиж хийсэн морины дүрсийг XVII зуунд hobby-horse гэдэг байжээ. Энэ “морь” хожим нь хүүхдийн тоглоом болж хувирсан байна. Дараа нь ride a hobby буюу “морь унах /эмээллэх/” гэсэн хэллэг бий болсон аж.


Бидний үед энэ үгийн утга ихэд өөрчлөгдөв. Шар айрагны шилний бөглөөнөөс аваад эртний Ромын мөнгө цуглуулах гэх мэт аар саархан юмнаас эхлээд чөлөөт цагаараа бөхийн дэвжээн дээр гарах зэрэг хүний сонирхдог бүхий л юмыг ийн нэрлэх нь чухам хэдийнээс эхтэйг бүү мэд. Элдэв юм сонирхох нь хэн хүнд байдаг чанар. Улстөрчид ч ялгаагүй. Улстөрчид гэдэг улс орны хувь заяаг хамаарч байдаг тийм нөлөө бүхий суудал, эрх мэдэл рүү тэмүүлдэг улс болохоор тэд юу сонирхдог нь олон түмэнд, сонгогчдод чухал. Улстөрчдийг Цагаан байшинд юм уу Даунинг-стрит, Елисейн ордон, Кремль, Төрийн ордонд очихоос нь өмнө тэдний талаар бид аль болох их зүйлийг мэддэг байх хэрэгтэй.

…АНУ-ын Ерөнхийлөгчийн суудлын төлөө өрсөлдөж буй хоёр хүн хоёул мөрийтэй тоглоомонд хорхойтой юм гэнэ лээ. Үүнийгээ ч тэд нуудаггүй гэсэн. Гэтэл хобби-г зөвхөн хүний сонирхдог юм төдийгүй, түүний сул талыг харуулдаг зүйл гэдгийг мэддэгээс өөрийн удирдагч, төр засгийн тэргүүн нартаа сул тал байх ёсгүй мэт үздэг дэглэмтэй улс орон цөөнгүй байх юм. Ийм улсад Ерөнхийлөгчөө казинод очих дуртайг нь олон түмнээс тас нууна. Тухайлбал Володя Ульянов ямар дутагдалтай, сул талтай хүн байсан талаар бид юу мэдэхсэн билээ. Ээждээ хэлэлгүйгээр нэг удаа алимны хальс идчихсэн нь л түүний цорын ганц буруу үйлдэл байсан мэтээр зөвлөлтийн ном зохиолд харуулдаг байв даа. Ленинтэй цуг тэмцэж явсан, хожим нь түүнтэй хонь, чоно болсон хүмүүсийн дурсамж Зөвлөлт засаг гээч юм үгүй болсны дараа олны сонорт хүрснээс үзвэл Ленин гэдэг аймшиггүй тэмцэгч, зөрчил дутагдалгүй гайхамшигтай “амьтан” биш байв. Тухайн үед түүнтэй хамт гадаадад дүрвэж явсан хүмүүсийн дурссанаар бол тэрбээр хөрөнгөтний маягийн тансаг амьдралд их дуртай, шар айрагны мухлаг, зоогийн газраар гүйдэл суудалтай, амттай хоол, сайн шар айргийг ихэд таашаадаг нэгэн байв гэнэ.

Түүнээс гадна дугуйгаар явах их дуртай, үүндээ Крупскаягаа ч уруу татах гэж оролддог байсан аж. Дугуйг нь дайрч гэмтээсэн нэгнээс Ленин амар салаагүйгээр барахгүй, тэнд байгсдыг гэрч болж өгөхийг хүсч, цагдаа дуудаж, түүнтэй хатуухан хариуцлага тооцсон гэдэг. Зөвлөлтийн ихэнх удирдагчийн адил ан авд бас хорхойтой байжээ. Оросын удирдагчдаас Горбачёв, Путин хоёрт л ийм “хобби” байсангүй.

“Бурхдын” сул талыг олон түмэн мэдэх албагүй

Сталины дотоод ертөнц тун бүрхэг байв. Тиймээс тэр хүн чухам юу сонирхдог, ямар сул талтайг нь мэдэх гэсэн оролдлого ер бүтэлтэй юм болдоггүй байж. Сталин юм их уншдаг, маш баялаг номын сантай байсан ч гэлээ уран зохиол сонирхдог, түүнд дуртай байсан гэж хэлэх боломжгүй. Юу сонирхдогоо бусдад мэдүүлэхийг тэр өөрөө ч хүсдэггүй байсан аж. Яагаад гэвэл “бурхдын” сул талыг “жирийн хүмүүс” мэдэх ёсгүй. Достоевскийн зохиолуудыг Сталин уншдаг байсан мөртөө тэдгээрийг ЗХУ-д дахин хэвлэхийг хориглосон.

Христосын шашны судар /библи/-ыг мэддэг, түүнээс цээжээр бага сага уншдаг байсан, гэхдээ л энэ нь ЗХУ-д хориотой номын нэг байсан шүү дээ. Уран сайхны бүтээлийг ердөө л үзэл суртлын зэвсэг хэмээн үзэхээс хэтэрдэггүй байсан Ленинийг бодвол Сталин урлагт арай л элэгтэй байсан шиг байдаг. Залуудаа тэрбээр Сосело гэдэг нууц нэрээр шүлэг бичиж “Иверия” сонинд нийтлүүлж байсан юм билээ. 1949 онд Сталины 70 насны ойгоор өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр Берия шүлгийн түүврийг нь хэвлүүлж, санамсаргүй мундаг бэлэг барих гээд уурыг нь хүргэсэн удаатай. Сталин уурласан нь өөрийн аливаа сонирхол, сул талыг бусдад мэдэгдэхгүйг хичээдэгтэй нь холбоотой байсан.

Сталин “гахай” /городки/ цохих дуртай байв. Тусгайлан засч бэлтгэсэн модоор тоглодог “гахай цохих” гэгч наадгай тэр үед их түгээмэл зүйл байлаа. Нийслэлийн ойролцоох зусландаа Сталин талбай бэлдүүлчихээд бие хамгаалагч нартайгаа тоглодог байж. Маш хор шартай тоглодог, онохгүй алдахдаа тун дургүй, алдахаараа гаансаа татах гээд шүдэнзээ эрэн халаасаа тэмтэрдэг байжээ. Бильярдыг намын нөхөдтэйгээ тоглоно. Хожигдсоныг нь ширээн дор суулгана. Муу тоглодгоороо Хрущев ийн суух нь олонтаа байсан гэдэг.

“Бид дэмий л юм хийж дээ”

Төрийн хүний хувьд хэтэрхий болхи бүдүүлэг гэмээр даалуу хэмээх тоглоомд Брежнев хачин дуртайг нь мэдээд ихэд гайхсан тухайгаа Хрущев дурсамждаа бичсэн байдаг. Хүү Сергей нь ч энэ тухай нь бас бичиж байв даа. Хрущев өөрөө оюун ухаан зарах ямар нэг юм сонирхдог байсан тухай мэдээлсэн юм ер байдаггүй юм. Ер нь бол ан хийх, наргих хоёроос буцдаггүй байсан бололтой.

Сталины үед Зөвлөлтийн эрхтэн дархтнууд нийслэлд хамгийн ойр байх зуслангийн байранд цуглаад, ууж идэх нь элбэг байсан гэсэн. Ийм үед Никитаг суудлаасаа өндиймөгц сандал дээр нь улаан лооль юм уу шүүслэг ногоо жимс тавьж, инээд наргиан болохдоо тун дуртай байжээ. Горькийн хэлснээр энэ маягийн тоглоом шоглоом нь тухайн хүмүүсийн удам угсаа, түвшинг тодорхойлдог байсан аж. Магадгүй тийм ч учраас тэд бусдаасаа зовохдоо ийм наргиан наадамд дуртайгаа нуудаг байсан ч байж мэднэ. Брежнев даалуу тоглох дуртайг мэдээд Хрущев гайхаж байсан нь ч үүнийг гэрчилнэ.

…Тэтгэвэрт гарснаар Хрущев их өөрчлөгдсөн байна. Сохорсон биш завшив гэгчээр төрийн албаа өгчихөөд тэрбээр их уншиж, цэцэг зүлэг ургуулж, ногооны талбайд ажиллах болжээ. Энэ амьдралын олон юмыг мэддэггүйгээ ойлгосон биз, өөрийн уран сайхны ядуу мэдрэмжээрээ бусдыг дарамтлахаа ч байж. Хрущев ямар болсныг хамгийн тод харуулсан зүйл бол “Доктор Живаго”-г уншсан явдал гэж хэлж болно. Чухам түүнийг эрх мэдэлтэй байхад л Пастернак дээр аянга буулгасан шүү дээ. Уг номыг уншчихаад, “энэ номонд гэм хортой юм ер алга, дэмий л юм хийж дээ, бид” хэмээн тэрбээр хэлсэн юм гэнэ лээ.

No comments:

Post a Comment