Wednesday, December 2, 2009

Сакура цэцэглэх сар


Сакурагийн эмзэгхэн дэлбээ хаврыг авчирч байна. Хэдхэн хоног гоо үзэсгэлэнгээ гайхуулчихаад цэцгээ гээж, өнгөө хувиргадаг сакурагийн модод яг энэ өдрүүдэд Японы хотуудыг чимж байна.  Энэ бол тус улсын хамгийн үзэсгэлэнтэй үе нь байдаг билээ.

“Олон зууны турш сакура нь манай ард түмний гол бэлгэ тэмдэг болж ирсэн. Японы соёлын уламжлалтай холбоотойгоос гадна энэхүү цэцгийн гайхамшигт өнгө, үзэмжтэй дүйцэх цэцэг, ургамал энэ дэлхийд үгүй” хэмээн тус улсын нэрт зохиолч Инадзо Нитобэ өөрийн алдарт бүтээл “Самурайн замнал” номны өмнөтгөл үгэнд өгүүлсэн байдаг. Сакура цэцэглэх үеэр Япон улс нь яг л үлгэрийн мэт орон болж хувирна. Энэхүү анхилуун үнэрт гайхамшигт цэцэг нь яг л далайн давалгаа мэт жил бүрийн гуравдугаар сарын сүүлчээр нутгийн өмнөд хэсгийн Кюсю мужаас эхлэн цэцэглэж дөрөвдүгээр сарын эхэн гэхэд Токио хотоор дамжин тавдугаар сар гэхэд Хоккайдо аралд цэцэглэн дуусдаг байна.  Энэ цэцэгт мод нь 300 гаруй төрөлтэй. Үүнээс Токио хотын төвд орших “Синдзюкугёэн” цэцэрлэгт хүрээлэнд 75 төрлийн 1500 гаруй сакура модыг тарьж, ургуулдаг байна. Мөн  тавдугаар сард цэцгийн улирлыг угтан “Ханами” хэмээх баярыг тэмдэглэдэг уламжлалтай. Ирж яваа урин цагийн амьсгааг мэдрэн, хамаг муу муухай бүхнээ дөнгөж дэлбээлсэн гоёмсог цэцгийн өмнө мартаж орхисон хүмүүс хаврын энэхүү баярыг тэмдэглэн зугаалцгаана. Япончуудын үндэсний бэлгэдэл болсон энэ цэцгийнхээ дэлбээлсэн хэд хоногт хэзээ хэзээнээс илүү өөдрөг, өөртөө итгэлтэй, бас баяр хөөртэй байдаг. Сакура харсан хүн залуужсан мэт болдог хэмээн тэд ярих дуртай. Турьхан дэлбээг нь хаврын салхинд хийсч, гоё сайхныг нь мэдрэх гэж хүмүүс ажил албаа хойш тавьдаг байна.
Бүтэн жил хүлээсэн цэцгээ дэлбээлэхэд дэлгүүр хоршоогоо хааж, ажлаа хойшлуулж, хоол ундаа базааж аваад сакурагийн модны дэргэд бүтэн өдрийг өнгөрөөнө. Гайхамшигт цэцгийг харангаа амрах нь яг л диваажин гэсэн үг. Мөн дуулж, хуурдан бүжиглэнэ. Чив чимээгүй, нам гүмхэн орчинд сакура харахыг хүссэн хүмүүс өглөө үүрээр гэрээсээ гарна. Дүүрэн цэцэгтэй модны дэргэд өглөөний анир чимээгүйд сэтгэлийн үгээ зориг гарган хэлэхээр хүлээх залуус олон. Богино настай ч энэ цэцэг үүрд мөнх, үнэнч шударгыг зөгнөдөг. Харин сүүлийн жилүүдэд сакураг дэлхий дахинаа эв нэгдэл, энх тайвны бэлгэ тэмдэг хэмээн үзэх болжээ. Тиймээс өнөөдөр дэлхийн аль ч улсад сакура цэцэглэхийг харж болно.
-Бүсгүй хүний гоо үзэсгэлэн энэ цэцгэнд шингэсэн гэж үздэг. Сакураг тэмдэглэх япон ханз үсгэг чимэг зүүлтээ зүүсэн бүсгүй хүнийг дүрсэлсэн гэдэг. Хэдийгээр зарим эх сурвалж сакураг эзэн хааны гэр бүлийн бэлгэдэл маягаар тайлбарладаг ч япон хүмүүсийн гоо сайхны мэдрэмжийн илэрхийлэл хэмээх нь элбэг аж. Хавар ирснийг зарлан сакура дэлбээгээ нээнэ. Тиймээс энэ бол хаврын цэцэг. Хятадууд сакурагаар мөн л эмэгтэй хүний үзэсгэлэн төгс байдал, дур булаам төрхийг бэлгэддэг. Ургамал модод хайрын тухай энэ цэцгээр дамжуулан өгүүлдэг хэмээн тэд үздэг байна.

-Уяхан туяхан, өнгө ялдам энэ цэцэг бас дайчин самурайн эр зоригийг бэлгэднэ. Цэцэг цэцгийн дээд сакуратай адил эрчүүдийн сор нь самурай. Самурай хаврын энэ цэцэг шиг агшин зуурын амьдрал, богинохон настай. Эзнийхээ, илдийн урлагийн багшиийнхаа төлөө өөрийхөө амьдралыг золиослоход тэд хэзээд бэлэн байдаг. Орь залуу насандаа амиа алдсан самурайн дурсгалыг хүндэтгэн сакура дэлбээлдэг гэх эртний япончуудын домог  байдаг ажээ.

-Сакура цэцгийг давсалж хатаадаг. Халуун усанд түүнийгээ хийж анхилуун үнэртэй, амттай цай болгоно. Япончууд ийм цайг ихэвчлэн сүй тавих ёслолын үеэр хүндэтгэлийн ундаа болгон барьдаг уламжлалтай. Гоёмсог аяганы тагийг сөхөхөд таатай үнэр анхилахын зэрэгцээ сакура цэцэг шинэхнээрээ харагдах нь тун үзэсгэлэнтэй. Ер нь япончууд хуримын ёслолын үеэр жирийн цай уухыг цээрлэдэг. Учир нь гэрлэлт бүтэлгүйтэж, салж сарнихыг ёрлоно гэж үздэг байна. Харин сакурагийн цай аз жаргалыг авчирна.

-1926 онд Япон улс АНУ-д энх тайван, найрамдлын бэлгэдэл болгон сакурагийн модод бэлэглэж байсан түүхтэй. Тэрхүү бэлгийг Вашингтонд суулгажээ. Өнөөдөр Вашингтоны сакура дэлхийд мөн л алдартай. Аз жаргалын цэцгийг харахаар хаврын эхний өдрүүдтэй уралдан олон орноос жуулчид Вашингтоныг зорьдог. 1935 оноос хойш жил бүр энэ хотноо болж байгаа Сакура цэцгийн наадам хаврын уламжлалт баяруудынх нь нэг болсон юм. Тус наадмыг ивээн тэтгэн зохион байгуулдаг Америк, Японы нийгэмлэгийнхэн сүүлийн долоон жилийн турш наадмынхаа үеэр зуун мод нэмж суулгажээ.

-Цагаан, ягаан өнгөөр нүд, сэтгэл баясган мишээх хаврын цэцгийн дэргэд идэх хоол нь хүртэл өнгө алагласан гоё байдаг. Сакурагийн модны хажууд голдуу хурц тод өнгөтэй, чамин маягаар чимэглэн хайрцаглаж бэлтгэсэн хоол идэцгээнэ. Сакурагийн хоол гэж нэрлэх нь ч бий. Японы Киото хотын нэгэн дэлгүүр сакура цэцэглэх үеэр тусгайлан бэлтгэсэн хайрцагтай хоолыг өдөрт 7000 гаруй ширхэгийг зардаг байна. Ийм хоол харьцангуй үнэтэй. Нэг нь 28-45 ам.доллар. Хаврын цэцгийн баярт зориулсан хоолыг Японы өндөр зэрэглэлийн ресторануудад бэлтгэдэг юм.

No comments:

Post a Comment