Wednesday, December 9, 2009

ЗЭЭЛИЙН БОДЛОГ10

Өнгөрсөн онд банкны салбарын нийт активын хэмжээ 47.4 хувь буюу 107.0 тэрбум төгрөгөөр өсч, дотоодын нийт бүтээгдхүүний 29.4 хувьд, иргэд байгууллагын харилцах хадгаламж 20 хувьд хүрсэн нь 1999-2000 онтой харьцуулахад таван хувиар, харин нийт олгосон зээлийн хувьд 23 хувьд хүрсэн нь 1999 оноос 3 дахин, 2000 оноос 2 дахин өслөө. Эдгээр үзүүлэлт нь банкны системийн хөгжил, түүний улс орны эдийн засгийн үйл ажиллагаанд гүйцэтгэж байгаа үүргийг тодорхойлдог. Уг үзүүлэлтээс нийт актив/ДНБ АНУ-д 280, Германид 196, Хятадад 157, Оросод 34, Болгард 40 хувь байгаатай харьцуулан үзэхэд санхүүгийн зуучлалын түвшин манай
оронд сул байна. Гэхдээ Армени, Казакстан зэрэг шилжилтийн эдийн засагтай орнуудаас өндөр байгаа юм.
Банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан 16 банкнаас 4 том гэгдэх банкинд банкны салбарын нийт активийн 70 гаруй хувь нь ногдож байна. Үлдэх 12 банкны хувьд зах зээлд эзлэх хувийн жин, өрсөлдөх чадвар, тэдгээрээр дамжих санхүүгийн зуучлал харьцангуй бага хэвээр байна. 2000 оны байдлаар төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой банкуудад банкны салбарын нийт хадгаламжийн үлдэгдлийн 69.9 хувь, харилцах дансны үлдэгдлийн 81.7 хувь, Засгийн газрын харилцах хадагаламжийн 91 хувь нь төвлөрч байсан бол 2001 онд хувийн өмчит банкууд идэвхтэй үйл ажиллагаа явуулах болсноор төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой банкуудад нийт хадгаламжийн 58.6 хувь, харилцах дансны үлдэгдлийн 77.9 хувь, Засгийн газрын харилцах хадагаламжийн 89.4 хувь нь байрших болж, хувийн өмчит банкуудын санхүүгийн салбарын зуучлалд оруулах хувь нэмэр бага ч гэсэн нэмэгджээ.
Дээрх байдлаас дүгнэж үзэхэд олон нийтээс банкинд итгэх итгэл нэмэгдэж, санхүүгийн зуучлалын эрх зүйн таатай орчин бий болж, банкны салбарын эдийн засагт гүйцэтгэх үүрэг өсч байгаа хэдий ч энэхүү үүрэг оролцоо нь хязгаарлагдмал бага хэмжээтэй, бүтцийн хувьд төвлөрлийн эрсдэлийг агуулсан, төрийн өмчийн оролцоо өндөр, хямралд өртөмтгий байж болох сул талуудыг агуулж байв. Иймд банк, санхүүгийн салбарыг бодит эдийн засагтаа нөлөөлөхүйц чадвар бүхий салбар болгож хөгжүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж, санхүүгийн салбарын бүтцийн өөрчлөлтийг цаашид гүнгийрүүлэн, санхүүгийн салбарыг урт хугацаанд хөгжүүлэх үзэл баримтлал, дунд хугацааны стратегийн баримт бичгийг боловсруулсан. Уг баримт бичгийг Улсын Их Хурлаас сайшаан дэмжсэн тул санхүүгийн салбарыг эрүүлжүүлэх, хөгжлийг нь түргэтгэх талаар олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтран Засгийн газар, Монголбанк хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж байна.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд банк санхүүгийн бизнесийн эрх зүйн орчинг улам боловсронгуй болгох, ялангуяа банкны зээл эргэж заавал төлөгддөг байх зарчмыг бүрэн хэрэгжүүлэхэд бэрхшээл учруулж байгаа хуулийн заалтуудыг өөрчлөх, банкны боловсон хүчинг давтан сургах, банк санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагааг нийтэд нээлттэй ил тод болгох, хөдөө орон нутагт банкны үйлчилгээг өргөжүүлэх, банк санхүүгийн ажил үйлчилгээний үндэсний стандардыг олон улсын жишигт нийцүүлэн баталж мөрдүүлэх, банкны дотоод хяналт, хамтын удирдлагын зарчмуудыг нэвтрүүлж хэвшүүлэх зэрэг өргөн хүрээтэй арга хэмжээнүүдийг авч байна. Үүнд юуны өмнө Монгол Улсын зээлийн зах зээлд үүссэн гажуудлыг арилгах явдал байв.

No comments:

Post a Comment