Wednesday, December 9, 2009

Компьютерийн бүтэц ба ерөнхий ойлголт

Компьютерийн бүтэц ба ерөнхий ойлголт
Компьютерийн бүтэц ба ерөнхий ойлголт
Мэдээлэлийг ерөнхийд нь "Аливаа амьд организмын дотоод болон гадаад орчноосоо мэдэрч, хүлээн авч буй бүх дохио юм." гэж тодорхойлж болно. Гэвч компьютерт бүх мэдээлэл нь тоогоор дүрслэгддэг байна. Тоог дүрсэлж бичих болон үйлдэл хийж боловсруулах дүрмүүдийн нэгдлийг тооллын систем гэж нэрлэдэг. Бид тоог 10-тын тооллын системд мэднэ. (Тоог 10 цифрээр дүрсэлж бичдэг)



Үүнтэй адил аливаа тоог 0, 1 гэсэн хоёр цифрээр дүрслэх 2-тын тооллын систем компьютерт хэрэглэгддэг. Хоёртын тооллын системийн тоонууд 0, 1, 10, 11, 100, 101, 110, … гэх мэтээр бичигддэг. Зөвхөн 0 ба 1 гэсэн утга авдаг мэдээллийг 1 бит (bit-binary digit) хэмжээтэй гэж ярьдаг. 8 бит мэдээлэл нь 1 байт (byte-багц) болдог. Мэдээллийг хэмжээг хэмжих үндсэн нэгж байт юм. 1 байтыг нэг үсэг, эсвэл нэг тэмдэгт гэж тоймлон ойлгож болно. Килобайт, мегабайт зэрэг мэдээллийг хэмжих том нэгжүүдийг ч мөн хэрэглэдэг. Доор нэгжүүдийн хоорондын харьцааг үзүүлэв.
1024 Вyte = 1 Kilo Byte (1KB)
1024 KB = 1 Mega Byte (1MB)
1024 MB = 1 Gega Byte (1GB)

Компьютерийн ерөнхий бүтэц Аливаа компьютер мэдээлэл боловсруулах-удирдах байгууламж процессор, мэдээллийг санах ой, мэдээллийг хадгалах байгууламж, мэдээллийг оруулах гаргах байгууламж, тэдгээрийг холбосон суваг гэсэн үндсэн хэсгүүдээс тогтсон систем юм. Одоо компьютерийг бүрдүүлэгч эдгээр хэсгүүдийн тухай дэлгэрүүлж авч үзье.

1. Санах ой - RAM (Random Access Memory). Компьютерээр боловсруулах бүх төрлийн мэдээллийг санаж хадгалахад зориулагдсан компьютерийн хэсгийг санах ой гэнэ. Иймд хэрэв санах ой байхгүй бол мэдээлэл боловсруулах боломжгүй болно. Өөрөөр хэлбэл компьютер ажиллахгүй гэсэн үг. Компьютерийн санах ой дахь мэдээлэл компьютерийг унтраахад арилдаг. Ийм чанартай санах ойгоос гадна орчин үеийн компьютерт санасан мэдээлэл нь өөрчлөгддөггүй байнга тогтмол хадгалагдаж байдаг санах ой байдаг. Энэ санах ой дахь мэдээлэл зөвхөн уншиж ашиглахад зориулагдсан байдаг. Ийм санах ойг ROM (Read Only Memory) гэж нэрлэдэг. Компьютерийн санах ой-RAM-ийн хэмжээ нь нэн чухал үзүүлэлт юм.

2. Микропроцессор-(CPU-Central Processing Unit). Тодорхой үр дүнд хүрэхийн тулд биелүүлэх үйлдлүүдийн дараалалыг программ гэнэ. Тэгвэл программын үйлдлүүдийг алхам бүрээр нь биелүүлдэг компьютерийн хэсгийг микропроцессор гэнэ. Өөрөөр хэлбэл компьютерийн үйлдэл хийдэг хэсэг нь юм. Компьютерийг хүнтэй зүйрлэвэл, микропроцессорыг компьютерийн тархи нь гэж хэлж болох юм. Микропроцессор нь үйлдэл гүйцэтгэх хурдаараа харилцан адилгүй байдаг. Манай оронд голдуу Intel овгийн микропроцессор бүхий компьютеруудыг хэрэглэдэг. Эдгээр микропроцессорын Intel 386, Intel 486, Pentium, Pentium Pro, Pentium MMX, Pentium II, Pentium III, Pentium IV8 Pentium D гэсэн моделиуд нь  хэрэглэгдэж ирсэн байна. Түүнээс гадна CPU үйлдвэрлэдэг Intel фирмээс гадна Cyrix, AMD гэх мэт өөр фирмүүд байдаг. Гэхдээ та уг номыг бичигдсэнээс нэлээд хожим уншиж байгаа бол энд байгаа зарим мэдээлэл хоцрогдсон байж болзошгүй юм.

3. Компьютерийн мэдээллийг оруулах, гаргах байгууламж. Аливаа компьютерт мэдээлэл оруулах, гаргах олон янзын төхөөрөмж байж болох бөгөөд зөвхөн стандарт оруулах гаргах төхөөрөмжийг үзье.
а). Дэлгэц (Monitor). Дэлгэц нь хар цагаан, өнгөт, шингэн кристал гэх мэт төрлүүд байдаг. Дэлгэцийн боломж янз бүр байдаг боловч сүүлийн үед зөвхөн VGA (Video Graphics Array) болон SVGA (Super VGA), LCD дэлгэцүүд хэрэглэгдэх болсон байна. Мөн овор хэмжээний хувьд 15 инч -ийн дэлгэц өргөн хэрэглэгддэг. Дэлгэцний дүрсийг дүрслэх цэгийн диаметр нь 0.25 мм, 0.28 мм гэх мэт янз бүрийн боломжуудтай байна.
б). Гар (Keyboard). 101/102 товчлуур бүхий Америк стандартын гар өргөн хэрэглэгдэж байсан боловч Windows 95 систем гарснаар 104 товч бүхий гар нэлээд өргөнөөр хэрэглэх болсон. Гар нь мэдээллийг компьютерт оруулах гол төхөөрөмж юм. Текст бичих үед дэлгэцэн дээр үсэг хаана бичигдэхийг заасан заагуур байх ба үүнийг текст курсор (анивчсан босоо зураас) гэж нэрлэдэг. Текст курсорыг гарнаас удирддаг. Гарны тухай та өөрөө бие даан судлана уу. Жишээлбэл та том жижиг үсгийг хэрхэн бичих, мөр шилжих, текст курсорыг удирдах гэх мэт үйлдлүүдийг судлаарай.

4. Хадгалах байгууламж буюу диск. Бидний өмнө ярьсан компьютерээр боловсруулагдах мэдээллийг санах зориулалттай шуурхай буюу дотоод санах ой RAM нь харьцангуй бага багтаамжтай бөгөөд энэ мэдээлэл нь компьютерийг унтраахад арилдаг. Иймд их хэмжээний мэдээллийг удаан хугацаагаар байнга хадгалах шаардлагатай болдог. Энэ санах ойг гадаад санах ой гэдэг. Өргөн хэрэглэгддэг гадаад санах ой нь компьютерийн диск юм. Дискэнд мэдээлэл бичих болон түүн дээрх мэдээллийг унших төхөөрөмжийг дискийн байгууламж (disk drive) гэдэг. Одоогоор дараахь төрлийн диск  хэрэглэгдэж байна.
1. Уян диск (Floppy disk - FD)
2. Хатуу диск (Hard disk - HD).
3. Компакт диск (Compact disk-CD).
4. Flash диск
5. USB хард диск

Эдгээр дискүүд нь багтаамж, ажиллах хурд зэргээрээ харилцан адилгүй байдаг. Уян дискийг бага хэмжээний мэдээлэл зөөх болон зарим чухал мэдээллийг хадгалах зэрэгт өргөн ашиглаж болно. Харин хатуу диск процессор дотор диск байгууламжийн хамт байрлах бөгөөд багтаамж болон хурдаараа уян дискнээс харьцангуй хурдан байдаг. Хатуу диск нь өдөр тутмын ажиллагаанд хамгийн их хэрэглэгдэнэ. CD нь мөн багтаамж болон хурдаараа уян дискнээс эрс илүү бөгөөд мэдээллийг найдвартай хадгалдаг. CD дээрээс мэдээллийг унших байдлаар хэрэглэдэг байгууламжийг CD-ROM Driver гэж нэрлэдэг. Энд ROM гэдэг нь Read Only Memory буюу зөвхөн уншигдах санах ой гэсэн үгийг товчилж байгаа болно.

Уян диск байгууламж (F.D.D.-floppy disk driver) компьютерт хоёроос олонгүй байх ба A:\ B:\ гэж нэрлэгдэнэ. Хатуу диск байгууламж нь компьютерт 4 хүртэл байж болох ба тэдгээрийг олон логик дискүүдэд дотор нь хэд хэд хувааж болно. Түүнийг C:\, D:\ . . . гэх мэтээр үсгийн дарааллаар нэрлэнэ.
5. Хулгана (Mouse). Орчин үеийн компьютерүүдэд заах (pointing) төхөөрөмжүүд олон хэрэглэдэгийн нэг нь хулгана юм. Хулгана нь хэрэглэгч компьютерийг удирдах болон асуултанд хариулах зэрэгт голчлон хэрэглэгддэг төхөөрөмж юм. Хулгана хэрэв зөв суулгагдсан бол хулганыг ширээн дээгүүрээ хөдөлгөхөд дэлгэцэн дээр чинь сум гүйж байх болно. Энэ сумыг хулганы курсор гэж нэрлэнэ. Хулганы курсорын хэлбэр тухайн үеийн ажлын төлөв, байдлаас хамааран байнга өөрчлөгдөж байдаг.

No comments:

Post a Comment