Далбааны ишний эсрэг талын гурван улаан хэлний дээд талын хэлэнд "ом", дундахад "Аа", доодод "хум" хэмээх маанийн үсэг, шар дэвсгэр дээр сайн сайхныг бэлгэдсэн мөргөлийн тусгай ном бичих болсон байна. Шар дэвсгэрийн төв дунд гуутай бадмалянхуа цэцэг бүхий "Соёмбо, Э бам" үсэг урлахаар тогтоосон байна. Соёмбо нь эрх чөлөө тусгаар тогтнолын бэлгэдэл, "Э бам" үсэг нь арга билгийг дүрсэлдэг бөгөөд бадмалянхуа нь ариун цэцэг юм.
Дээрх зарлигийн дагуу төрийн далбааг бүтээн хэрэглэж байжээ. Далбааны харьцааг алдагдуулахгүйгээр багасгаж хийхийг зөвшөөрсөн бөгөөд Монголын үндэсний түүхийн музейд ийм жижиг далбаа хадгалагдаж байгаагийн нэг нь Цэцэн хан аймгийн Улхан харуулын захирлын далбаа юм.
Ийнхүү монголчууд тусгаар тогтнолоо тунхагласнаа туг далбаандаа тусгаж байсан боловч 1915 оны гурван улсын гэрээгээр Гадаад монголыг Хятадын автономит болгосон. Гэтэл 1919 онд хятадын цэрэг автономийг устгалаа.Ийм нөхцөлд монголчууд эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцлээ үргэлжлүүлж, амжилт олох арга зам эрэлхийлж байв. Энэ үед байгуулагдсан нууц хоёр бүлэг Сюй Шүжэний хашаанд наалдуулсан бичигтээ " одоо үед иргэнийг засах, олныг амар болгох нь гагцхүү эрдэмтнийг харгалзан хэрэглэхэд сүслэх бөгөөд ер угсааг дагаж, хошууны засаг залгамжлуулахыг нэгмөсөн устгаж, одоогийн эрдэм ухаангүй засгийг халж, дэлхий дахины олон гадаад улсын адилаар сонгож байгуулах засгийг явуулж, бидний ядмаг монголчуудын хэлхээ журмыг илэрхийлж, засаг цаазыг залруулан тохинуулахыг эрмэлзэж" хэмээн үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцлийг төр засгийг халах зорилготой холбон тавьжээ. Хоёр бүлэг 1920 оны YI сард нэгдэн МАН-ыг байгуулахдаа баталсан Тангарагийн бичигтээ 1911 оны адил үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо олох, юуны өмнө автономийг сэргээх, цаашдаа бүх монгол үндэстний нэгдсэн улс байгуулах зорилт тавьснаас гадна "дотоод засгийг үнэн сэтгэлээр сайжруулан засамжилж ядуу доод ардын тусыг туйлаар бодох ба өөрийн дотоод эрхийг өнө үүрд сахиж дарлах дарлагдахын зовлонгүй аж төрөх" нийгэм улс төрийн ардчилсан үзэл баримтлал дэвшүүлсэн байна. МАН үндэсний эв нэгдлийг чухалчилж, Богд Жавзандамба хутагт болон лам ноёдын бүлэгтэй холбоотой байв. Богд АНУ, Японоос тусламж хүсч тамгатай бичиг илгээхэд хувьсгалчид мөн ЗОУ-аас тусламж гуйх бичигтээ Богдын тамгыг даруулсан байна.
МАН-ын төлөөлөгчид Эрхүүд очоод, ЗОУ-ын Гадаад хэргийн ардын комиссариатын Дорнод хэлтсийн хүсэлтийн дагуу байгууллагынхаа ойрын ба хэтийн зорилт, түүний дотор нийгмийг өөрчлөх асуудлыг лавшруулан тодорхойлж, намын тамгаа дарсан бичиг өгчээ. Ингээд ЗОУ-аас тусламж авахаар болж, большевик хувьсгалчид ч үзэл бодлоороо нөлөөлж байв. Энэ үеэр Барон Унгерн Монголд нэвтэрсэн нь большевикуудад мөн монголд орох боломж олгосон. Хувьсгалчид 1921 оны III сард зөвлөлгөөн хийж, гадаадын цэргээс газар нутгаа чөлөөлөх хэрэгт эх оронч бүх хүчинтэй нэгдэн монгол үндэстэн бүгдээр нийлж нэг улс болох, засгийн эрх мэдлийг ард түмэнд шилжүүлэн авч ардын эрхт сонгуулийг эрхэлсэн гүрэн байгуулбал зохино гэсэн ардчилсан агуулгатай гол чиг баримтлалаа тодорхойлсон. Эдгээр үндэсний ардчилсан зорилтын дор 1921 оны хувьсгал өрнөлөө.
МАН ардын журамт цэрэг байгуулж, Оросын улаан цэрэгтэй хамтран хятад, цагаантнаас монгол нутгийг чөлөөлсөн. Ардын журамт цэрэг хувьсгалт ёсны ардын төр байгуулах, улс үндсээ мандуулах, шашин суртлаа бадруулах үзэл санааг илэрхийлсэн монгол үсэгтэй улаан, түвд номын үсэгтэй шар туг мандуулан явжээ. Тусгаар тогтнолын бэлгэдэл соёмбо аль алинд нь байсан улаан, шар хоёр туг хадгалагдан үлдсэн эсэх нь тодорхойгүй байна. Ардын журамт цэргүүд харийн дайсантай тулалдахаар мордохдоо 1911 оны Монгол улсынхаа туг далбаагаа авч явсан байна. Манай музейд хадгалагдаж үлдсэн Сэцэн хан аймгийн Бүгд захирагч даргын туг, ангийн туг зэрэг шар туг далбааг Пунцаг, Бумцэндийн хорооны цэргүүд авч явжээ. Ил хязгаараас нүүн ирж, Монголын хойд хилийн дагуу амьдарч байсан Сумьяа бэйс, Дэмбэрэл нар 1912 онд хятад цэрэгтэй байлдахдаа авч явсан тугаа 1921 онд Хиагтыг чөлөөлөх тулалдаанд мөн мандуулж явсан тухай мэдээ байдаг.
Хувьсгалчид ардын эрхт, хэмжээт цаазат хаант засагтай тусгаар тогтносон Монгол улсыг байгуулан, YII сарын 11 -нд баяр ёслол хийсэн бөгөөд жилийн дараа хувьсгалын ойг тэмдэглэх үед "тууз, хялгас, бөс даавуу, цулгуй, эрээн мяраан туг байсан" тухай Оросын хувьсгалч Сороковиков бичсэн байна.
Яаж оршин тогтнож хөгжих вэ? (1921-1928 он)
Энэ асуулт засгийн эрх авсан хувьсгалчдын өмнө тулгарлаа. МАН "Монгол үндэстний ард амьтны үүрдийн жаргал ба урагш давшихыг гол болгох" зорилго тавьсан нь бүгдэд ойлгомжтой байв. Харин хэрхэн давших талаар хувьсгалчид анхнаасаа санал зөрөлдөөнтэй байлаа. Нийслэл Хүрээнд нийгмийн бүх давхаргыг хамарсан Түр цагийн хурал байгуулж, угсаа залгамжлан хамжлага захирах ёсыг халж, орон нутагт ардын төлөөлөгчдийн хурал байгуулсан. Бага сургууль, шинжлэх ухааны анхны байгууллага, музей зэргийн эх тавигдлаа.
Хятад урьдын байр сууриа тавихгүй хэвээр. ЗХУКН, Коминтерн дэлхийд коммунист хувьсгал ялна гэж найдсаар байсан тул хятадад хувьсгал өрнүүлэх, нэгэнт хувьсгал ялсан, газар нутаг байрлал нь чухал Монголыг Дорно дахинд хувьсгал өрнүүлэх бааз суурь болгохыг зорьж байв. Тиймээс ЗОУ Монголын засгийн газрыг хууль ёсны хэмээн хүлээн зөвшөөрч 1921 онд хэлэлцээр байгуулсан хэрнээ 1924 онд Монголыг БНДИУ-ын салшгүй нэг хэсэг гэж зөвшөөрсөн хэлэлцээр Хятадтай байгуулжээ. Оросууд өргөн автономитай болох эсэх өөрсдөөс нь хамаарна гэж монголчуудад ойлгуулж байв.
Коминтерн хувьсгалчдын санал зөрөлдөөнийг хурцатган нэг хэсгийг нөгөөгийн нь эсрэг турхиран үзэл бодлоо тулгаж эхэллээ. Намыг хувьсгалт гэж нэрлэх эсэх талаар маргаан гарч, 1922 оны эхээр гадаадад явуулах бичигт МАХН-ын Төв Хороо гэх, дотооддоо МАН-ын Төв Хороо гэж бичихээр болжээ. Энэ үеэр буюу 1922 оны III сарын 11-ний өдрийн Намын Төв Хорооны Тэргүүлэгчдийн хурлаар, 1920 оны ҮI сард Бодоогийн хийсэн модон тамгыг халж, МАН-ын Төв Хорооны тамга хэмээх үсэг бүхий болд тамга үйлджээ. Нэрний асуудал дээр харилцан буулт хийсэн боловч Коминтерний бодлогыг дагаагүй хүмүүсийг цээрлүүлж эхлэн 1922 онд Д. Бодоог цаазаллаа. 1923 оны II сард Д.Сүхбаатар гэнэт нас барлаа. Түүнийг нас барахаас нь 2 сарын өмнө Цэргийн яамны сайдаас чөлөөлсөн байв.
1924оны Ү сард Богд хаан нас нөгчлөө. Коминтерний зүгээс Намын III их хурал дээр үндэсний ардчилсан чиг шугамыг өөрчлөхийг оролдож, хурлын дарга С.Данзанг баруунтан хэмээн буруушааж цаазлав. Хурал ид хуралдаж эхэлсэн үед буюу 1924 оны YIII сарын 11-нд Коминтерний Гүйцэтгэх Хорооны тэргүүлэгчдийн хурлаар монголын асуудлыг тусгайлан хэлэлцэж, МАН-ыг большевик болгох үзэл санаатай тогтоол баталжээ. Энэ тогтоолд анх удаа үндэсний ардчилсан үзэл санааг баримталж байсан нам төрийн удирдагчдыг "баруунтан " нэрлэжээ. Удалгүй Улсын Анхдугаар их хурлаар хаант ёсыг халж, Бүгд Найрамдах засгийг тогтоож, анхны Үндсэн хууль баталлаа. Хурлын төлөөлөгчдөд коммунизм байтугай бүгд найрамдах засаглалыг ойлгуулахад амаргүй байв. Үндсэн хуулийг урьдын Чингисийн "Их засаг" хуультай зүйрлэн тайлбарлаж байж батлуулжээ.
Шар туг орхигдож, улаан өнгийн төрийн далбаатай боллоо. Үндсэн хуульд "Улсын сүлд тэмдэг дор дээр дурдсан соёмбо үсэг, түүний доод этгээдэд бадмалянхуа цэцгийн зураг бүхий сүлд тэмдэг хэрэглэн явуулбаас зохимой. Улсын туг далбааг улаан өнгөтэй бөгөөд дунд дор улсын сүлд тэмдгийг оруулан үйлдүүлж гүйцэтгүүлбээс зохимой" гэсэн байна. Мөргөлийн үсэг болон уламжлалт бэлгэдэл үгүй болсон байна. Үндсэн хуулийн эхэд далбааны өнгийг ямар учраас сонгосноо: "...эдүгээгийн бүх дэлхийн ардын их хувьсгалын үед улаан өнгийг нэн чухал болгохын дээр бидний монгол болбоос нэгэнт ардын их хувьсгалын хүчээр гадаад, дотоодын эзэрхэг харгис этгээдийг устгаж, бүгд найрамдах жинхэнэ ард улсын засгийг явуулсан учир, тийнхүү улсын туг далбааг улаан өнгөтэй бөгөөд дундад нь улсын сүлд тэмдгийг оруулан үйлдүүлж гүйцэтгүүлвээс зохимуй хэмээн тодорхойлон тогтоосон нь болой" гэж тайлбарласан байна. Ийнхүү улаан дэвсгэр дээр соёмбо бадмалянхуа бүхий сүлд тэмдэг байрлуулсан нь ардын хувьсгал мандан, эрх чөлөө, тусгаар тогтнол цэцэглэн хөгжих үзэл санааг илэрхийлжээ.
Хурлын төлөөлөгч Гонжоо шинэ тугийнхаа тухай:
Улаан тугийг мандуулаад улсын сүрийг бадруулангэсэн дуу зохион дуулжээ.
Улсын их хурлыг Улаанбаатар хотноо нээв ээ хө
Улаан тугийг мандуулаад Улсын дайсныг сэргийлье
Урван тэрсэлсэн харгисуудаар улаан тугаа тайяа хөө
1925 онд хуралдсан МАН-ын бүгд хурлаас МАН-ыг албан ёсоор МАХН гэх болсон ч коммунист болгож чадаагүй. Ерөнхий сайд Цэрэндорж зэрэг ардын засаг, намын удирдлага үндэсний эрх ашигт нийцүүлэн улсаа хөгжүүлэх, олон улсын харилцааг өргөтгөх бодлого явуулж байв. 1926 онд өмч хөрөнгийг арвитгах, бүгд чинээлэг амьдрах хүслийг тусгасан "Баяжигтун" хэмээх лоозон гарсан. Өмчийн янз бүрийн хэлбэр хөгжиж, хятад, англи, америк, герман зэрэг гадаад орны болон монгол худалдаачдын тоо өсөв.
Оросын коммунист намын удирдлагын тэмцэл хурцдаж, хэсэг хугацаанд хэт большевик үзлийг шүүмжилж байсан нь аятай нөхцөл бүрдүүлж байсан хэдий ч Коминтерн "Монгол улсын тусгаар тогтнол, бүтээн байгуулалтад шаардагдах туслалцааг авахын тул түүний бодлогыг ягштал хэрэгжүүлэх ёстой " гэсэн тогтоолыг МАХН-ын Төв Хороонд өгч байжээ. И.В.Сталин 1920-иод оны сүүлчээр ЗХУКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга болонгуутаа өөртэй нь санал зөрөлдөөнтэй байсан бусад удирдагч нарыг зайлуулж, Орост нэг хүний дарангуйлал тогтоолоо. Яг энэ үеэр Коминтерний төлөөлөгчид монголд төрийн эргэлт хийлээ. Тэд хөдөөнөөс ирсэн болон орост сургууль төгссөн хүмүүсийг зохион байгуулж, 1928 оны МАХН-ын YII их хурал дээр намын удирдлага дахь "баруунтан " буюу үндэсний ардчилсан үзэлтнүүдийг нам төрийн удирдлагаас гэнэт зайлуулсан юм. Энэ хурлаас хоосон ядуу, дунд жинхэнэ ард ангийг түшиж, коммунист нийгэм байгуулах шийдвэр гаргасан.
Коммунизм, шинэ өөрчлөлтүүд, хэлмэгдүүлэлт
1930-аад он
1920-иод оны сүүлчээр ЗХУ-д чинээлэг тариачдын хөрөнгийг хурааж, бүх тариачдыг хамтралд оруулан коммунизмыг байгуулах туршилт явуулсан бөгөөд энэ туршилтаа монголд тулгав. Угсаа гарлаараа тайж язгууртан, хуучин түшмэл болон жирийн чинээлэг хүмүүсийг "ардын дайсан" хэмээн хөрөнгийг нь хурааж, нилээдийг шоронд хийв. Хүн бүрээс "ард уу тайж уу?" гэж асуудаг болсноос ийм үгтэй дуу ч гарчээ. Малчдыг хүчээр хамтралд оруулж, малыг нь нийтийн өмч болгон үрэн таран хийж байлаа. 1929 онд Зөвлөлтийн худалдаанд онцгой эрх олгон, бусад орны болон хувийн худалдааг хориглон, гадаад худалдаанд улсын онц эрх тогтоосноор ертөнцөөс таслагдав. Монголд таваарын хомсдол үүсч, улс төр эдийн засгийн хямрал нүүрлэлээ.
Энэ байдлыг эсэргүүцэж Ховд, Өмнөговь, Говь-Алтай, Дорноговь, Дорнод зэрэг аймгуудын 30 мянга гаруй хүн хил даван нүүсэн. Засгийн газар тэдний заримыг буцааж байтал, Увс аймгийн Төгсбуянтын Хүрээнд зэвсэгт бослого гарч, 1931,1932 онд Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Завхан, Говь-Алтай, Өмнөговь аймгуудыг хамран өргөжлөө. Бослогод лам, ноёд төдийгүй энгийн ардууд, албан хаагчид, нам эвлэлийн гишүүд оролцсон. Буу, бороохой, шийдэм барин боссон хүмүүсийн эсрэг Улаанбаатараас байнгын армийн нисэх онгоц, их буу, танк зэргээр зэвсэглэсэн отрядуудыг явуулж дарлаа. Бослогод 325 мянган хүн ам (монголын нийт хүн амын 45%) бүхий 4-н гол аймгийн хүн ард оролцсон байна. Оросын Коммунист нам, Коминтерн түр ухарлаа!"
Улсын Бага Хурлын даргаар А.Амар сонгогдож, Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайдаар П.Гэндэн томилогдсон. П.Гэндэн "Баяжигтун" хэмээх лоозон дахин гаргаж ирлээ. 1930-аад оны эхэн үед олон шинэ зүйлийн суурь тавигдсан жилүүд байв. 1933-1934 оноос Оросын тусламжаар Аж үйлдвэрийн комбинат, Хатгалын ноос угаах үйлдвэрийг байгуулж, мал аж ахуйн түүхий эдийг үндэсний үйлдвэрт боловсруулж эхэлсэн. Төв цахилгаан станц, радио, авто өртөө зэрэгтэй ч болжээ. Хөдөө орон нутагт тусгай гэр барьж, малчдад улс орны байдал, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэндийн сурталчилгаа хялбаршуулсан байдлаар хийж байлаа. Анхны цэцэрлэг байгуулагдаж, эмнэлгийн тоо нэмэгдлээ. ЗХУ-ын экспедици хүн малыг эмчилж, урьдчилан сэргийлэх тарилга хийж байв. Чухам энэ үед эх орон, хувьсгалын сэдэвтэй уран зохиол, театр, кино урлаг хөгжсөн. Үндэсний боловсон хүчин дутагдан бэлтгэж эхэллээ. Улаанбаатар хотод уламжлалт эхнэр хувцас өмсөх нь багасч, хотын албан хаагч, шинэ сэхээтнүүд костюм, бүрх малгай, пальто, савхин гутал зэрэг европ хувцас өмсөн гангарч байв.
Улсаас нийт хүн амыг бичиг үсэгт сургах кампанит ажил өрнүүллээ. Бичиг үсэгтэй хүнд хэд хэдэн хүн сургах даалгавар өгч байв. Эртний уламжлалт бичгээ 1931 онд латин үсэгт суурилсан монгол бичгээр солих гээд чадсангүй. Шинээр байгуулагдсан, төлбөргүй бага сургуулийн багш нар малчдыг ятгах, албадах зэргээр хүүхдийг нь цуглуулдаг баив. Сүм хийдэд шавилан суусаар байсан хүүхдүүдийг 1933 оноос гэрт нь буцаах хүртэл арга хэмжээ авчээ.
Монголын гадаад байдал эрс муудав. ЗХУКН-ын удирдлага, монгол дахь зөвлөх сургагч нар "Хувьсгалын эсэргүү", "япон тагнуул" нар байсаар байна гэж айдас түгшүүрийн орчин бий болгож байв. 1933 онд "Лхүмбийн хэрэг" гэгчийг сэдэн 317 хүнийг шийтгэж, 126 хүнийг Орост цөлж, 1917 оны хувьсгалын дараа Монголд дүрвэн амьдарч байсан буриадын 400 өрх айлыг буцаахаар шийдвэрлэжээ. И.В.Сталин лам нараа устгавал тусгаар тогтнолоо хамгаалахад чинь туслана гэж Монголын ерөнхий сайд Гэндэн, Амар нарт тулгаад, дуулгавартай байсангүй хэмээн тэднийг ЗХУ-д аваачин цаазалсан юм. Уламжлалт өв соёлыг хадгалагч сүм хийд, лам нарыг хүчээр устгалаа. 1936 онд Дотоод явдлын яам байгуулан сайдаар нь Х.Чойбалсанг тавьж, "манай хувьсгалын гавьяат удирдагч" гэж өргөмжлөн маршал цол олгож, засаг төр намын удирдлагыг 1952 он хүртэл атгуулсан байна.
ЗХУ-ын Дотоод явдлын яамны гаргасан бүртгэлийн дагуу 1937 оны IX сарын 10-наас эхлэн олон хүнийг хоморголон баривчилсан. Энэ хар өдрийг өнөөдөр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хундэтгэх өдөр болгон тэмдэглэж байна. Их хэлмэгдүүлэлт нийгмийн бүх давхаргыг хамарсан юм. Зохиолч, эрдэмтдийн бүтээлийг хориглон шатааж байв. Хэлмэгдсэн хүний гэрэл зургийн оронд өөр зураг нааж эвлүүлэх явдал газар авч түүхийг гуйвуулж байсан нь МҮТМ-н сан хөмрөгт баримт болон үлджээ. Албан ёсны бүрэн бус мэдээгээр1933-1953 онд 36 мянга шахам хүн улс төрийн хилс хэлмэгдүүлэлтэд өртсөн байна. Ийнхүү улс төрийн дарангуйлал, захиргаадал, нэг үзэл суртлын ноёрхол, өв уламжлалаа үгүйсгэх, үг хэлэх эрх чөлөөгүй байдлын эх тавигдлаа.
Төрийн шинэ далбаатай болсон нь
Японы милитаристуудын өдөөсөн 1939 оны Халх голын дайнд монгол, зөвлөлтийн цэргийн хамтарсан хүч ялав. Түүний дараа XI сард Х.Чойбалсан ЗХУ-д айлчлах үеэр 1940 онд батлах БНМАУ-ын шинэ үндсэн хуулийн талаар зөвлөлтийн удирдлагатай ярилцсан байна. Сталин шинэ сүлдийн төслийг үзээд "мал олонтой гэдгээ харуулахын тулд сүлд чинь голдоо морьтой хүнтэй түүнийг тойрсон янз бүрийн малын дүрстэй байвал зохино" гэж зөвлөжээ. Түүний зөвлөснөөр шинэчлэн баталсан улсын сүлдийг төрийн тугийн төвд байрлуулан, хоёр талаар нь "Бүгд Найрамдах Монгол Ард Улс " гэж бичихээр тогтоосон байна. Урьдын дөрвөлжин улаан далбааг 2:1 хэмжээтэй гонзгой хэлбэртэй болгов. "Соёмбо" сүлд хассан тухай Х.Чойбалсан тайлбарлахдаа " монголын аж ахуй тусгагдаагүй" гэжээ.
Дэлхийн II дайны сүүлчээр Ялта хотод болсон гурван их гүрний тэргүүн нарын бага хурлаар БНМАУ-ын статус-квог (оршин байгаа байдлыг) хэвээр үлдээнэ гэж тохиролцсон байна. Дээрх шийдвэрийн дагуу Дундад Иргэн улсаас монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх асуудлаар ЗХУ ба Хятадын хооронд хэлэлцээ хийгдэх үед Монгол улсын төрийн далбааг бий болгох шаардлага зайлшгүй тавигдсан. Х.Чойбалсан эрдэмтдийн саналыг ойшоож 1945 оны ҮII сард шинээр батлагдсан Монгол улсын төрийн далбаан дээр тусгаар тоггнолын бэлгэдэл Соёмбыг сүлд тэмдэг болгон дахин мандуулахыг зөвшөөрчээ.
Сталин "Хэрэв БНМАУ-ын тусгаар тогтнолыг Хятадаас хүлээн зөвшөөрөхгүй бол бид Японтой байлдах" үүргээ (мөн гурван гүрний хурлаар ЗХУ-ын хүлээсэн) биелүүлэхэд бэрхшээлтэй болно гэж Хятадад мэдэгдээд Чойбалсанг Москвад урьж эдгээр асуудлыг хэлэлцсэн байна. Чойбалсан Москвагаас яаралтай буцаж ирмэгцээ "Улсын далбааны маяг найрууллыг батлах тухай" асуудлыг Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар ҮII сарын 9-нд хэлэлцүүлж, алтан таван хошуу, алтан соёмбо бүхий улаан, цэнхэр, улаан хосолсон өнгөтэй төрийн далбааны тодорхойлолтыг батлуулжээ. Хувьсгалын бэлгэдэл болсон улаан өнгө зонхилсон, монголын төрийн уламжлалт бэлгэдэл болох хөх цэнхэр өнгө оролцсон далбааг буй болгохдоо сүлд тэмдгээс соёмбыг хэвээр үлдээн тугны эхэнд байрлуулж бадмалянхуа цэцгийг хасч, хувьсгалын утга чанар бүхий таван хошууг нэмжээ. Ийнхүү төрийн туг далбааны одоогийн үндсэн хэв маяг тогтож, 1960 оны Үндсэн хуулиар бататган тогтоосон байна. Ийнхүү улсын сүлд далбаанд 1921 оны хувьсгалаас хойших улс төр, нийгэм эдийн засгийн өөрчлөлт, социалист нийгэм байгуулах МАХН-ын тухайн үеийн зорилт тусгагдсан юм.
No comments:
Post a Comment