Монгол нутагт оршин суусан элдэв аймаг, бүр МЭӨ хоёрдугаар мянган жилийн үед Хятад оронтой хэлхээ холбоотой байсан тухай товч мэдээ Хятад сурвалж бичигт бий. Их гүйцэд мэдээ гарах болсон нь МЭӨ 4-3 дугаар зууны үе бөгөөд тэр үед Хятадын хойд хязгаарт Хүннү, Дунху гэдэг аймгийн хоёр холбоо бүрэлджээ.
Хүннү нарын аймгийн холбоо нь МЭӨ 3-р зууны эцсийн арван онд нэлээд хүчийг олсон нь ардын бослого гарцгааж сурвалжтаны бүлгүүд засгийн эрхийн төлөө хоорондоо тэмцэлдэж байсан хүчирхэг хөрш Хятад орныг сулруулсан явдал нь түүнд зарим талаар дөхөм болжээ. Тэр үед бүрэлдэн байсан хүннү нарын нийгмийн байгуулал нь анхны хүй нэгдлээс нийгмийн байгуулалд шилжин бүхий үе байжээ. Хүннү нарын аймгийн байгуулалтын улс төрийн хэлбэр нь хожим болтол буюу хүннү нарын хүчирхэг чадал манай эриний 1-р зууны үед доройтох хүртэл хэвээр байсан цэргийн ардчилал юм. “Цэргийн ардчилал” байгуулал улс төр тогтоох буюу ангит нийгэм тогтохын шууд угтуул нь болдог юм.
Хүннү нар эрх мэдэл нь үе улиран , тухайн нэгэн овогт бат оршин, эцгээс хүүд нь шилжүүлдэг байжээ. Аймгийн холбооны тэргүүнд эзэн-шаньюй байдаг агаад МЭӨ 3-р зууны үеэс түүнийг аймаг буюу зонхилогчдын зөвлөлөөр сонгохоо нэгэнт больсон байжээ. Аймгийн сурвалжтан ноёд ялгаран гарч Зонхилогчдын зөвлөл байсаар боловч шийдвэртэй алхам хийдэггүй байв. Өөрийн эцэг Түмэн Шаньюйг алж МЭӨ 209 онд Засгийн эрхийг булаан авсан Модун Шаньюй зонхилогчдоос зөвлөгөө авдаг байсан боловч заримдаа тэднийг тоодоггүйгээр үл барам, хэрэв зонхилогчдыг саналыг нь эс зөвшөөрвөл “толгойгий нь ав” гэж тушаадаг байжээ. Модун Шаньюй хаан ширээ булаасныхаа дараа реформ хийж түүгээрээ хүннү нарын сурвалжтаны үе улирах эрх мэдлийг бэхжүүлжээ.
Хүннү нарын мэдэлд орсон газар нутгийг гурав хувааж, нэг хэсэг нь Модун Шаньюйгийн харьяат нарын нутаг болж, нөгөө хоёр хэсэг нь зүүн баруун этгээдийн ноёд: Жуки ван, Лули ван нарын тэргүүлсэн газар болжээ. Зүүн этгээд солгой талаа ахмад тал гэж үздэг байжээ. Ер нь Шаньюйн ширээ залгамжлагч нь зүүн этгээдийн Жуки ван байдаг байжээ. Тэр хоёр ван элдэв цолтой үе залгамжилдаг зонхилогч түмний ноёдыг захирдаг байжээ. Тийм зонхилогч 24 байсны тус бүр нь нэг түмэн морин цэрэгтэй байжээ. Түмний ноёд, мянгат, зуут, аравтын дарга нарыг томилон захирах, тушаах хэргээ гүйцэтгэдэг байв. Хүннү нарын их сурвалжит овог: Хуянь, Лань, хожим гарсан Сюйбу гурав байжээ. Тэдгээр овогоос үе залгамжилдаг ноёд, цэргийн том дарга дэвшин гардаг байлаа. Хүннү нарын сурвалжтаны эрх мэдэл үе залгадаг байсан нь овог аймгийн харилцаа задарч ангит нийгэмд шилжин бүхийн тэмдэг билээ.
Хүннү нарын аймгийн холбоонд аж ахуйн хэлбэр нь бүдүүн баараг байв. Хүннү нар нүүн аж төрж мал аж ахуй эрхэлдэг байсан тул газар тариаланг огт мэддэггүй байсан гэж сурвалж бичгүүдэд тэмдэглэсэн байдаг. Аймаг бүрийн нүүж буух нутаг нь багцаа тоймтой байжээ.
Хүннү нар үхэр бог мал олонтой, зарим нь тэмээ, илжиг, адуу үржүүлдэг байсан байна. Хувцас хүнсний хэрэглээг мал аж ахуйгаас гардаг зүйлээр үндсэнд нь залгуулж, үр тарианы бүтээгдэхүүн, гар үйлдвэрийн эд эдлэл, аймгийн сурвалжтаны гоёл чимгийн юмсыг суурьшмал хөрш орон, гол төлөв Хятад орноос авдаг байжээ.
Бичиг үсэг бий болох явдал үйлдвэрлэлийн хөгжиж, анги гарч улс төр бэхжихтэй ямагт холбоотой байдаг. Гэтэл МЭӨ 3-р зууны Хүннү нарт бичиг үсэг байхгүй байсан нь тэр үед хүннү нар анги хөгжсөн нийгэм, гүйцэд бүрэлдэн тогтсон улс төртэй байгаагүйг гэрчилж байна.
Анхны хүй нэгдлийн харьцаанаас ангит нийгэмд шилжсэн цагийн нийгмийн хөгжлийн шатанд байсан хүннү нарт дайн, байнгын ажил нь байжээ. Энэ бол гагцхүү Хүннү нарт ч хамаатай бус, хөгжлийн тийм шатанд байсан бусад аймагт ч ийм шинж илэрдэг байсан юм.
Хүннү нарын Модун Шаньюй, түүний хойчийг залгагсад хөрш орнуудтайгаа сэгхийлгүй дайтдаг байжээ. Модун МЭӨ 209 онд дунху аймгуудыг гэнэт довтолж дийлээд, газар хүн хөрөнгий нь түрэмгийлэн авчээ. Нэг хэсэг дунху нар Модунд захирагдах болж , түүнд захирагдахгүй гэсэн нөгөө хэсэг дунху нар нь хойд зүгт зугатаж, Онон, Хэрлэн, Өргөнө мөрний газрыг эзлэн суужээ. Дунхугийн гол олонх нь Ляо /Луух/ голын эхэнд шилжин нүүжээ. Модун цаашдаа баруун зүгт Юэчжи аймгийг бут цохиж, өмнө зүг Ордосоор нутагласан аймгуудыг эзлэн бүр Цинь улсын /МЭӨ 246-207 оны/ үед Хятадын жанжин Мень Тяний, хүннү нараас булаан авсан газрыг эргүүлэн аваад, хойд зүгийн хэд хэдэн аймгийг эзлэн авчээ.
Хүннү нарын байн байн дайтаж байсан олон дайн нь үе залгадаг сурвалжтан ялгаран гарч эрх мэдлээ булаацалдан, эрх мэдлээ бүх аймгийн эсрэг тавихад том үүрэгтэй байжээ.
Модунгийн үед хүннү нарын аймгийн холбоо нь өргөн уудам нутгийг эзэлж маш хүчирхгийн туйлд хүрчээ. Хүннү нарын нутгийн хил нь баруун зүгт
Дорнод-Туркестаны хот-улсууд, зүүн зүгт дунху аймгууд нутаглаж байсан Ляо голын эхэн газар, өмнө зүгт хятад /одоогийн Шаньси, Ордос/ нутаг бөгөөд Хятад Хүннү нарын хил нь Түмэн газрын цагаан хэрэм дагуу байж, хойд зүгт хүннү нарын нутаг Байгаль нуур хүрч байлаа. Дээрмийн дайн хийж нутгаа тэлж өргөтгөсөн хүннү нарын амжилтанд нэг талаар бусад нүүдэлч нарын нэлээд сул дорой байсан гадаад зохимжтой нөхцөл, Хятад орон дахь дажин хямрал ихтэй байснаар тийм завшаан нээгдэж, нөгөө талаар тэр амжилтанд хүннү нар эртний хорезмуудын жишээгээр хүнд зэр зэвсэгт морин цэрэг хэрэглэх болж бас хүннү нарын цэрэг аймгийн байгуулалт тус дөхөм болжээ.
Зэр зэвсэгт гарсан шинэ зүйл нь чин бат бэгтэр хуягийг хүн морь хоёрт хэрэглэж, бас мориноос гинжээр торгосон довтлох урт жад хэрэглэсэн явдал даруй мөн. Хүннү нарын холбооны цэрэг аймгийн байгуулалт нь дээр заасан ёсоор бүх аймгаа байлдааны нэгж, арван, зуун, мянган, түмэн гэдэн хуваариар хувааж, цэргийн сургууль үргэлж хийлгэдэг байжээ. Тийм байгууламж нь цэргийн хүч зузаатгах бэлтгэлтэй болж, аймгийн бүх эрчүүдийг байнгын цэрэг болгосон гэсэн үг юм. Модун Шаньюйн байлдан дагууллын улмаас хүннү нарын аймгийн холбоо нь монгол, хамнига, тюрк гарлын элдэв аймгийг хамран багтаажээ. Өмнө зүгт хүннү нарын захиргаанд нэг хэсэг хятад хүн байжээ. Хүннү нарын үргэлжийн довтолгоонд эрсдэн нэрвэгдсэн Хятадын Хань улс хүннү нарын аргадаж үе үе бэлэг сэлт барьдаг байсан нь нэг ёсны алба байсан гэдэг. Модун Шаньюйг нас барснаас хойш / МЭӨ 174 онд/ дараачинй шаньюй нарын цагт 100 гаруй жилд хүнүү нарын холбооны дотоод аймгууд хоорондоо тулалдаж бас Хятадтай тэмцэлдэж байлаа. Хятадад харьяалагдаж Дунхугийн ухуань, Сяньби аймагтай тэмцэлдэн хүч нь суларсан өвөр хүннү нар монгол нутагт суусаар байжээ. Манай эриний 85, 87 онд Сяньби аймаг ар хүннү нарыг бут ниргэсэн учир тэд дахин сэхэж чадаагүй юм. Өвөр хүннү нар хятад цэрэгтэй хүч хавсран ар хүннү нарыг хэд хэдэн удаа хавчин тулж тэднийг бут цохижээ. Ар хүннү нар 93 онд аймгийн бие даасан нэгдэл болон тогтохоо больж нэг хэсэг нь хядуулж, амь гарсан нэг бум гаруй өрх айл, сяньби аймагт нэгдэж тэдний аймгийн нэртэй болжээ.
Өвөр хүннү нар МЭ 215 он хүртэл монгол оронд мэдэгдэхүйц улс төрийн роль гүйцэтгэж байгаад түүний дараачаар өвөр хүннү нарын нэг хэсэг нь бусад аймгийн дунд шингэж нөгөө хэсэг нь умард хятадын зүгт нүүн шилжжээ.
Wednesday, December 9, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment