Үйлчлүүлэгчдийг зөвхөн архиар угжих төлөвлөгөөтэй гэвэл буруудахгүй байх. Хоол зарах уу гэхэд нь “байхгүй архи л байна” гэдэг үйлчилгээний газрууд олон. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Захирагчийн ажлын алба, Цагдаагийн газрынхан саяхан шалгалт явууллаа. Гэтэл нийслэл дэх баарнуудын дийлэнх нь цагийн хуваариар ажилладаггүй болохыг илрүүлсэн байна. Дур мэдэн зоргоор авирлагчид ч их. Тусгай зөвшөөрөлгүй хэрнээ танил талдаа дулдуйдан ажиллаж байсан 26 газарт улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага өгч, зургаан газрын үйл ажиллагааг бүр мөсөн хаажээ.
Зөрчил дутагдалтай тэмцэж байгаа нь сайн хэрэг. Ялангуяа олон байгууллага нэгдсэн ийм арга хэмжээ өдөр болгон явуулдаг бол архидалтад цэг тавьж чадна. Тэд хууль зөрчсөн 181 аж ахуйн нэгж, албан тушаалтанд 2.8 сая гаруй төгрөгийн торгууль тавьж, зөрчил дутагдлыг арилгуулсан гэж байгаа. Мөн удаа дараа зөрчил гаргаж буй 230 гаруй аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох санал оруулсан гэсэн.
Өнөөх 2000 хүн тутам нэг архи борлуулдаг цэг байх дүрэм хаана байх вэ. Хуучин ажиллаж байсан дэлгүүрүүд ямар нэг аргаар тусгай зөвшөөрөл авчихсан байгаа нь хачирхалтай. Баар, зоогийн газар, караоке, билльяард ч ялгаагүй. Улаанбаатар 300 гаруй баар, 450 орчим зоогийн газартай. Үүнийх нь бараг тал хувь нь зөрчилтэй байдаг ажээ. Улаанбаатар хотод амьдарч буй иргэдийн 68 хувь нь залуучууд. Өөрөөр хэлбэл, 16-35 насныхан. Архи ууж байгаа хүмүүсийн 90 гаруй хувийг залуучууд эзэлж байгаа тухай статистик бий.
Энэ бүхэн монголчууд архин далайд живснийг нотлохгүй байна гэж үү. Үйлдвэр, худалдааны яамныхны гаргасан журмыг мөрдүүлэх гэж нийслэлийнхэн багагүй хичээсэн. Үндэслэл муутай, амьдралаас “тасархай” болохоор хэрэгжиж шалиагүйг одоогийн нөхцөл байдал харуулж байна. Хууль, зүй дотоод хэргийн яамныхан архидалтыг таслан зогсоож, сайдаас хаалгач нь хүртэл нарийн нягт хууль боловсруулаад батлуулна гэсэн яасан бэ. Одоо болтол сураг алга.
Бүгдийн нүдэнд дээр архидалт газар авч, хүүхэд залуус нь хордож байхад дарга даамлаа сольж, сонгуулийн шоунд оролцсон шиг ээ суух нь харамсалтай. Архинд орсон нэгнээ ад шоо үзэн, өөрийнх нь хохь хэмээн гадуурхаж суутал нэг л өдөр нийтээрээ архичин болчихсон, монгол гэдэг үндэстэн устах мөч ирсэн байх вий. Нухаж нухаж нэг хуулинцархуу юм гаргадаг. Тэр нь амьдралд хэрэгждэггүй, нэг хоёр хоноод мартагддаг байдлаар хэдий болтол явах юм бэ гэдгийг холбогдох нөхдөөс асуумаар байна.
330 мл шар айраг уусан бол стандарт буюу хэвийн хэмээн үздэг юм байна. Тэгвэл эрэгтэйчүүд долоо хоногт тав, эмэгтэйчүүд дөрвөн удаа л ийм хэмжээгээр спирт хэрэглэж болох аж. Үнэндээ нэг удаа бааранд орохдоо дөрвөн ширхэг 0.33 шилтэй пиво уугаад гардаг хүн тун цөөхөн.
Үүнийг хэрхэн яаж зохицуулах ёстой юм бол оо! Хуульчид нь мэдэхгүй, хяналт шалгалтынхан бүр таг. Архи шиг бидний амьдралыг эрх чөлөөтэйгээр бусниулан сүйтгэж буй өөр юу байна аа!
Wednesday, December 9, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment