Wednesday, December 9, 2009

Чингис хаанаараа бахархана гэдэг учиртай

Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулан хэлэлцүүлэг явуулж байгаа “Зууны мэдээ” сонины хамт олонд талархаж байна. Хэлэлцүүлгээр маш үнэтэй, чухал олон санаанууд гарч байгааг холбогдох хүмүүс нь анхаарч байгаа гэдэгт итгэж байна. Харин харамсалтай нь танай сониноос бусад мэдээллийн хэрэгслээр энэ тухай ерөөсөө ярихгүй, нөгөө л бахь байдгаараа улс төрийн хэрүүл, шуугиан, хов жив нийтэлсээр. Уг нь Чингис хаан, Их Монгол Улс, 800 жилийн ой гэдэг монголчууд бид бүхэнд бүгдэд нь хамааралтай баймаар юм. Мөн уг асуудлыг бичиж байгаа сэтгүүлч Б.Цогнэмэхэд талархаж байна. Ингээд Монгол Улсын жирийн нэг иргэн миний бие энэ хэлэлцүүлэгт өөрийн өчүүхэн хэдэн саналыг нэмэрлэе гэж үзэг цаас нийлүүллээ.



Дэлхийн улс гүрнүүд өөрийн улсыг үндэслэгч хаад, ихэс дээдсийнхээ гэгээн дүрийг хөшөө чулуунд мөнхөлж үеийн үед хүндлэн дээдэлсээр ирсэн. Монголчуудын хувьд ч гэсэн нийслэл хот, аймаг, сумын төвүүдэд төр нийгмийн зүтгэлтнүүд, улсын баатруудынхаа хөшөөг босгон хүндэлсээр байгаа билээ. Харин Их Монгол Улсыг үндэслэгч, суут хүн Чингисийн хөшөө Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод, Засгийн газрын ордны өмнө байх нь зүйтэй гэдэгтэй маргах хүн байхгүй биз ээ.
Харин ч бид Чингисийн хөшөөг төв талбайд байрлуулчихлаа гээд санаа амарч болохгүй. Яагаад гэвэл Чингис зөвхөн биднийх биш дэлхий дахины, мянганы хүн. Чингис хааныг манай гаригийн хоёр дахь мянган жилийн алдарт хүнээр тодруулсан. “Вашингтон Пост” сонин энэ тухай “Өнгөрсөн мянган жилд гарсан хамгийн том үйл явдал бол цэвэр нэг л үндэстэн дэлхий даяар сүр хүчээ бүрэн төгс илтгэж чадсан явдал бөлгөө... Тэр (Чингис хаан) болон түүний залгамжлагчид Европ-Азийг хамарсан чөлөөт худалдааны асар өргөн уудам бүс байгуулж өрнө-дорнын соёл иргэншлийн хэлхээ холбоог бэхжүүлж өгсөн юм. Yүнийг Дундад зууны үеийн GATT-ын тогтолцоо байсан гэж хэлж болно. Тэд интернэт бүтээхээс аль тэртээх 700 жилийн өмнө дэлхийг холбосон харилцаа холбооны сүлжээг анх бий болгосон байна. Чингис хаан хүн хүч шинэ арга технологийг сүлжилдүүлэн дэлхий ертөнцийг ойртуулж нягтруулсан” хэмээн өгүүлжээ. Мөн Оросын нэрт эрдэмтэн, монгол судлаач Л.Н.Гумилев “Дэлхийн дипломатууд Чингист зориулж хөшөө босгох хэрэгтэй. Яагаад гэвэл тэр (Чингис хаан) дипломат ёсыг анх бий болгосон” хэмээн хэлсэн байдаг.
Тэгвэл манай гаригийн алдарт хүн, чөлөөт худалдаа, интернэт, дипломат ёсыг үндэслэгч (үүнийг дэлхий даяар нэгэнт хүлээн зөвшөөрчихсөн) Чингис хааны хөшөө НYБ-ын өмнө сүндэрлэж байхад юу нь болохгүй гэж. НYБ угаасаа даян дэлхийд энх тайвныг тогтоох, олон улсын харилцааг ойртуулж нягтруулах зорилготой байгуулагдсан. Энэхүү зорилгыг нь аль тэртээ 700 жилийн өмнө гүйцэлдүүлсэн Чингисийн хөшөө НYБ-ын өмнө байх нь нэр хүндийг улам бүр өргөх бус уу.
Лал, христээрээ, өрнө, дорноороо хуваагдчихсан, бие биенээ үзэн ядсан, ямар ч дипломат ёс горимгүй дэлхий дахиныг нэгтгэж энх амгалан тогтоох амаргүй үүрэг Чингист оногдсон. Тэрээр энэхүү хэцүү бэрх бас агуу их үйл хэргийг цэрэг дайн, эв найрамдал, яриа хэлэлцээний арга замаар гүйцэлдүүлсэн. Тэгэхдээ эхлээд яриа хэлэлцээ, дараа нь цэрэг дайн гэсэн дараалал зарчим байсан аж. Чухам энэ л зарчим өнөөгийн НYБ-ын баримталж байгаа зарчим мөн билээ.

No comments:

Post a Comment